Subdomain үүсгэж сайт байрлуулах тухай
Дэд домэйн нэр буюу subdomain үүсгэх, түүгээрээ веб сайт байрлуулах
Сүүлийн хэд хоногт асуулт, тусламж хүссэн агуулгатай захидал цөөнгүй ирлээ. Ядахад ажил их байгаа болохоор зарим сонирхолтой бөгөөд чухал асуултуудыг тухтай үзэж хариу бичих завдал гарахгүй л байна. Эхний удаад хамгийн хялбарт нь хариулъя.
Subdomain үүсгэж түүгээрээ веб сайт хаяглаж байрлуулж байхдаа ямар нэг зүйлийг буруу хийгээд улмаар өгөгдлийн баазаа устгасан гэх маягийн зүйлийг асуусан байна. Мөн веб сайтынхаа домэйн нэрийг давхар дурдсан байсан. Үүнтэй холбогдуулан хэлэхэд аливаа асуудал гарсан үед бусдаас асууж зөвлөгөө авахдаа вебсайтынхаа домэйн нэрийг дурдахгүй байх нь зүйтэй болов уу. Миний бодлоор домэйн нэр бол заавал сайнаар дуурсагдаж баймаар санагддаг юм. За ингээд гол сэдэв рүүгээ оръё.
Дэд домэйн нэрээр эсвэл өөр ямар нэгэн домэйн нэрээр веб сайт байрлуулах гэж байгаа бол дараах зөвлөгөө танд хэрэг болно. Урьдчилан захихад ажлаа эхлэхээсээ өмнө уг заавар зөвлөгөөг дуустал нь уншаарай гэх байна.
Домэйн нэр Дэд домэйн нэрийг үүсгэх хоёр арга байна. Дурдвал,
- Веб хост дээр
- Домэйн нэр бүртгэгч дээр
эдгээр болно.
Веб хост дээр дэд домэйн нэр үүсгэж веб сайт байрлуулах нь харьцангуйгаар хялбар юм. Жишээ болгон "domain.mn" нэр авъя. Энэ нэрээ веб хостдоо холбочихсон бөгөөд "sub.domain.mn" дэд домэйн нэр үүсгэх гэж байгаа гэж саная.
Хэрвээ ингэж холбохыг мэддэггүй бол дор тайлбарлан бичих домэйн нэр бүртгэгч дээр дэд домэйн хэрхэн үүсгэж веб хосттойгоо холбохыг уншаарай. Домэйн нэрийг веб хосттой холбох нь дэд домэйнийг веб хосттой холбохтой зарчмын хувьд яг адилхан.
Веб хостын удирдлагын самбарт домэйн нэртэй холбогдох үйлдлүүдийг гүйцэтгэх функцүүд тусгагдсан байдаг. Эдгээрийн тусламжтайгаар шинээр домэйн нэр бүртгэх, шилжүүлэх, дэд домэйн нэр үүсгэх, домэйн нэрийг сервер дэх хэрэглэгчийн хавтас буюу веб сайт руу заах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэдэг.
Ингээд домэйн нэрнүүдийн жагсаалт бүхий хуудас руу оръё. Ихэнх тохиолдолд domain.mn нэр дээр дарахад уг нэртэй холбойтойгоор хийж болох үйлдлүүд гарч ирдэг. Эндээс subdomain үүсгэх гэдгээр ороход дэд домэйн нэр болон ямар хавтас руу заахыг асуух болно. Тухайлаад "folder" хавтас руу зааж байгаа гэвэл энэ нэрээ оруулна. Энд мэдээж "folder" нэртэй хавтсыг үүсгэх болон веб сайтаа хуулж байрлуулаад өгөгдлийн сантайгаа холбох зэргийг аль хэдийн хийж гүйцэтгэсэн байх ёстой.
Уг хавтасны нэрийг сервер компьютер дэх замаар биш харин FTP-ээр ороход харагддаг замаар зааж өгнө. За ингээд Save эсвэл Add гэх зэрэг харгалзах товчийг дарна.
Нэмж хэлэхэд серверүүд өөрийн гэсэн онцлогтой байдаг тул энд зөвхөн нийтлэг ерөнхий тайлбар өгсөнийг анхаарна биз ээ.
