Веб сайтаа босгохдоо хуримтлуулсан мэдлэг, туршлагаасаа та бүгдтэй хуваалцахдаа нэн таатай байна. Аль болох энгийн ойлгомжтойгоор бичихийг хичээе.

Веб сайт ажиллуулах нөхцөл, шаардлага бүрдсэн эсэх. Юуны өмнө өөртөө веб сайт хэрэгтэй эсэх, хэрэгтэй бол юунд хэрэгтэй, ямар чиглэлээр яаж ажиллуулах зэрэгт хариулт өгөөрэй. "Ажлыг төлөвлөх нь нийт ажлынхаа талыг гүйцэтгэлээ гэсэн үг" гэлцдэг дээ.

Домэйн нэрний сонголт. Нэргүй хүн байдаггүйтэй адил домэйн нэргүй сайт гэж яаж байж болох билээ дээ. Домэйн нэрээ маш нухацтай бодож байж сонгох хэрэгтэй шүү. Гар утасны дугаартай адилгүй.

Домэйн нэрээ сонгосон даруйдаа л шууд худалдаад авахад гэмгүй шүү гэж зөвлөмөөр байна. Миний хувьд домэйн нэрээ сонгосноос хойш вебээ эхний байдлаар хийж дуусгаад вебсерверт байрлуулах хүртэл 3 сар шахуу хугацаа өнгөрсөн. Энэ хооронд нэг хүнээс айхтар хараал ерөөлийн үгийг цахим шуудангаараа хүлээн авсан. Бодвол, тэр хүний авах гэсэн домэйн нэрийг би урьтаад авсан юм болов уу даа. Хэрвээ домэйн нэрээ урьдчилж аваагүй бол өдийд өөр нэр олох гэж толгойгоо гашилгаж, бас оллоо ч гэсэн нэрнийхээ өөрчлөлтийг нэгэнт хийчихсэн сайтдаа тусгах гэж бөөн ажил болчихсон суухгүй юу.
MN домэйн нэрийг сонгох бол Датакомын сайтад аккоунт нээж түүгээрээ дамжуулан худалдаж авах нь оновчтой. Ямар нэг компани эсвэл хувь хүнээр дамжуулж авбал дараа нь адаглаад л "name server"-ийг /домэйн нэрийг веб хост руу заасан хаяг/ өөрчлөхөөс өгсүүлээд зовлонтой байдаг юм.

Веб сайтын төрөл. Статик эсвэл динамик. Динамик гэж шинэ мэдээллийг нэмэх, урьд оруулсан мэдээллээ засах болон нэмэлт өргөтгөлийг шууд хийх зэрэг боломжууд өөрт нь шингэсэн веб сайт гэж хэлж болох юм. Шаардлагагүй ч гэсэн динамик веб сайт хийх нь хожим ашигтай байх гэж зөвлөмөөр байна.

Шаардагдах програм хангамжуудыг бэлдэх. Мэдээж хоосон гараар веб хийхгүй нь ойлгомжтой. Дараах төрлийн програмууд хэрэгтэй. Үүнд:

