Миний бие 2020 оны 6 дугаар сарын 27-ноос эхлэн мөн оны 11 сарын 8 хүртэл УБ хотод үйл ажиллагаа явуулж буй уулын дугуйн клубуудын зохион байгуулсан дугуйн нийт 12 аялалд оролцжээ. Үүнийг клуб тус бүрээр задалбал дараах байдалтай байна.

  • Залуу дугуйчин клуб 4 аялал
  • Аттилагийн жимээр клуб 3 аялал
  • UB Sky (хуучин нэрээр Sky team Mongolia) 1 аялал
  • Хоёр загал 1 аялал
  • УУДАГ буюу Улаанбаатар уулын дугуйн аяллын групп 3 аялал

Ийнхүү олон клуб, группын аялалд явсан нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдийг алгасалгүйгээр дугуйн аялалд явах гэсэн ганц зорилготой холбоотой гэдгийг онцлон дурдъя. Үүний дүнд тэдгээр клубуудын онцлог ялгааны талаар тодорхой төсөөлөлтэй болжээ. Нэг дугуйчны хэлж байсанчлан ийнхүү олон клубын аялалд явсан маань "өөртөө илүү тохирох аяллын клубээ сонгох" боломж олгож байгаа юм. Үнэхээр уулын дугуйгаар хотоос гарч аялахын тулд аюулгүй байдал болон төөрөх зэрэг аливаа эрсдлийг тооцвол хэсэг бүлгээрээ нийлж явах нь зүйтэй. Тэгэхээр уулын дугуйн аялал эхлэн сонирхож буй хүмүүст миний энэ туршлага өчүүхэн ч атугай хэрэг болж магадгүй юм.

Клубын гишүүн болоход тавих шалгуур нөхцөл

Аль нэг клубт элсэх, аялалд хамрагдахад ямарваа шалгуур, хориг саад байдаггүйг нэн тэргүүнд дурдах нь зүйтэй болов уу хэмээн бодно. Клубуудээс зарласан аялалд хүссэн үедээ оролцож болно. Огт танихгүй шинэ хүн ирсэн ч найрсаг ханддаг. Тэр байтугай энэ клубын үндсэн гишүүн байхдаа гэж бодож байтал уралдаан, тэмцээнд "Рөүд Монголиа" зэрэг засмал замын дугуйн клубын нэрээр оролцох хүмүүс ч байж л байдаг юм билээ.

Клубууд Facebook page болон group-тэй байх бөгөөд зохион байгуулж буй аяллын зарлалаа Facebook дээр нээлттэй тавьцгаадаг тул түүнийг нь харж байгаад л очиж болно. Харин дотоод нарийн ширийн ажилдаа чат ашигладаг юм билээ.

Хоцрох, хаягдаж гээгдэх явдал буюу аяллын хэмнэл

Сайн жийж чадахгүй байгаа, хол замд явж үзээгүй хүмүүс хоцрох вий, хаягдаж гээгдээд балрах вий гэж зовнидог бололтой юм билээ. Таны сэтгэлийг амрааж хэлэхэд аль ч клубынхан хамт яваа хэн нэгнээ тэр чигт нь хаяад явна гэж байхгүй ээ. Заавал хүлээнэ. Хэсэг яваад хоцорсон хэдийгээ цуглуулдаг. Үүнийгээ татах гэж ярьдаг. Гэхдээ хэр хол эсвэл ойр явж байж татах вэ гэдгээрээ клубууд ялгаатай. Миний ажигласнаар УУДАГ групп хамгийн хол явж байж татдаг. Сайн жийхгүй бол бараагүй болтлоо хаягдана. Харин бусдынх нь хувьд гайгүй.

Бүр гүйцэж явж чадахгүй байгаа нэгнийг салхиндаа авч явах, түрэх зэргээр дэм өгнө. Гэвч өөрийгөө ч өөрөөлийг ч бага зовоохын тулд анхны аяллаа ойрын зайныхаас нь эхлүүлээрэй гэж зөвлөе. Яг үнэндээ "яах гэж явав даа" гэж бодогддог юм шүү. Гэхдээ л хүмүүс дугуйн аялалд дурлаад яваад л байдаг юм даа.