Одоо домэйн нэр бүтгэгч дээр дэд домэйн нэр үүсгэх талаар бичье. "sub.domain.mn" домэйн нэрийн хувьд МН домэйн нэрийг бүртгэгч Датаком-ын веб сайт руу орж өөрийн данс руугаа нэвтэрнэ. Энд бас л таны дансанд бүртгэлтэй байгаа домэйн нэрсийн жагсаалт байх бөгөөд эндээс "domain.mn" нэр дээр дарахад дэд домэйн үүсгэх холбоос гарч ирнэ. Ингээд дэд домэйний нэр дээрээ "sub" гэдгээ бичиж өгөөд харин NameServer-т "sub.domain.mn" нэрээр хаяглагдах веб сайтынхаа байрлах веб хостын NameServer-ийг оруулаад хадгална. Харин веб хост дээрээ "sub.domain.mn" нэрийг нэмж оруулаад аль хавтас руу заахыг нь оноож өгнө.
Домэйн нэр үүсгэх ба холбохоос өмнө веб хост дээрээ веб сайтынхаа байрлах хавтсыг үүсгэж дотор нь веб сайтынхаа файлуудыг хуулж бас өгөгдлийн сан, өгөгдлийн сангийн хэрэглэгчийг үүсгэж улмаар веб сайтаа өгөгдлийн баазтайгаа холбож өгсөн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, домэйн нэр холбохоос өмнө веб сайт чинь бүрэн гүйцэд ажилладаг болсон байх шаардлагатай.
Веб сайтын файлууд Subdomain /жишээлбэл "sub.domain.mn"/ нэрээр сайт байрлуулах ба domain нэрээр /жишээлбэл "domain.mn"/ веб сайт байрлуулах нь зарчмын хувьд ямар ч ялгаагүй байдаг. Веб хост дээрх веб сайтууд тус тусдаа нэг хавтсанд байрладаг. Иймээс веб хост дээрээ хэд хэдэн веб сайт байрлуулах гэж буй бол FTP-гээр шууд ханддаг үндсэн зам дээр байрлах хавтасны дотор шинэ хавтас үүсгэж, тэр шинэ хавтсандаа веб сайтынхаа файлуудыг хуулах нь зүйтэй. Дараа нь мэдээж энэ л хавтсаа домэйн нэртэйгээ холбож өгнө шүү дээ. За ингээд файлуудаа байрлуулчихлаа. Тэгвэл дараагийн ажил бол өгөгдлийн сангаа бас өгөгдлийн сангийн хэрэглэгчээ үүсгэх юм. Үүнийг FTP-гээр веб сайтын файлууд хуулагдаж байх хооронд хийвэл тохиромжтой байдаг. Товчхондоо цаг хожно гэсэн үг.
Өгөгдлийн сан Файл хавтастай ажиллахад FTP клиент /FileZilla зэрэг/ програмыг ашигладаг бол өгөгдлийн сантай ажиллахад PHPMyAdmin-ыг ашигладаг. PHPMyAdmin нь бараг бүх веб хостод байдаг. Үүний тусламжтайгаар өгөгдлийн сантай холбогдох бүхий л зүйлс, тухайлбал, өгөгдлийн сан ба хүснэгт үүсгэх, устгах, засварлах, экспортлох ба импортлох, хэрэглэгч үүсгэх, эрхийг нь өөрчлөх, устгах зэргийг хийдэг.
Уг асуултыг асуусан хүн веб сайт хийх, ажиллуулах талаар суурь мэдлэгтэй нь нэгэнт тодорхой тул бүх зүйлийг нэгбүрчлэн тайлбарлахыг орхиж харин анхаарууштай зүйлүүдийг л дурдъя. Шаардлагатай гэж үзвэл PHPMyAdmin-ыг хэрхэн ашиглахыг хожим тайлбарлаж бичих болно.
- Веб хостуудын дийлэнх нь өгөгдлийн сангийн тоог хязгаарлахаа больсон тул нэг веб сайт : нэг өгөгдлийн сан гэсэн зарчмыг баримталсан нь харьцангуй амрын дээр найдвартай. Ганц өгөгдлийн санд олон сайтын мэдээллийг хадгалах тохиолдолд хүснэгтийн нэрний угтварыг сольж будилах, андуурч өөр сайтын хүснэгттэй ажиллах гээд эрсдэл ихтэйгээс гадна өгөгдлийн сангаа хуулбарлаж авах, сэргээхэд ч төвөгтэй болж ирдэг.