  1. Веб сервер /Apache зэрэг/, өгөгдлийн сантай ажиллах, удирдах програм /MySQL зэрэг/, веб програмчлалын хэл /PHP/.
    Эдгээр нь бүгд үнэгүй програмууд бөгөөд тус тусад нь татаж аваад суулгаад ашиглаж болох ч тохиргоог нь хийж холбож ажиллуулна гэдэг хялбар биш. Ийм ч учраас дээрх гурвыг нэгтгэсэн WampServer /Windows, Apache, MySQL, PHP үгнүүдийн эхний үсгүүдийн нийлэмж/ зэрэг програмуудыг ашиглах нь түгээмэл байдаг. Бас үйлдлийн систем үл хамааран ажиллах Xampp гэдэг сервер байдаг ч Windows дээр WampServer-ийг ашиглах нь хялбар санагдсан.
  2. Хэрвээ вебээ 100 хувь өөрийн гараар хийхээр зорьсон бол веб сайт бүтээхэд зориулсан програмууд /DreamWeaver, phpDesigner гэх мэт/. Эдгээр нь вебийн загвар төрхийг гаргах, програмчлалыг хийж гүйцэтгэхэд туслах юм.
    Харин бэлэн Агуулга Удирдах Систем /Content Management System товчоор CMS/ ашиглах бол чухам алийг нь ашиглахаа сонгоно. Хамгийн өргөн тархсан нь гэвэл Joomla /Жуумла/. Энэ системийг монголд их ашигладаг гэж бодож байна. Мөн илэрсэн алдааг дор дор нь засчихдаг бололтой юм билээ. Намайг энэ веб сайтаа хийж байх сүүлийн сар гаран хугацаанд хоёр ч удаа шинэчлэгдсэн.
    Мөн агуулга удирдах систем ашиглаж байлаа ч гэсэн дээр нэр дурдсан шиг програмуудыг суулгасан байхад илүүдэхгүй. Учир нь тэдгээрийг ашиглан агуулга удирдах системийн өргөтгөлийг өөрөө бичих эсвэл бусдын бичсэн өргөтгөлийг засч өөрчлөхөд арай амар байдаг. Танд ингэж зөвлөж байгаа ч би өөрөө Notepad-аас өөр юм ашиглаагүй ээ.
  3. График дизайны програмууд. Ганц ч зураг оруулахгүйгээр аятайхан загвар дизайнтай веб сайт хийнэ гэвэл бүтэшгүйг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Мэдээж энд өөрийн хэрэглэж дадсан програмтайгаа явсан л дээр шүү дээ.
  4. ftp клиент програм /FileZilla зэрэг/ веб сайтаа сервер лүү хуулахад шаардагдана.
  5. Үйлдлийн систем. Энд анхаарах зүйл бол монгол гарын драйвер юм. Хэрвээ монгол гарын драйвер /MonKey, RealMon, Mongolian Ansi Keyboard/ ашиглаж монголоор бичиж байгаа бол нэн даруй зогсохыг зөвлөж байна. Эдгээр драйверууд нь сүүлийн үеийн Unicode кодчилолыг дэмждэггүй бөгөөд таны бичсэн монгол текстүүд дээрх драйверууд суугаагүй өөр компьютер дээр танигдахгүйд хүрэх юм.

Одоо та ажлаа эхлэхэд бэлэн боллоо. Би хувьдаа Galaa.mn домэйн нэр, WampServer, Joomla 1.5, GIMP зургийн програм, FileZilla бас мэдээж монгол гарын драйвер суулгаагүй үйлдлийн системийг бэлдсэн.

WampServer ба Joomla-г суулгах, Өгөгдлийн баазаа үүсгэх. WampServer-ийг жирийн програмын адилаар суулгачихна. Харин Joomla ашиглах тохиолдолд PHP-гийн хувилбарыг ухраах шаардлагатай.

зураг

Учир нь WampServer-ийн одоо /2010 оны 9 сарын 1/ байгаа сүүлийн 2.0i [07/11/09] хувилбар дахь PHP 5.3.0 хувилбартай Joomla 1.5 зөрчилдөж байсан. Иймээс PHP нэмэлтийг татан авч суулгасан.

Өгөгдлийн бааз ба баазын хэрэглэгчийг үүсгэх:

  1. WampServer-ийн цэснээс "phpMyAdmin" командыг өгнө. phpMyAdmin нь өгөгдлийн баазтай холбоотой бүхий л үйлдлийг гүйцэтгэх чадватай бөгөөд WampServer-тэй хамт сууна.
  2. Баазаа үүсгэнэ. Энд баазын текстийн кодчилолыг зааж өгч байна. Unicode UTF8 кодчилолыг сонгохыг зөвлөж байна.

