1x буюу нэг араа бүхий хүрдтэй байхын давуу тал:

  1. Олон арааны тооцоо хийж, тоо бодон толгой гашилгахгүй. Өөрөөр хэлбэл араа харших тухай бодохгүй. Араа харших гэдгийг товч тайлбарлая. Харшаа нь хүрд буюу "урд араа" нь олон ширхэг байдаг унадаг дугуй дугуй дээрх асуудал юм. Ийм дугуй унаж байхдаа гинжээ хүрдний хамгийн жижиг араа ба хойд дугуйны хамгийн том араанд хийсэн үед гинж ихээр нумарч хөшигдөх улмаар хүрдний араа солигчтой хавирах явдал гардаг бөгөөд үүнийг араа харших гэж ярьдаг. Мөн эсрэгээр нь том хүрд ба том араанд хийсэн үед харшина. Араа харшуулж явах нь хүрдний араа солигчны тохиргоо алдагдах, элэгдэх, эвдрэх болон гинж, арааны шүд хурдан элэгдэх зэрэгт сөрөг нөлөөтэй. Иймд нян ялангуяа 3x унадаг дугуй унаж яваа бол хүрд ба арааны байрлалаа тооцож, зөв харьцаа үүсгэж байхаар арааг нь сольж явах шаардлагатай.
  2. Араа шилжүүлэгч, дамжуулах тросс цөөрөх тул маш эмх цэгцтэй болно.
  3. Хүрд орчим маш цэвэрхэн харагдана.
  4. Арчиж цэвэрлэхэд илүү хялбар.
  5. Хүмүүст сүүлийн үеийн унадаг дугуй гэсэн сэтгэгдэл шууд төрүүлнө.
  6. Дугуйгаа ганц гараараа ч жолоодож болно.
  7. Донслох үед гинж мултрах явдал багасна. Гинж мултрахаас сэргийлэгч нэмэлтээр тавих боломж гарна. Үйлдвэрээсээ ийм тоноглолтой унадаг дугуй ч байдаг.
  8. Хүрдны араа солих үед гинж мултрах, гацах явдал үгүй болно.

1x буюу нэг араа бүхий хүрдтэй байхын сул тал:

  1. Огцом хөнгөрүүлэх боломжгүй. 1x-ын хувьд уруугаас өгсүүр замд орох үед олон араа дамжуулан шилжүүлэх болдог байхад харин 2x болон 3x-ын хувьд хүрдний шилжүүлэгчээ ганц дарахад л хангалттай.
  2. Өндөр хурд гаргах боломжгүй. Жишээлбэл дугуй 27.5 (уулын дугуйн нийтлэг хэмжээ), хүрд 30 шүд (жижиг талдаа орно), араа 11 шүд (зах зээл дээр хамгийн элбэг байгаа 11 болон 12 арааны ком дахь жижиг арааных нь шүдний тоо) шулуунд сайн жийвэл 40 км/ц бага зэрэг давна. Харин уруу газарт сэнсэртэл эргүүлбэл 60 км/ц шахна. Хүрдээ томруулбал өөрөөр хэлбэл олон шүдтэйгээр сонговол шулуун замд үүнээс ч илүү хурдлах боломжтой. Хэрэв тэгвэл хойд арааны том нь 50 юм уу 52 гэх мэтчилэн олон шүдтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүрд ба арааны харьцаа нь 3x10-ын хамгийн багаас холдох учир өгсүүрт хэцүү болно.
  3. Олон арааны хооронд шилжих учраас гинж хөшигдөн улмаар элэгдэх талтай.
  4. Хулгайчдын нүдэнд илүү өртөнө.
  5. Хүмүүс чиний араа ба хүрдний талаар ярьж чамайг залхаана.

Түүнчлэн хүмүүс 1x ууланд сайн, огцом өгсүүр уруу урж тасдаад гарна гэдэг нь яг үнэндээ худал яриа юм. Миний хувьд 1x дугуйгаар уул уруу өгсөхдөө 3x дугуйгаар өгсөхөөс илүү их хүч гаргах болдог. Гэтэл 1x дугуйгаар өгсөж жийгээд гарахад хүмүүс "Ийм олон араатай юм чинь гарахгүй яадаг юм бэ" гээд чиний тэсвэр, тэвчээрийг үл тоомсорлоно. Тэгэхээр 1x сонгох бол хүмүүсээс ийм үг байнга сонсохдоо бэлдээрэй.