- Шинээр веб сайт байрлуулж байгаа тохиолдолд өмнө байрлуулсан сайтынхаа тухайлбал, Joomla сайтын хувьд configuration.php файлыг хуулж авч байгаад засварлаж өөрчлөөд ашигладаг. Энэ тохиолдолд өмнөх сайтынхаа өгөгдлийн сангийн нэр, өгөгдлийн сангийн хэрэглэгчийн нэр ба нууц үгийг өөрчлөлгүйгээр шинэ сайтынхаа хавтсанд хуулж улмаар шинэ сайтаа ажиллуулсанаар хуучин сайтын мэдээллийг эвдэхэд хүрдэг. Иймээс шинээр байрлуулж байгаа сайтын хувьд тохиргоог нь сайтар нягтлан шалгаж хэвших хэрэгтэй.
- Веб сайт бүр тус тусдаа өгөгдлийн сантай байлаа ч гэсэн хүснэгтүүдийнх нь нэрний угтварыг ялгаатайгаар зааж байх хэрэгтэй. Энэ нь импортлохдоо өөр өгөгдлийн сангийн мэдээллийг андуурч оруулсан тохиолдолд бөөн холион бантан хутгагдахаас сэргийлнэ. Ийм тохиолдолд "буруу" хүснэгтүүдээ буцааж устгахад л бүх зүйл хэвэндээ орно. Харин хүснэгтүүд яг адил угтвартай байсан тохиолдолд "буруу" мэдээллүүдийг олж устгах гэдэг туйлын бэрх ажил болно.
За одоо бүгдээрээ тодорхой ойлголттой болсон учраас мэйлээр ирсэн асуултыг хамтдаа уншаад хариултыг нь олцгооё.
сайн байна уу б анх удаа жүүмла сайт удирдаж байна (сайтын нэр хүндэд халдахгүйн тулд энд бичигдсэн байсан домэйн нэрийг дарлаа)
би одоо сабдомайн нээх гэсэн юмаа (дэд домэйн нэр) үндсэн home/public.html дотроо hicheel гэж фолдер үүсгээд тэр дотроо жүүмлагийн инсталл хуулаад суулгасан чинь үндсэн домайн маань \"домэйн нэр\" тохируулга нь алдагдаад бүүр анхны default template ээрээ болоод бих өгөгдлийн бааз устчихлаа одоо би яавал дээр вэ туслаач
Миний бодлоор, Joomla суусан гэж байгаа юм чинь "дэд сайт" нь "үндсэн сайт"-аас тусдаа хавтсанд хуулагдсан, "бих өгөгдлийн бааз устчихлаа" гэдэг нь дээр дурдсанчлан яг нэг өгөгдлийн сан луу заагдсан ба Joomla суухдаа тэнд байсан хүснэгтүүдийг өөрчилсөн бололтой. Үүнээс шалтгаалан "үндсэн домайн маань \"домэйн нэр\" тохируулга нь алдагдаад бүүр анхны default template ээрээ болоод" гэх зүйл болсон гэж дүгнэж байна. Учир нь ямар темплейт сонгогдон ашиглагдаж байгаа тухай мэдээлэл өгөгдлийн санд хадгалагдаж байсныг Joomla шинээр суухдаа өөрчилж орхисон хэрэг л дээ.
"өгөгдлийн бааз устчихлаа одоо би яавал дээр вэ туслаач" гэдгийн тухайд Joomla суулгаж байхад өгөгдлийн сан тэр чигээрээ устах нь боломжгүй гэж санагдаж байна. Учир нь иймэрхүү үйдлийг PHPMyAdmin-аас л хийж гүйцэтгэдэг. Харин хүснэгтүүд ба түүн дэх бичлэгүүд устаж болно. Миний хэлэх шийдэл гэвэл Joomla нь шинээр суухдаа нэр давхардсан хүснэгтүүдийн нэрний угтварыг bak_ гэж өөрчлөөд хадгалдаг. Тэгэхээр тухайн өгөгдлийн сан дотроо байгаа jos_ угтвартай хүснэгтүүдийг утсгаад харин bak_ угтвартай хүснэгтүүдийн нэрийг jos_ /хуучин угтвар нь jos_ байсан болоод л Joomla суулгахад bak_ болсон байж таарна/ угтвартай болгож өөрчлөхөд л хангалтай.
Эцэст нь хэлэхэд маш хянуур, нямбай ажиллаж байгаараа л гэх байна. Мөн нөөц хуулбар авахдаа огт залхуурч төвөгшөөж болохгүй. Эцсийн эцэст нөөц хуулбар л аминд орох болно.