Өнгөрсөн жилийн зудыг хүмүүс мартаагүй л байх. Газар шорооны хамгаалалт болсон ургамлыг талхалж байсан тэр олон малыг бага ч гэсэн цөөлсөн. Бас хэн нь жинхэнэ малчин байсныг гайгүй сайн шалгаж, залхуу хойрго, малч ухаангүй хэдэд овоо сургамж өгсөн. Энэ бол зуд зэрэг байгалийн бэрхшээлийн сайн тал нь юм. Товчхондоо байгалийн шалгарал.. За энэ ч яах вэ, хөндөх гэсэн сэдэв рүүгээ оръё.

Тэр үед хаа сайгүй л "нэг өдрийн цалингаа хандивлах" моод дэлгэрсэн. Үүнийг зарим нь дэмжиж байж болох л юм. Харин би хувьдаа үүнтэй санал огт нийлэхгүй байгаа. Хамаг учир цаад мөн чанарт нь л байгаа юм.

  1. Тэр хандивын мөнгийг хэн гардуулж өгч байна вэ? Дарга захирлууд л зурагт, радиогоор өөрсдийгөө "рекламдаад" байсан. Хоногийн хоолны мөнгөнөөсөө наашаа харж инээж, цаашаа харж уйлан байж илүүчилсэн хүмүүс.. ор нэргүй. Хэгжүүхэн хэлэхэд "Хүний юмаар хүүдэгнэгчид". Үйлдвэрийн ажилчдын нэг өдрийн цалин болох 150 сая төгрөгийг үйлдвэрийн ерөнхий захирал *.*а*зориг 2010 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболдод хүлээлгэн өгөв. эх сурвалж
  2. Бэлэнчлэх сэтгэлгээ.. Социалист нийгмийг унагасан хүчин зүйлсийн нэг гэж боддог юм. Намайг хүүхэд байхад амтай бүхэн л бэлэнчлэх сэтгэлгээ гэж ярьдаг байсан. Сүүлийн үед эрч нь сулраа юу даа?
  3. Малын даатгал.. Монголчууд эцэг өвгөдийн үеэс малчид л байсан. Тэдний минь үед зуд болдогоороо л болж байсан нь лавтай. Тэгвэл тэр "хүнд" үед өвөг дээдэс маань яаж аж төрж байсан юм бол доо. Нэг өвөл л хиарчихаар юм биш үү, одооныхоор бодоход. Түүнтэй харьцуулахад одооны малчид харин ч боломжийн нөхцөлд байна. Энэ нь Малын даатгал. Хүний төлөө мал маллаж байгаа биш шүү дээ. Тиймээс бусдаас тусламж эрж, биднийг туслах ёстой юм шигээр санаж байснаас малаа даатгуулах хэрэгтэй. Мөн "Улаан загалмай" гэж энгүй их буянтангууд байна. Одооны малчдыг өвөг дээдсийн үед аваачаад өвөлжүүлж үзэх юм сан.
  4. Мал маллах, бэлчээр устайгаа харьцах, цаг агаар, тэнгэр газраа шинжих гээд малчин зоны агуу их мэдлэг, олон зуунаар төлөвшин тогтсон соёлыг уландаа гишгэсний гор одоо гарч байна. Ахмад үеэ улирч одохоос нь өмнө малч эрдмийг өвлөн авах шаардлагатай байна.
  5. Залхуу хойрго зан. "Мянгат малчны хот дүүрнээрээ байхад хажууханд нь байх айлуудын мал хиарсан байна" гэх үгийг цөөнгүй удаа сонссон. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг л тэр дээ.
  6. Малаас аажимдаа татгалзах нь ч зөв байж мэдэх юм. Монгол улс гэмгүй царайлчихаад шаггүй их хэмжээний хүлэмжийн хийг мал аж ахуйгаас зөвхөн амьд мал төдийгүй, өтөг бууцнаас бүр цаашилбал махан хүнст бид ходоод гэдэснээсээ ялгаруулж байгаа даа. Шинжлэх ухаан ургамлын гаралтай хоол хүнсээр махыг бүрэн орлуулж болохыг нотолчихоод байхад шөнө зүүдлэн байж махаа зооглосоор байх уу? Энд идэш тэжээлийн холбоонд үндэслэсэн био-массын суваргыг аваад үзье л дээ. Хүн тэр суваргын оройд залардаг. Үүнд зарим нь маадгар байдаг байх, оройд нь заларч суугаа гээд. Гэвч суваргын дагуу дээшлэх тусам шим тэжээлт бодис улам багасдаг. Хүний биед хэрэгтэй, ач тустай эрдэс бодис, органик нэгдлүүд харин суваргын ёроолоор хөглөрч байдгийг ямар ч биологич хэлээд өгнө. Гэтэл бид цамаан загнаад суваргын орой хавьдаа хоргодон бөөгнөрсөөр.. Нэг л өдөр суварга /эх дэлхий, амьд байгаль/ маань нурж бид их л өндрөөс унана даа. Харин суваргын "суурь" үлдэж хоцорно.
  7. Цааш улам хадуурвал.. "Мал төрийн хамгаалалтад байна" .. Хэлэх ч үг олдохоо байлаа. Та бүгд өөрсдөө нэгийг хэлнэ биз ээ.