Жишээлбэл, баасан гарагийн орой.. Гэртээ эрт харимаар байдаг. Эсвэл найзуудтай уулзмаар байдаг. Гэтэл хийх ажил дуусаагүй. Бямба юм уу ням гарагт гэртээ хийчихье гээд аваад явахаар шийдэв ээ. За тэгээд флаш дискээ компьютертээ шургуулаад хуулах команд өглөө. Мөдгүй ээ.. цаг явсаар.. та өндөлзсөөр.. "Уг нь хэдхэн л мегабайт юм хуулж байгаа юм сан. Яасан удаж байна аа." гэж үглэж халагласаар..

Дээрхтэй төстэй тохиолдол зөндөө л тааралддаг.

Энд ямар алдаа гарсан бэ?

Алдааг шууд хэлэхээ азнаад бидний байнгын хэрэглээ "Copy Paste" команд хэрхэн хэрэгждэгийг тайлбарлая. Командыг програм л гүйцэтгэнэ. Тэрхүү програм дараах алгоритмаар ажиллана:

  1. хуулбар файлыг дискэнд үүсгэж, бичилт хийхээр нээнэ
  2. эх файлаас тодорхой хэсгийг компьютерийн санах ой руу уншина
  3. уншсанаа хуулбар файлд бичнэ
  4. хэрвээ эх файлд хуулагдаагүй мэдээлэл үлдсэн бол 2 дугаар алхам руу очно
  5. хуулбар файлыг хаана.

Мөн компьютерийн санах ойгоос тодорхой хэсгийг ашиглахаар хуваарилан авдаг бөгөөд үүнийг буфер гэж нэрлэдэг. Буферийн хэмжээг тухайн компьютерийн хүчин чадал болон тухайн үеийн ачаалалд тохируулан зөв заах нь хурдан хуулах нэг чухал нөхцөл болдог. Сүүлийн үеийн хүчин чадал өндөртэй компьютерүүдийн хувьд буферийн хэмжээ өндөр байх боломжтой. Нэлээд их хэмжээтэй файлын хувьд ч дээрх алгоритмын 2-оос 4 дүгээр алхмууд цөөн хэдэн удаа л давтагдана.

Одоо дээр ямар алдаа гарсан байх нь вэ? Энэ бол хуулах файлуудын нийт хэмжээ биш харин тоо нь ихэдсэн явдал юм.
Тайлбарлавал, файлын тоогоор алгоритмын 1 ба 5 дугаар алхмууд хэрэгжих ба энэ нь унших бичих хурд нь ганц хоёр мегабайтаас үл хэтрэх, мөн FAT файлын систем бүхий флаш дискний хувьд шаггүй цаг авна. Үүнээс гадна файлуудын хэмжээ жижиг бол өнөөх том буфер ямар ч хэрэггүй зүйл болж хувирна. Ёстой л бөөсөнд хутга гаргахтай адил болно доо.

Тэгвэл одоо яах вэ гэж үү. Хялбар арга бол Windows үйлдлийн системд байдаг "Send To \ Compressed (Zipped) Folder" командыг ашиглаж олон жижиг файлуудаа нэг цул том файл болгож байгаад хуулах явдал. Zip формат нь маш хурдан алгоритмтай тул файлуудыг шахах ба задлахад нэг их цаг зарцуулагдахгүй. Бас image төрлийн файлын форматыг ашиглах нь амар байдаг.

Туршаад үзээрэй. Хуулах хурд мэдэгдэхүйц нэмэгдэх болно.