Миний ажигласнаар Залуу дугуйчин, Аттила зэрэг нь ойр ойрхон яваад амрахын дээр ийнхүү амсхийхдээ тухлаад суучих гээд байдаг бол УУДАГ-ийн хувьд сүүлийн хүнээ ирээд амьсгаа нь дарагдаагүй байхад л "за хөдөлье" гээд ухасхийдэг. Иймд УУДАГ-тай нэгдэж жийх бол нэн даруй хөдлөхөд бэлэн байх хэрэгтэй. Нэлээн сайн жийдэг биш бол "гүйцээд оччихно доо" гэж саналтгүй шүү. Админ нь хөдөлье гэнгүүт бүгд ухасхийнэ. Гэтэл бусад зарим нь хөдлөх гэж яарах байтугай хэн нэг нь "явъя аа" гээд байхад л сонсоогүй юм шиг байгаад байдаг тал бий. Хэрэв та байгальд гараад тухлан суух дуртай бол Залуу дугуйчин, Аттила эсвэл UB Sky зэрэг групптэй нэгдээд жийвэл тохиромжтой. Харин ямарваа нэг байдлаар цаг алдалгүйгээр хурдхан жийгээд ар гэр, ажил төрлөө бодох шаардлагатай бол УУДАГ танд тохирно. Иймдээ ч 100 гаран км зайд аялахдаа зарим нь үдэш болгож байхад зарим нь үд хэвийлгээд л дуусгадаг. Энэхүү байдал нь цуглах цагаа баримталж байгаагаас нь, товлосон цагтаа аяллаа эхэлж байгаагаас нь ч харагдана. Хэрэв та УУДАГ-ийн аялалд нэгдэх гэж байгаа бол бусдыгаа хүндэлж товлосон цагаас нь хэрхэвч хоцорч болохгүй. Тэд яг цагтаа хөдөлдөг. Их удлаа гэхэд товлосон цагаасаа 3-аас 5 минут л хэтрүүлнэ. Нөгөө группүүдийн хувьд "тэр ирнэ гэсэн", "түүнийг хүлээе" гэх мэтчилэн хоцорсон нэгдээ уян зөөлөн ханддаг.

Аяллын зай

Өмнөх хэсэгт дурдсанчлан аяллын зай бол шинэхэн аялагчдад маш чухал шүү. Миний ажигласнаар УУДАГ групп илүү хол зайд, арай хүнд замаар жийдэг. Бас ихэнх клуб аялалд явахдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Сүхбаатарын талбай зэрэг газар цуглараад жагсаалаараа жийж хотоос гардаг бол УУДАГ нь Баянзүрхийн товчоо, Гачуурт дахь Монгол шилтгээн, Жигжид гэх мэтчилэн хотын захад цуглардаг. Мөн УУДАГ групп ёс юм шиг заавал уул, даваа давж аялдаг. Гэхдээ энд зөвхөн нэг өдрийн аяллын талаар ярьж буйг анхаарна уу. Өөрөөр хэлбэл клубуудын зохион байгуулдаг хүнд ачаатай, холын аяллын талаар энд яриагүй шүү.

Миний явсан 12 аялал бүгд зорьсон замаа бүрэн дуусгаж байсан. Мөн тэдгээр аяллуудын зөвхөн нэг нь л зам товчлох боломжтой байсан.

Клубын дотоод уур амьсгал, үйл ажиллагааны идэвх

Аль ч клубынхан шинэ хүнд найрсаг ханддаг гэж дээр дурдсан. Цаашилбал та хэдэн настай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Хэдий тийм боловч тэдний нас улмаар дотоод уур амьсгал нь танд хамаатай байх болов уу. Мөн би 35-39 настай бас зөвхөн өөрийнхөө өнцгөөс хийсэн дүгнэлтээ бичихийг та анхаарна биз ээ.

Залуу дугуйчин клубын хувьд нэрдээ таарсан гэмээр хорь, гучаад насны залуус голдуу байна. Тус клубын хувьд 2020 онд идэвх сул байсан тул цөөн хэдэн гишүүдтэй нь л танил болсон. Харин урьд жилүүдэд нэлээн эрчимтэй үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. COVID-19 вирусын цар тахал намжихаар үйл ажиллагаа нь эргэн эрчимжих биз ээ. 4 удаа хамт аялж үзэхэд давгүй л залуучууд байсан.

Аттилагийн жимээр клубт өсвөр үеэс эхлээд 40+ насныхан ч байх бөгөөд ерөнхийдөө хүүхэд, залуучууд нь давамгайлна. 2020 онд хамгийн идэвхтэй, зохион байгуулалт сайтай байсан клуб гэж хувьдаа дүгнэж байна. Хэрэв та 20 орчим настай бол энэ клубыг л сонгох болов уу. Мөн 2021 онд Аттила дэлгүүрийн 10 жилийн ой тохиох тул тус клубын үйл ажиллагаа ирэх онд улам идэвхжих биз ээ.

Бусад клубуудын хувьд 30 орчим наснаас дээших хүмүүс байна. Жишээлбэл UB Sky буюу хуучин нэрээр Sky Team Mongolia-гийнхан "манай өсвөрийн ганц тамирчин" гэж байхад Хоёр загалынхан бүр дан ахмадууд байна. Бүр цаашилбал ажил амьдрал нь цэгцэрсэн хүмүүс болох нь унадаг дугуйнаасаа андашгүй. Бас нас болон ажил албаа дагаад ярианы сэдэв нь ч өөр болно. Гэвч эцсийн эцэст дугуйн клуб тул унадаг дугуй тойрсон яриа хөөрөө давамгайлна.