    зураг

  3. Баазын хэрэглэгчийг үүсгэнэ. Ингэхдээ phpMyAdmin хуудасны зүүн хэсэгт байрлах баазын нэрсээс өөрийн баазыг сонгоно. Үүний дараа "Privileges" хавтанг нээгээд "Add a new User" командыг өгнө.

    зураг
    Үүний дараа нээгдэх хуудсанд баазын хэрэглэгчийн нэр, хост /вебээ Wampserver суусан компьютер дээрээ хийж байгаа бол "localhost" гэж оруулна/, нууц үг зэргийг оруулаад "Go" товчийг дарна.

    зураг

Joomla АУС-ийг суулгах:

  1. WampServer-ийн www хавтсанд веб сайтынхаа нэрээр хавтас нээнэ.
  2. Joomla/ZIP форматаар архивласан файл/-гаа тухайн хавтсандаа хуулаад задална.
  3. WampServer-ийн цэснээс Localhost командыг өгнө.
  4. Веб хөтөч ачаалагдаж Localhost хуудас уншигдана.
  5. Хуудасны зүүн доод буланд таны нээсэн хавтасны нэр харагдаж байх бөгөөд дээр нь дарна.

    зураг

  6. Хэл сонгох хуудас. Энд сонголт зөвхөн суулгах явцад л хамаатай. Хэлээ сонгоод "Next"
  7. "Pre-installation Check". Серверийн тохиргоог шалгах алхам. Энд бүгд ногоон байх ёстой. Wampserver-ийн хувьд "Display Errors" бас "Output Buffering" зэрэг тохиргоог л өөчлөх шаардлагатай байдаг. Үүнийг Wampserver-ийн цэснээс өөрчилдөг.

    зураг

  8. Лиценз. Шууд "Next" дарна.
  9. Өгөгдлийн баазын тохиргоо. Баазын төрөл /Бид MySQL бааз ашиглаж байгаа/, хост /localhost ашиглаж байгаа/, баазын хэрэглэгчийн нэр, нууц үг, баазын нэр мөн бааз дахь хүснэгтүүдийн нэрний угтвар бас хуучин хүснэгтүүдийг устгах эсэхийг зааж өгнө.

    зураг

  10. FTP тохиргоо. Шууд "Next" дарна. Учир нь бид Windows үйлдлийн систем дэх локал сервер дээр ажиллаж байгаа.
  11. Үндсэн тохиргоо. Энд сайтын нэр, өөрийнхөө цахим шуудангийн хаяг, админ хэрэглэгчийн нууц үг зэргийг зааж өгөхөөс гадна Joomla-гийн жишээ өгөгдлийг суулгах эсэхийг сонгоно. Жишээ өгөгдлийг суулгах нь дөнгөж шинээр суулгасан Joomla-гийнхаа бүтэц, ажиллах зарчмыг ойлгоход дөхөмтэй болгох болов уу гэж бодож байна.
  12. Сүүлчийн алхам. Joomla суусан хавтас дахь "installation" хавтсыг устгахыг сануулж, устгасныг шалгах алхам юм. "installation" хавтас Joomla-г задалсан Sample хавтас дотор байгаа. Хавтсыг устгасны дараа сайт эсвэл удирдлагын хэсгийг дуудаж болно.

Загвар буюу template. Веб сайтын хувьд загвар дизайн нэн тэргүүнд тавигддаг болохоор юуны өмнө загвар буюу template-ээ сонгон суулгах нь зөв.  Joomla-д зориулсан зүсэн бүрийн template-үүдийг интернэтээс хангалттай олныг олж болно. Мөн өөрийн хүссэнээрээ template Хийж болох ч мэргэжилтнүүдийн өндөр төвшинд хийсэн template-ийг суулгаад өөрчлөх нь илүү хялбар.

Хэл суулгах. Хэлний цөөн хэдэн багцууд дунд Монгол хэлний багц байгааг харахад ч сайхан шүү.

