Өчигдөр буюу 2020 оны 8 сарын 29-ний бямба гарагт Монголын дугуйн холбоо болон Монгол наадам цогцолбор хамтран зохион байгуулсан "Их насны хурдан морьдын уралдааны 25 км замыг дугуйчин та хэдэн минутад туулах вэ?" нэрэмжит "Даагаа нэхэх" сорилтод оролцож ангилалдаа 3 дугаар эзэллээ. Энэ нь гэр-ажил-гэр маршрутаар 3 км хэртэй зайд жийдэг миний хувьд санаандгүй амжилт болов. Мөн энэ нь зуны хугацаанд хэдэн удаа дугуйн аялалд явсаны үр дүн болохыг тэмдэглэвэл зүйтэй.

Бүртгэл

Бүртгэлийн хоёр дахь өдөр буюу сорилт тэмцээнээс хоёр өдрийн өмнө зарлал дээрх гар утсаар залгаж бүртгүүлэв. "Клуб, байгууллага юу вэ" гэсэн асуултад одоогоор ямар нэг клубын албан ёсны гишүүн биш тул ажлын газраа хэлж хариулав. Эцэст нь бүртгэлийн хураамж тушаах дансны мэдээлэл авав. Улмаар хураамжаа тушааснаар бүртгэл өндөрлөв.

Унадаг дугуйны бэлэн байдал

  1. Нэн тэргүүнд хойд тоормоз базахад арай хатуу байсны шалтгааныг олж засав.
  2. Бас Шоо дэлгүүрээс базуурны резин зөөлөвч авч хийв. Тэгэхгүй бол базуурны будаг арилсан тул гар бал болоод байсан юм.
  3. Мөн дугуйны хийгээ шалгав. Яагаад гэвэл сүүлийн хоёр долоо хоног дараалж дугуй хагарсан юм. Хоёулангийнх нь шалтгаан нэг ижил төмрийн үртэс байсан. Энэ нь нэлээн хэд хоногийн өмнө Гарвалжингийн төмрийн захаар явсантай холбоотой болов уу гэж тааж байв. Иймд сүүлийн нөхөөсийг тавихдаа гадараа овоо шалгасан.

Дээрх хэдээс гадна амартизатороо хэд хоногийн өмнө задалж цэвэрлээд тавьсан бас гинжээ тосолсон нь бараг тэр янзаараа байсан гэх мэтчилэн өөр хийгээд байх зүйл байсангүй. Гэвч эрсдлээс сэргийлж түлхүүрнүүд, насос, нөхөөс, тос зэргийг авч явахаар зэхэв.

Гэрээс гараа хүртэл

Гэр бүлээрээ явсан тул гэрээс нэлээд оройтож гарав. Иймд хурд хэтрүүлчих шахам явсаар Хүй долоон худагт очив. Тэгэхдээ гараа биш барианы газарт хүрч очсон болж таарав. Бидний яг өмнөхөн өөр нэг машин бас андуурч ирээд зогсоолын хаалт тулаад зогссон байв. Тэгээд тэр машины жолоочтой хамт Монгол наадам цогцолборын манаачаас уралдааны гараа хаана байгааг мэдэж аваад цааш давхив. Уг нь дугуйн холбооныхон FB page дээрээ гараа хаана гэдгийг постолсон юм билээ. Тэгэхээр ерөөсөө page-ийг нь ойр ойрхон шалгаж байх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт хийсэн дээ. Ийнхүү жаахан яаруу сандруу явсан ч гэлээ цагтаа амжиж очлоо. Очиход ид бужигнаж байв. Очингуутаа бүртгэлээ баталгаажуулж гарын үсгээ зурж, 144 гэсэн хувийн дугаар авав. Тэрхэн зуурт дугуйн аялалд явсаар танилцсан хэдэн нөхөдтэйгээ таарч мэнд усаа мэдэлцэв. Тэдний заримтай замд тааралдсан гэнэ. Намайг яваа гэдгийг миний шар дугуйгаар таньсан гэсэн. Үнэхээр ч зам зуурт унадаг дугуй ачсан машин хэд хэд тааралдсан юм. Бас дугуйгаа унасан хоёр эрэгтэй болон сүрэг эмэгтэйчүүд явж байв.