Клубуудын үйл ажиллагааны идэвхийг илтгэх бас нэг үзүүлэлт бол уралдаан, тэмцээн дэх оролцоо юм. Миний бие одоогоор багийн уралдаан, тэмцээнд оролцоогүй тул клубуудээс ямар баг гардаг болон хэр амжилт гаргадаг талаар сайн мэдэхгүй байна. Харин улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг уулын дугуйн ганцаарчилсан төрлийн гурван тэмцээнд оролцож байхдаа анзаарахад дээр нэр дурдсан таван клубээс Залуу дугуйчин, Аттила, UB Sky, УУДАГ дөрвийн нэр дээр дугуйчин гарч уралдаж байсан. Би өөрөө тэдгээр тэмцээнүүдэд 3, 4 дүгээр байр, манай эхнэр 2 дугаар байр эзлэх гэх мэтчилэн тодорхой амжилт гаргасан тул тэмцээнүүдийн дүнг тийнхүү сайн анзаарч ажигласан л даа. Хэрэв та уралдаан тэмцээний дүнг харъя гэвэл Монголын дугуйн холбооны Facebook page-ийг үзэж болно. Уралдаан, тэмцээний хувьд Аттила клубыг онцолмоор байна. Учир нь хамгийн олон тамирчин энэ клубээс гарсан бас хөгжөөн дэмжих тал дээр ч илт тасархай байсанд оршино.

Мөн эдгээр клубуудын зарим нь дугуйн аяллаас гадна гишүүдийн дундах спортын тэмцээн зэрэг бусад үйл ажиллагаа бас сайн үйлсийн аян зохион байгуулдаг.

Энд нэр дурдсан уулын дугуйн клубуудын Facebook дээрх хаягийг дор жагсаав. Мөн тэдгээр клубуудын онцлог нь Facebook групп, пейж зэргээс нь ч анзаарагддаг. Тухайлбал Аттила-гаас бусад группт зөвхөн админ нь л пост үүсгэх эрхтэй байдаг. Энэ нь жирийн гишүүд, хааяадаа дугуйн аялалд явахаас хэтэрдэггүй хүмүүст фото зураг, видео бичлэг зэрэг аяллын дурсамжаа хуваалцахад нь саад болдог. Цаашилбал зарим нэг нь хэн нэгний хувийн орон зай гэмээр сэтгэгдэл төрдөг. Тухайлбал Залуу дугуйчин клубын www.facebook.com/groups/mgl.biker групп доторх постны дор бичсэн комментийн төлөө намайг тус группээс хассан. Автомашины утааны талаар бичсэн постын дор автомашины утаа болон гэр хорооллын утаа аль аль нь хэцүү байгаа шүү дээ гэсэн утгатай коммент бичихэд л тийнхүү группээс хасаж байгааг нь тус групп бол зөвхөн админых нь хувийн орон зай гэж дүгнэхээс өөр яалтай билээ. Миний бие шингэрүүлсэн нефтийн хий буюу газ-аар ажилладаг хөдөлгүүр бүхий автомашинтай бас төвлөрсөн халаалт бүхий орон сууцанд оршин суудаг тул утааны талаар автомашин ба гэр хорооллын аль нэгийг илүү ад шоо үзэх шалтгаан буюу ашиг сонирхлын зөрчил үгүй билээ. Ер нь тус группын хувьд 2020 оны байдлаарх постуудын багагүй хэсгийг автомашиныг элдэвлэж бичсэн админых нь постууд эзэлж байлаа. Ер нь тус группын админ нь хүмүүсийг унадаг дугуйтай ба машинтай гэсэн хоёр хэсэг болгон талцуулж, бие биенээ үзэн ядахад хүргэх пост их нийтэлдэг нь надад огт таалагддаггүй. Бусад клубуудын хувьд зөвхөн аяллын зар, аяллын фото зураг, видео бичлэг зэрэг постууд давамгайлна. Харин Аттила группын хувьд хүн бүхэн пост үүсгэх эрхтэй болохоор унадаг дугуйтай холбоотой янз бүрийн пост хөвөрнө.

Уулын дугуйн клубуудын Facebook дээрх хаяг

Залуу дугуйчин клубын хувьд салбар группууд байдаг. Мөн УУДАГ групп FB дээр өөр public групп шинээр нээнэ гэж байсан.

Эцэст нь хэлэхэд энд зөвхөн 2020 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан буюу аялал олон удаа зохион байгуулсан бас аялалд нь биечлэн оролцсон уулын дугуйн клубуудын талаар бичлээ.