Веб сайтаа өргөтгөх. Одоо нэмэлт өргөтгөлүүд суулгаж веб сайтаа "хүчирхэгжүүлэх" цаг нь боллоо. Joomla-гийн өргөтгөлүүд компонент, модул, плагин гэж ангилагддаг. Joomla-гийн сайтаас төрөл бүрийн өргөтгөлүүдийг олж болно. Өргөтгөлүүдийг суулгахаас өмнө тухайн өргөтгөлийн талаарх бусад хүмүүсийн сэтгэгдэл сэлтийг сайн уншиж судлаарай. Бас demo сайтыг нь сонирхож болно. Сонгосон өргөтгөлөө суулгасны дараа түүнийгээ олон талаас сайн шалгаж туршиж үзээрэй. Хэрвээ тухайн өргөтгөлийг хэрэггүй гэж үзсэн бол тэр дор нь устгаж хэвших нь зөв. Устгасныхаа дараа өгөгдлийн бааз болон файл, хавтсуудаа шалгах нь зүйтэй. Учир нь хүснэгт, ганц нэг файл, хавтас үлдэж хоцорсон харагддаг.
Хэрвээ өргөтгөл суулгасан бас сайт чинь монгол хэлтэй бол өргөтгөлийнхөө хэлийг заавал монгол руу орчуулж байгаарай. Англи монгол хэл нэг дор хутгалдаж байвал зочид хэрэглэгчид чинь тааруухнаар үнэлж мэдэх юм.
Мөн өөрөө өргөтгөл бичих, бусдын өргөтгөлийг өөрчлөх зэргээр бүтээлчээр хандаж ч болно. Дандаа бэлэн юм идээд байвал хоолшихгүй шүү дээ. Дараачийн нийтлүүдэд өргөтгөл хэрхэн бичих талаар заавар зөвлөгөө оруулахыг бодно гээд ам алдчихъя.
Бас өөр нэг анхаарах зүйл бол өргөтгөл template-тэй чинь зөрчилдөх явдал юм. Энэ нь өргөтгөл алдаатай дүрслэгдэх зэргээр илэрдэг. Ийм тохиолдол их элбэг байдаг ч засахад харьцангуй хялбар.
Үүнээс гадна өргөтгөлүүд хооронд зөрчилддөг. Жишээлбэл EventList ба mfBlank өргөтгөлүүд зөрчилдөж байсан. Иймэрхүү зөрчлийн уг учрыг олоход харин төвөгтэй байж мэдэх юм.
Дашрамд хэлэхэд яг энэ л алхам хамгийн төвөгтэй нь байдаг бөгөөд надтай маш олон асуудал тулгарч, тэр ч хэрээр олон шөнө нойр хасан суухад хүрч байлаа. Бүр хоёр ч удаа хийж байснаа орхиж шинээр эхэлж байсан. Харин та тийм байдалд орохгүйн тулд чамбай ажиллаарай.

Цэс, нийтлэлийн бүлэг хэсэг, нийтлэлүүд ба бусад. Одоо цэс ба нийтлэл мэдээллийн ангиллаа үүсгэх, цэгцлэх болон бусад нарийн чимхлүүр ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Ингэснээр веб сайт тань бэлэн боллоо.

Шалгах, турших, зүгшрүүлэх. Веб сайтынхаа ажиллагааг дахин сайн нягтлан шалгаж турших хэрэгтэй. Хаана ямар ч санаанд оромгүй эсвэл мартаж орхисон алдаа, цоорхой байж болзошгүй. Бас IE6 дээр заавал туршиж үзээрэй. Бүр IE8 дээр ч веб алдаатай дүрслэгдэх тохиолдол байдаг. Бусад хөтчүүдийн хувьд ихэнхдээ үнэгүй, ойр ойрхон шинэчлэгдэж байдаг болохоор санаа зовоогоод байхгүй. Хамгийн том асуудал IE. Монголд IE хэрэглэгчид маш олон. Бас LCD болон CRT мониторууд аль алин дээр үзэхэд гэмгүй. Учир нь энэ хоёр технологи өнгө будгийг хоёр өөрөөр гаргадаг.