Бүртгэлээ баталгаажуулж, хувийн дугаараа авсаны дараа түр амсхийж унд хоол болов. Тэр үед бүртгэлийн хугацааг 30 минутаар сунгаж байгааг мэдэгдсэн тул яарч сандрах явдал үгүй болов. Дараа нь хувийн дугаараа дугуйндаа тогтоочихоод биеэ халаах байдлаар тэр хавиар зөөлөн жийв. Ингээд товлосон цаг болоход гарааны шугамд хүрч байр эзлэн жагсав. Олон дугуйчин байсан тул хоёр эгнээ бүр зарим газартаа овоорсон байдалтай жагссан байсан. Зохион байгуулагчид нийтдээ 160 гаруй дугуйчин оролцож байна гэж мэдээлсэнээс миний харьяалагдсан ангилалд 30 гаруй дугуйчин байв.

Гараанаас бариа хүртэл

Бүх ангиллын дугуйчид нэг дор бөөндөө гарсан тул гараа тэр гэхийн тэмдэггүй юм болов. Чихцэлдээд л шахцалдаад л арайхийж учраа олж цуварцгаав. Тэр алалцаан дунд өөр бусадтай мөргөлдөхгүйн тулд урдуур шахаж орсон ганц хоёр тохиолдолд тоормоз атгасан. Ерөөсөө дугуй доруйхан унадагууд нь л цугласан гэсэндээ мөргөлдөж, шүргэлцэж байгаа хүмүүс огт харагдаагүй. Эхнэрээсээ сүүлд сонсоход бөөн тоос шороо босоод л энд тэнд хүмүүс "соёолонгийн тоосонд даруулах" гэдэг шиг юм ярьж байсан гэсэн. Бас "замаа яаж харж яваа юм бол доо" гэж бодсон гэсэн.

Замын эхний хагас ерөнхийдөө алгуур өгсүүр, замын дундаас бараг уруу харин барианд орохын өмнөх хэдэн метр бага зэрэг өгсүүр юм билээ. Дөнгөж хөдөлсөний дараа хэсэг амьсгаадаад төд удалгүй амьсгал жигдэрч сайхан явсаар барианд орсон. Замын хувьд нэг их хүнд биш юм билээ. Шороон зам боловч орон нутгийн онцлогоо дагаад дэржигнүүр чулуу бага байв. Харин хааяа нэг тааралдах сул шороо, элс бас байсхийгээд тааралдах жижиг шалбааг, шавар шавхай л гайтай байв.

Гараанаас гарах үед "хөөх энэ хүмүүс чинь бүгд пижигнээд алга болох нь ээ" гэсэн бодол төрсөн. Ер нь бөөн гараа дундаас эрчтэй гарч сурахгүй бол уралдаж байгаа, хамаг хүчээ дайчилж байгаа хүмүүсийг дараа нь гүйцнэ гэдэг бэрх юм билээ. Сайхан жийгээд л явж байтал барианы бараа харагдаад бараг л яах ийхийн зуурт л уралдаан дууссан даа. Миний хувьд гүйцсэнээсээ гүйцэгдсэн нь олон байсан. Зарим нь хажуугаар бүр их эрчтэй гүйцээд урд орж байсан. Бодвол сайн жийдэг боловч гараандаа бүтэлгүйтсэн юм байлгүй. Ингээд яг өөрийн темпээрээ жийсээр байв. Хэн нэгэн гүйцээд ирлээ эсвэл урдах хүн ойртлоо гээд хэт хүчилсэнгүй. Бас мэдээж шааригдаагүй. Мөн элдэв эрсдэлтэй үйлдэл огт хийсэнгүй. Жишээлбэл сул чулуу, элс дээгүүр хурдаа жаахан хасаад гарсан. Зам зуурт ямар нэг шалтгаанаар зогссон хүмүүс мэр сэр тааралдаж байв. Тэдний нэг нь техник туслалцааны хүндээ "энэ ингээд л болохоо байчих юм" гэх нь сонсогдоод өнгөрсөн. Харин бусад нь яасныг бүү мэд. Бас зам зуурт усны сав тэргүүтэн нэлээд таарсан. Ачааны нэмэр гээд хаяж орхисон бололтой. Тийнхүү хаясан бас гээсэн юмсийг зохион байгуулагчид цэвэрлэдэг юм билээ. Барианд хүрсэн хойно нэг цамцны эзнийг сураглаад л байн байн зарлаж дуудаад л байсан. Гараанаас гараад хэсэгхэн явах зуурт урд явсан бөөн хүмүүсийн нэлээд нь алсран холдсон тул "за миний байр эзэлнэ гэдэг ч худлаа юм байна" хэмээн бодсон. Дараа нь жаахан сэхээ аваад ойролцоо яваа болон гүйцэж буй хүмүүсийн хувийн дугаар болон харагдах байдлаас нь өөр ангиллын дугуйчид байгааг ажиглав. Анхны тэмцээн болохоор энэ мэтчилэн туршлага дутах явдал ганц нэг гарсан.

