2022 оны 9 сарын 17-ны нэмэлт

Үүний дараа болсон Долоон давааны сорилго 2022 аяллын үеэр долоон давааг 7 цагаас 10 гаруй минутын өмнө давж дуусгалаа.

Оршил

УБ уулын дугуйн аялал группийн аяллын маршрут дунд 7 даваа гэсэн тодотгол бүхий хэдэн маршрут байдгаас энэ удаад Тахилт, Шижир, Найрамдал, Зүүн ац, Хадлан, Гүнт, Толгойт гэсэн долоон давааг унадаг дугуйгаар жийж давлаа. Энэ жийлт маань энэ зуны хувьд хоёр дахь нь буюу 6 сарын 18-нд анх удаа явсан юм. Харин энэ бол группийн өмнөх албан ёсны аяллаас хоцорсон эсвэл нахисан зарим гишүүд оролцсон албан бус аялал байлаа. Мөн энэ жилийн долоон давааны онцлог бол аялагч гишүүд бие дааж аялахад байсан. Энэ бол хувь гишүүн өөрөө өөрийгөө газарчилж, жийх эрчим болон хооллож амрах цагаа өөрөө зохицуулж бас унадаг дугуйн эвдрэл гэмтэл зэрэг аливаа асуудлыг бие даан шийднэ гэсэн үг юм.

Гараа

Аяллын гарааны цэг болох Тахилт дахь автобусны эцсийн буудалд 6:42 цагт хүрэлцэн очив. Үүний тулд 19.55 км замыг 42 минутад буюу дунджаар 27.9 км/цаг хурдаар туулсан байна. Автобусны эцсийн буудалд дөхөж очиход группийн нэг гишүүн жийж явав. Ингээд түүнтэй хамт цуглах цэгт очсоны дараахан өөр нэг гишүүн хойд зүгээс гэнэт гараад ирэв. Бид хоёроос өмнө ирсэн байжээ. Эцэст нь аялал эхлэх цагтай уралдсаар нэг гишүүн ирсэн нь манай группт цөөхөн байдаг эмэгтэй аялагч гишүүдийн нэг байв. Биднээс гадна ахиад хоёр гишүүн ирэх ёстой байсан ч аялал эхлэх цаг 07:00 нэгэнт болсон тул алгуурлалгүйгээр яг цагтаа маршрутаа хөөж эхлэв.

Гараанаас гараад жийхэд бараг хамт явсаар байсан боловч уулын ташланд хоёр хоёроороо тасарч улмаар Тахилтын давааны оройд ганцаараа түрүүлж гарав. Энэ аялал угаасаа "ганцаарчилсан" гэсэн тодотголтой тул даваанаас шууд буув. Бас эргэж ч харсангүй. Манайхан уучлаарай.

Замын нөхцөл байдлын өөрчлөлт

Яг энэ маршрутаар 3 долоо хоногийн өмнө жийж явсан тул замын эргэлтээс эхлээд энхэл донхол нь хүртэл дэндүү тодорхой. Миний анзаарсанаар замд хоёр л өөрчлөлт орсон байсны эхнийх нь Найрамдлын давааны ус, шавхай ихэссэн удаах нь Зүүн ацын даваа руу очих зам хув хуурай буюу зам дагаж урсдаг горхи хатсан байсан явдал байлаа.

Амралтын цэгүүд

Замдаа хоёр удаа зогсож, хооллож амарна гэж төлөвлөсөн. Эхний амралтын цэг болох Ар гүнт супермаркет гэдэг цэнхэр дэлгүүр дээр 09:41 цагт ирэв.

Замын дунд нэмж нэг удаа зогссон нь давсгаа суллаж, биедээ тээж явсан хороо гадагшлуулах зорилготой байв. Үүний тулд Хадлангийн давааны "хуурамч" орой дээр дөрөө мулталсан.

Ингэхгүй бол 11:40 цаг болчихсон буюу шээсээ гадагшлуулалгүй бараг 6 цаг болох гээд байв. Бас үүнээс цааш шээгээд зогсож байх газар ахиж мөд таарахгүй.

Удаах буюу сүүлийн амралтын цэгийг Жигжид гэж төлөвлөсөн. Уг нь Хадлангийн даваанаас буунгуутаа Санзайд амарвал зохимжтой ч тэнд халуун хоол, цай зарахгүй тул Жигжид дээр амрахаас өөр сонголт байсангүй. Жигжидийн уулзвар дахь задгай саравчтай нэг цайны газарт 12:12 цагт очсон. 240 аяллын үеэр орж байсан гэвэл манай группийн зарим гишүүд андахгүй дээ. Эндээс 12:38 цагт хөдөлсөн.