Веб хост худалдаж авах. Хийсэн вебээ ажиллуулахад веб хост шаардлагатай. Монголоосоо эсвэл шууд гадаадаас ч авч болно. Монгол хостууд /үнэхээр жинхэнэ хост үйлчилгээ үзүүлдэг компани байхыг үгүйсгэхгүй шүү/ гадны нэг dedicated хостыг авсанаа бидэнд давхар зардаг бололтой юм билээ. Ер нь шулуухан хэлэхэд веб хост гэж хэлэхэд ч хэцүү. Жинхэнэ хост бол удирдлагын самбар луу орох эрх олгож, тэнд нь бүх зүйлийг хийх бололцоотой байдаг. Жишээлбэл, дэд домэйн, ftp аккоунт, мэйл хаяг гээд л маш олон боломж нээлттэй байдаг. Харин монголчуудын дамжуулан зарсанд ганц нэг ftp аккоунт, хэдэн мэйл хаяг, тоотой хэдэн өгөгдлийн бааз /тэр баазаа удирдах phpMyAdmin-луу орох эрхгүй/ дагалдаж ирнэ дээ. Гэхдээ Joomla-гийн back-end буюу админ удирдлагын хэсэгт суулгаж, ажиллуулах, phpMyAdmin-тай төстэй өргөтгөл байдаг. Түүгээр дамжуулан өгөгдлийн баазаа хуулбарлан аваад байж болно. Харин буцааж сэргээхэд л жаахан ярвигтай.
Веб хостыг хэн нэгэн компани, хувь хүнээр дамжуулалгүй шууд өөрөө худалдаад ав гэж зөвлөх байна. Учир нь нэмэлт боломж ихтэй, үнийн хувьд хол зөрүү гарахгүй /олон улсын карт авах зэрэг нэмэлт зардлыг тооцсон үед, харин карттай тохиолдолд илүү хямд болно/.
Мөн веб хост маань дотроо shared ба dedicated гэсэн ялгаатай. Shared гэдэг нь таны веб байрлах компьютер дээр өөр олон тооны веб байрлана. Өөрөөр хэлбэл дундаа хэрэглэнэ гэсэн үг. Харин dedicated хостын хувьд нэг веб сайт дангаараа нэг компьютер дээр л ажиллана гэдгээрээ давуу. Гэхдээ үнийн хувьд чамгүй өндөр.
Ямар төрлийн веб хост сонгохоо хэрэгцээ шаардлага, санхүү төсөв зэргээсээ хамааруулан та өөрөө л шийднэ.
Мөн веб хост худалдаж авах хугацаа. Аль болох олон жилээр авбал төдий чинээ хямдардаг. Нүүр хуудас эсвэл энд тэнд байх танилцуулга, сурталчилгаа дээрх үнэ нь зөвхөн олон жилээр веб хост авах нөхцөлд хүчинтэй байдаг юм шүү. Мөн хямдралын купон, тусгай холбоос зэргийг ашиглаж хэдэн доллар хэмнэж болдог. Гэхдээ шальтай их биш ээ.
Веб хост авах шийдвэр гаргахаасаа өмнө сайн таньдаг вебмастер, админуудтай зөвлөлдөхөд гэмгүй шүү.
Миний хувьд өөрийн олон улсын эрхтэй төлбөрийн картаа ашиглан гадаадаас shared веб хост авсан. Веб хост худалдаж авахад, удирдлагын самбар луу нь орж ажиллахад сүйдтэй хэцүү зүйл байхгүй л юм билээ. Хэрвээ ойлгомжгүй зүйл гарвал тусламжийн хэсэгт нь төрөл бүрийн заавар зөвлөгөө хангалттай байдаг болохоор ямар ч асуудалгүй гэж хэлмээр байна.

