Унадаг дугуй унахыг ийм ч сайн талтай, тийм ч ач холбогдолтой хэмээн магтан сайшаасан нь олонтаа. Гэвч бодит байдал дээрээ огт үгүй бөгөөд харин ч бүр эсрэгээрээ юм. Иймэрхүү илэн далангүй яриа гэвэл "унадаг дугуйчид эдийн засгийн алуурчид" гэсэн хошигнол бас ясны сийрэгшилийн тухай сэрэмжлүүлэг зөвлөгөө л байдаг. Харин одоо энэ хоёроос бусдыг өөртөө болон өөр шигээ бусад дугуйчдад тохиолдсон явдлуудад үндэслэн дурдсуу.

  1. Хараал иднэ.
    Автозам дээр гарвал жолооч нар, явган хүний зам дээр гарвал явган зорчигчид, дугуйн зам дээр явж байсан ч явган хүмүүсийн хараалыг иднэ. Жолооч нар хэл амаар давшлах, дуут дохио хангинуулах, шахах, урд оронгуутаа огцом тоормослох харин явган зорчигчид дугуй унаж яваа таныг пизда гэх нь энгийн үзэгдэл гэхэд болохоор түгээмэл байдаг. Бүр зүв зүгээр хэнд ч түвэг болоогүй, мөрөөрөө явж байхад л элдэв хараал, ад шоо үгс чихнээ сонсогдоно.
  2. Хордоно.
    Эрчимтэй амьсгалж явдаг болохоор тоос шороо, утаа тортог тэргүүтэй орчны хамаг бохирдол, хорт бодис нь уушигний мухарт улмаар биеийн бүх эд эсэд маш эрчтэй хүрч очно.
  3. Осол гэмтэл отно.
    Дөнгөн данган 10 гаруйхан кг жинтэй бөгөөд ямар ч "хуяг"-гүй тээрврийн хэрэгсэл хөлөглөж яваа тул аливаа ослын үед цохилтын хамаг хүч мах яснаа бууна. Нэн ялангуяа өөрийгөө ган төмөр, шил, хуванцраар тойруулаад хуяглачихсан хүнд мөргүүлбэл бүр ч аймшигтай.
  4. Ад шоо үзнэ.
    Унадаг дугуйгаа хулгай зэлгий болон бусад эрсдлээс зайдуухан байлгая гэвэл ер нь л хэцүү дээ. Энд болохгүй, наадхаа зайлуул, шороо шавхай дагуулсан балиар юм гэж хаа сайгүй ад шоо үзнэ.
  5. Эгдүүцэл нь хүрнэ.
    Усан бороо, цасан шамарга, хальтаргаа гулгаатай үед дугуй унаж явааг чинь хараад эгдүүцэх, түүнээ бүр ил гаргаж "энэ одоо юу ч вэ", "хэнээтэй юм", "одоо болио" гэх мэтчилэн хэлэх хүмүүс цөөнгүй таарна.
  6. Басамжилж харьцана.
    30, 40 настай байлаа ч арван хэдтэй за үсрээд хорь гаран настай юм шиг харьцана.
  7. Дорд үзнэ.
    Үүний нэг сонгодог тохиолдол гэвэл "Ирэх жил мото-той болоорой." гэсэн "ерөөл" сонссон явдал юм.
  8. Зардал гарна.
    Зөвхөн унадаг дугуй аваад л болчихгүй бөгөөд улмаар каск, зориулалтын хувцас, нэмэлт тоноглол авах болно. Бас тос, шингэнийг нь сольж шинэчлэх, элэгдсэн эд ангийг нь шинээр солих зэрэгт хэрдээ таарсан зардал гарна.
  9. Тостой хутгалдана.
    Тос, нагаартай хутгалдах шалтгаан байсхийгээд л гарна.
  10. Элдэв багаж чирнэ.
    Явгарахад хүргэж болзошгүй элдэв эвдрэлийн улмаас нэлээн хэдэн янзын багаж чирч явах хэрэгтэй болно.
  11. Хөлс баастайгаа холилдоно.
    Явганаас хурдан явъя аа гэвэл халуун зун байтугай дүн өвлөөр ч хөлс баастайгаа холилдоно.
  12. Ядарч зүдэрнэ.
    Бүх хүч тамираа барж, бие организмын хамаг эрдэс бодисоо алдаж болно.
  13. Өгөршиж гандана.
    Үргэлж нар, салхинд явах тул нарны тос түрхлээ ч борлоно, харлана.