Салхи, агаарын температур ба үүлс

Салхины чиглэл баруун хойноос, хурд нь тогтвортой ерөнхийдөө зөөлөн байсан. Үүний өмнөх аяллын үеэр салхи урд зүгээс нэлээн хүчтэй үлээж байсан. Агаарын температурын хувьд зуны ердийн л өдрүүдийн адил байв. Үүн дээр үүл хангалттай байсан тул зарим үед сүүдэр дайрч байсан.

Бариа ба гаргасан алдаа

Барианы цэг буюу Толгойтын давааны орой дахь овооны дэргэд 14:07 минутад хүрсэн. Аялал эхлэх цагийг унадаг дугуйн хурд хэмжигчний цагаас харсан тул дуусах цагийг ч мөн түүнээс харж тооцох нь зүйтэй. Ийнхүү 7 давааг яг 7 цаг 7 минутад давж дуусгалаа.

Сүүлийн хормуудыг ёстой л минут минутаар нэг бүрчлэн тоолсон. Ар гүнтийн засмалаас салах үед 14:00 цагт ердөө 27 минут үлдсэн байв. Нэг бүтэн том даваанд 27 минут гэдэг арай багадаж байна даа хэмээн засмал замаас салах үед бодогдож байсан. Уг нь тус долоон давааг 07:00 - 14:00 буюу 7 цагт багтааж дуусгах зорилт тээж явсан юм. Тэгэхээр хаана ямар алдаа гаргав гэсэн асуулт өөрийн эрхгүй гарна.

  1. Найрамдлын давааны ус, шавар ихэссэн гэсэн байгалийн буюу хөндлөнгийн хүчин зүйл
    Энэ нь гутал норох гээчээр шууд мэдрэгдэж байсан. Ингэж байхад өмнөх шигээ шууд алхаад байлтай биш дээ. Гурван ч удаа жимээс гарсан бас ус, шавар ихтэй жимээр болгоомжтой алхсан зэргээс болж хугацаа алдсан нь эхний алдаа байжээ.
  2. Уруу газруудад ахиад жаахан хурдалсан бол ч
    Найрамдлын даваанаас бууж шороон замаар уруудах болон Зүүн ацын даваанаас буух үед тоормосоо арай ихдүүлсэн бололтой. Бас Хадлангийн даваанаас буух болон Гүнтийн давааны засмалаар уруудах үедээ хүчлэн жийх хэрэгтэй байжээ. Харин Гүнтийн даваанаас уруудах шороон замд жолоогоо сул тавьж сүнгэнэсэн боловч гинж мултарсан нь жаахан гэлтгүй нэрмээс болсон.
  3. Жигжид дээр бага идэх
    Энд банштай цай авсан нь алдаа болсон. Гэхдээ эндээс л халуун хоол цай авахаас өөр сонголтгүй тул дараа нь шууд Гүнтийн даваа өөд өгсөнө гэдгээ харгалзан үзэж аль болох бага хоол захиалах хэрэгтэй юм байна. Ер нь жийгээд халчихсан бие рүү хэчнээн халуун зун ч гэлээ хүв хүйтэн юм шургуулах нь муу байдаг. Нөгөө талаас Жигжид дээр зогсолгүй шууд Гүнтийн давааг давж болох байсан ч үд болсон тул хооллох нь зохимжтой гэж шийдсэн. Харин дараа аялахдаа Жигжид дээр зогсолгүй явахыг туршиж үзнэ ээ. Ер нь хотын зах болон эргэн тойронд хоол ундны сонголт учир дутагдалтай нь дугуйн аяллын үеэр улам тод анзаарагддаг. Миний хувьд яг энэ удаад Жигжид дээр нэг аяга халуун сүүтэй цай ба орц найрлага арвинтай бөгөөд ороомог шиг л жижиг хэмжээтэй ганц юм идэхэд л хангалттай байсан гэж бодож байна. Тэгсэн бол хооллох цаг багасаж бас Гүнтийн даваа өөд илүү хөнгөн өгсөх байсан.

Ингээд барианд орж хийхээ хийсэн тул Толгойтын даваанаас бууж зам зуурт таарах Бумбатын рашааны хажууд байх цайны газраас жимсний компот авч өөрийгөө шагначихав.

Хэрэв та энэ маршрут дахь 7 давааг хэдэн цагт давж дуусгахаа үзмээр байвал УБ уулын дугуйн аялал группээс ийм аялал зарласан үед хүрэлцэн ирж жийгээрэй.