Сервер дээрх тохиргоо. Дараах зүйлсийг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Веб хостынхоо "Nameserver"-ийг өөрийн домэйн нэртэйгээ холбоно. Жишээлбэл, MN домэйн нэрний хувьд Датаком.мн сайт дахь аккоунт руугаа ороод "Миний данс"/"Domains"/"List of Orders"/"Таны домэйн нэр"/"Name Servers" хуудсанд дээрх "NameServer"-ийн нэрийг оруулж өгнө.
  2. Домэйн нэрээ нэмж өгнө. /веб хост худалдаж авах үед нэмэгдэж болно/
  3. Өгөгдлийн бааз, баазын хэрэглэгчээ үүсгэнэ.
  4. ftp хэрэглэгчээ үүсгэнэ. /веб хост худалдаж авах үед автоматаар үүссэн байж болно/
  5. Шаардлагатай тохиолдолд дэд домэйн үүсгэнэ.
  6. Шаардлагатай бол цахим шуудангийн хаяг үүсгэнэ.

Локалхост дээрх сайтаа хуулбарлаж авах. Өгөгдлийн бааз бас мэдээж файлууд энд хамаарна. Файлууд гэдэг маань Wampserver-ийн www хавтсанд бидний үүсгэсэн Sample хавтас доторх бүхий л дэд хавтас болон файлууд юм.
Өгөгдлийн баазыг хуулж авах:

  1. WampServer-ийн цэснээс "phpMyAdmin" команд өгнө.
  2. Нээгдэх хуудаснаас өгөгдлийн баазаа сонгоно.
  3. "Export" хавтанг нээнэ. Одоо "Save as file" сонголтыг чагтлаад "Go" товчийг дарна.

Өгөгдлийн баазаа сервер лүү хуулах. Локалхост дээр "Export" хийж байсан бол одоо энд "Import" хийхээрээ л ялгаатай. Хадгалж авсан файлаа зааж өгөөд "Go" товч дарна.

Веб сайтын тохиргоо. Joomla-гийн бүх тохиргоо "configuration.php" файлд бичигдсэн байдаг. Дараах тохиргоонуудыг серверээсээ хамааруулан өөрчилнө. Үүнд:

  1. log_path - лог хавтасны замаа заана
  2. tmp_path - темп хавтасны замаа заана
  3. live_site - веб сайтынхаа бүрэн URL хаягийг бичнэ
  4. host - өгөгдлийн баазын хостын хаягийг заана
  5. user - өгөгдлийн баазын хэрэглэгчийн нэрийг заана
  6. db - өгөгдлийн баазын нэрийг заана
  7. password - өгөгдлийн баазын хэрэглэгчийн нууц үг

Үүнээс гадна "MetaDesc" болон "MetaKeys" хувьсагчийн утгыг өөрчлөхөө мартуузай. Гүүглэдэж байхад тайлбар нь тэр чигээрээ яваа веб сайтууд цөөнгүй тааралддаг.

Файлуудаа сервер лүү хуулах. ftp клиент програмаа нээж ftp аккоунтынхаа мэдээллийг /хост, хэрэглэгчийн нэр ба нууц, шаардлагатай тохиолдолд портын дугаар/ оруулж хосттой холбогдоно. Одоо домэйн нэрээ холбосон хавтсандаа файлуудаа хуулна. Сервер чинь Apache бол "htaccess.txt" файлын нэрийг ".htaccess" болгож өөрчилсөнөөр mod_rewrite модултай ажиллах, тодруулбал, зарим энгийн халдлагыг зогсоох, хайлтын системд нийцтэй холбоос үүсгэх болон өөр бусад тохиргоог нэмж өгөх боломжтой нээгдэнэ.

Сервер дээрх сайтаа шалгаж, турших. Локалхост дээр ямар ч асуудалгүй ажиллаж байсан ч гэлээ сервер дээр хуулсан хойноо заавал шалгаж, туршиж үзэх хэрэгтэй. Учир нь локалхост ба сервер дээрх програм хангамжууд, мөн тэдгээрийн тохиргоо ихэнхдээ ялгаатай байдаг. Ерөөсөө сервер бол огт өөр орчин гэж бодох хэрэгтэй.

За амжилт хүсье.