Статистикийн R програм ашиглахын тулд заавал компьютертэй байх, компьютер дээрээ R програм суулгасан байх зайлшгүй шаардлагатай биш юм. Компьютер бэлэн байхгүй, R програм суулгаагүй үед ч тус програмыг ашиглах боломж бий. Үүний тулд танд интернэтэд холбосон гар утас юм уу таблет зэрэг төхөөрөмж байхад л хангалттай.

R програмыг ийнхүү онлайнаар ашиглуулах үйлчилгээ сүүлийн үед олноор нээгдсэн байна. Ингээд толгой эргэм олон тэдгээр үйлчилгээнүүдийн аль нь хэрэглэхэд зохимжтой, юугаараа давуу болохыг судалсанаа дор товчлон бичив. Мөн олигтой хөгжүүлээгүй буюу хэрэглээний наад захын шаардлага үл хангах үйлчилгээнүүдийг шууд алгассанаа хэлье.

JDoodle

www.jdoodle.com/execute-r-online

Аккаунт үүсгэх буюу бүртгүүлэх, нэвтрэх шаардлагагүй нь хэрэглэхэд аятайхан юм. Мөн файл аплоад хийх байдлаар өгөгдөл оруулах, CRAN дээр байдаг пакетуудыг дуудаж ашиглах, R програмын хуучин хувилбаруудаас сонгон ажиллуулах зэрэг боломж олгодог.

Posit Cloud буюу RStudio Cloud

posit.cloud

R програм хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг RStudio IDE ба нэмэлт пакет хөгжүүлэгчдийн ажиллуулдаг үйлчилгээ тул ашиглахад илүү зохимжтой гэж үзэж байна. Үүнийг ашиглахын тулд заавал аккаунт нээнэ. Төлбөрийн хувьд олон шатлалтай ба ямар ч төлбөргүй хэрэглэх сонголт ч бий. Төлбөрийн хэмжээ нь ашиглах ресурсын хэмжээтэй уялдаатай. Төлбөргүй үйлчилгээ авна гэвэл тооцоолуурын санах ойг 1 GB, 1 CPU бас тооцооллын нийт хугацааг сард 25 цагаар хязгаарлана. Бас тооцооллын нэг удаагийн тушаал буюу нэг дор ажиллуулах програмын кодын тасралтгүй ажиллах хугацаа ихдээ 1 цаг байна.

Интерфейсийн хувьд шууд л RStudio IDE дээр ажиллана. Бас R програмын хувилбаруудаас сонгон хэрэглэж болно.

Бусад

Харьцуулалтын үеэр replit.com ба runcode.io зэрэг үйлчилгээ анхаарал татсаныг тэмдэглэе. Эдгээр нь зөвхөн R гэлтгүй өөр олон програмчлалын хэлийг тусгацгаажээ. Мөн эдгээрийг сард ашиглах хугацаа, тооцоолуурын хүчин чадал зэрэг хязгаарлалттайгаар үнэ төлбөргүй ашиглаж болох юм байна.