Их насны морьдын уралдааны 25 км зам гээд уралдах замын урт тодорхой байсан тул бүр анхнаасаа л "Замаа 1 цагийн дотор дуусгачих юм сан өөрөөр хэлбэл 25 км/цаг-аас багагүй хурдтай явах юм шүү" гэж өөртөө хэлж байсан тул замын эхнээс хурд хэмжигчээ л харсаар явав. Ерөөсөө энэ уралдаанд бусадтай биш өөртэйгээ уралдсан гэхэд болно. Гэвч гарааны өмнө хурд хэмжигчээ тэглэхээ мартаж бас л туршлагагүйтсэн байв. Иймд дундаж хурдаа шүүгчдээс л олж мэдэхээс өөр аргагүй болов. Ийнхүү батламж дээрх цагаар тооцоо хийвэл дундаж хурд 27.5 км/цаг гэж гарав. Миний хувьд энэ нь яг одоогийн байдлаар давгүй л үр дүн юм. Гэхдээ 30 км/цаг-аас доошгүй хурдтай явдаг болох зорилт өөртөө дэвшүүлээд байгаа л даа.

Барианд ороход танил залуусын нэгээс бусад нь цөм ирсэн байв. Тэдний хоёртой замын эхний хэсэгт урд хойноо орж явсанаа сүүлдээ хоцорсон юм л даа. Ингээд уралдаан дуусахыг, шүүгчид дүнгээ гаргахыг хүлээнгээ элдвийг ярилцаж бас хэдэн зураг даруулцгаав.

Яриа хөөрөөний сэдэв мэдээж унадаг дугуй болон уралдааны үеэрх үйл явдал байсан. Тухайлбал нэг маань "Замын хажуугаар даган явж байсан машинаас эхнэр нь бололтой нэг бүсгүй хайраа гээд л орилох юм. Даан ч би өнөөхийг нь дор нь гүйцчих юм аа." хэмээн ярив.

Шагнал гардуулах мөч

Шагнал гардуулах үед бид зургаа даруулсан яг тэр газартаа буюу холхон шиг байцгааж байв. Гэтэл ганц эмэгтэй болох Баярмаагийн маань нэр дуулдаж бөөн баяр болцгоов. Бас төд удалгүй миний нэрийг дуудсан нь надад тун санаандгүй, гэнэтийн үйл явдал болов. Манай хэд дараа нь намайг "цочоод л огло харайн боссон" гэж эхнэрт маань ярьсан гэсэн.

Дараах зураг дээр "Залуу дугуйчин клуб"-ын гишүүн Г.Баярмаатай хамт байна. Ерөөсөө энэхүү сорилт тэмцээнд оролцох сэдэл, урам зориг өгсөн бас ийм амжилт гаргахад шаардлагатай бэлтгэлийн талыг нь хангасан буюу энэ зун нийт 4 удаа аялалд дагуулж явсан ачтай хүн бол энэ бүсгүй юм.

Зураг дээр харагдаж буй ногоон дугуй түүнийх харин наадах шар нь миний дугуй юм.

Шагналаа авчихаад эхнэр лүүгээ залгаж ярьтал байр эзэлсэнийг маань сонсоод эхнэр хүүхдүүд маань бөөн баяр хөөр болцгоов. Хүү маань "тийм олон хүнээс үү" гэж асуусан гэсэн. Мэргэжлийн ба сонирхогч бас нас болон хүйсээр нь ялгаж уралдуулсан гэж мэдээгүй юм байлгүй. Яг үнэндээ өөрийн ангиллын 30 гаруй хүмүүс дундаа л эзэлсэн байр тэр шүү дээ.

Буцах зам

Эхнэр хүүхдүүд гараа дээр үлдсэн тул ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцсан. Надтай хамт дээрх залуусын зарим нь гараа уруу буцав. Тэд арын алба залгуулах хүнгүй тул машинаа эзэнгүй хаяцгаасан юм. Гэхдээ манай эхнэр үлдэхийг сонсоод санаа нь амарцгаасан.

Ийнхүү ахиад л 25 км жийх болов. Эхлээд овоо явж байснаа сүүлдээ нөгөө хэдээсээ аргагүй хоцров. Энэ ч бас л туршлага дутсанаас болсон хэрэг л дээ. Зүй нь хэдэн төгрөг аваад гарах ёстой байсан юм билээ л дээ. Гэтэл уралдаандаа хэт улайрсан бид хэд уух ус, идэх юм байтугай мөнгө төгрөг зэрэг бүхий л зүйлээ үлдээсэн байв. Миний хувьд яарч сандраад багахан юм идсэн бас уралдаан дуусч дүн гарч дуустал хүлээсээр бага үд хүргэсэн байсан болохоор буцах замдаа яалт ч үгүй бие организмын нөөц дуусаж аргагүй цуцав. Тэгээд залуусынхаа барааг алдалгүй даган явж байтал өнөөх хэд маань буруу замаар орсоноо мэдсэн бололтой замаасаа гарч ташуулдан давхив. Яг тэр үед энэ зунжингаа татаагүй шөрмөс гэнэт татаж орхив. Цуцсан дээр нэмээд шөрмөс татсан тул нөгөө хэдийнхээ барааг харах биш бүр мөрийг нь дагах болов. Манай хэд овоо төөрсөн бололтой хазгай муруй баахан мөр нэг алга болоод л нэг гарч ирээд л байв. Би ч муу санаандаа бүр болохгүй бол засмал замаа бараадна, болохоо боливол замын хажуугийн км-ын шонг харна даа л гэж бодож явав. Тэгээд өглөө нь машинаар очихдоо харж байсан газрын багцаагаа бодож замгүй газраар, зүлгэн дээгүүр жийсээр чанх чигээрээ хүрч очсон доо. Татсан шөрмөс сүүлдээ хөндүүрлээд бараг л ганц хөлөөрөө жийж очсон. Очиход нөгөө хэд маань дугуйгаа машиндаа аччихсан байв. Тэгэхээр би нэлээн хол хаягдсан бололтой. Дараа заавал хэдэн төгрөгтэй явж, хоол хүнсийг олдсон хэрээр нь цохиж байна аа. Уг нь барианы газарт явуулын гуанз ирчихээд халуун хуушуур зарж байсан юм л даа. Тэр нь дээрх зурганд буусан улаан эрээн машин юм.

Буцаж очсон хойноо халуун хоол идэж, ус ууж сайхан амрав. Харин татсан шөрмөс маань бүр таг болж хөлөө хөдөлгөх гэхээр л хөндүүрлээд гол тасартал өвдөх болов. Тэглээ ч байр эзэлж, шагнал авсан хүн гэсэндээ гарааны шонгийн дэргэд зургаа даруулж сүр бадруулав.

Тийнхүү 18:00 цаг хүртэл эхнэр хүүхдүүдтэйгээ тэндээ байцгааж байгаад гэрийн зүг хөдлөв.

Эцэст нь хэлэхэд засмал зам дээр уралдааны дугуйтай дугуйчин мориноос хурдан юм билээ. Харин шороон замд өгөө аваатай болов уу. Ямартаа ч энэхүү их насны морьдын уралдааны зам дээрх унадаг дугуйн рекорд амжилт 41 минут гэсэн шүү.