Цэрэг татлагын комиссоор орж үзээ ч үгүй залуус байдаг л байх. Харин би 10 удаа орчихжээ. Орсоор байгаад сүүлдээ бүр догьширч дууссан даа. Анх орж байгаа хүүхдүүд нэг л их аймаар газар луу учир зүггүй аваад явчихна гэж боддог юм уу бүү мэд.. айж хулгасан байдалтай зогсоцгоож харин ар гэрийнхэн нь гадаа хашааны цаана хүлээж харуулдаад л.. За тэгээд үзэж харах зугаатай зүйлс мундахгүй их шүү дээ. Комиссоор орж байсан залуус мэднэ дээ. Тэдгээр зугаатай, хөгтэй зүйлсийг цэргийн албаа хэрхэн "хааснаа" дурдсаны дараа залгуулан бичье.

Саяхан нэгэн хуудас хүлээж авсаны учир нь "цэргийн албыг мөнгөн төлбөрөөр дүйцүүлэн хаах" болсоныг мэдэгдэхэд байлаа. Хуулийн заалт ёсоороо их дээд сургуулийн оюутан бас эрүүл мэндээр тэнцэхгүй зэрэг шалтгаануудаар цэргийн албанаас чөлөөлөгдөж байсан бол цэргийн нас хэтрэхээрээ мөнгөн төлбөр төлөх ёстой байдаг юм байна. Гэхдээ тэр төлбөрөөс чөлөөлөгдөх ядаж л тодорхой хэмжээгээр бууруулах арга байдаг л юм байна. Тэр нь иргэний үүргээ сайн биелүүлж зарлан ирсэн тухай бүрт нь цэрэг татлагын комиссоор орох, цэргийн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж байх явдал юм байна. "Залуус хаягаа солиод алга болдог нь буруу. Цэргийн албанаас зүгээр нэг тавиад туучихгүй" гэх утгатай үгийг цэргийн штабын офицер хэлж танил нөхөд, хамаатан садандаа "үүргээ сайн биелүүлээрэй" гэж захиж сайн сурталчлаарай гэнэ ээ. Миний хувьд шинэчилсэн бүртгэлд байнга хамрагдаж бас цэрэг татлагын комиссоор хангалттай олон удаа орж нүдний хараа муу болохоор цэргийн албанаас чөлөөлөгдсөөр ирсэн юм. Энэ нь мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохыг өнөөх офицер маань хэлж тайлбарлаад нэг өргөдөл бичүүлж аваад л үлдсэн дээ.

За нөгөө яриандаа эргээд оръё. Хэрвээ оройтож очвол дүүргийнхээ хамаг л болж бүтэхгүй этгээдүүдийн дунд орчихдог болохоор аль болох эрт очиж орохыг хичээдэг болсон. Өнөөх атаманууд журам сахиулах цагдаа бас цэргийн штабын офицерүүдийн өөдөөс яаж ч чадахгүй мөртөө жагсаалын цэргүүдэд "чи ард болоод гараад ирнээ" гэж томорцгооно. Харин цагдаа нар жирийн биднийгээ дарамталж бас эргээд цэргийн офицерүүдэд сайн дэглүүлнэ дээ. Нэг удаа штабын дарга хурандаа нэгэн цагдааг "чи цэргийн албанаас зугтах гэж л цагдаа болоо биз. Байж байгааг нь.. доожоогүй гэдэг нь. Алив нэг ёслоодох." гээд олны нүдэн дээр доош нь хийж өгдөг юм даа.

Үүнээс гадна цэрэгт татагдахгүй гэж шийдсэн гарууд элдэв жүжиг тоглож өгнө. Худлаа өвдөнө, бэртэнэ, элдэв гачлан тоочно. Нэг удаа гараа шалбалчихаад гялгар уутаар боочихсон этгээд сандал дээр сууж байснаа шалан дээр хэвтчихэж билээ. Шалбархайнаас болоод суух тэнхэлгүй болно гэж юу байх вэ.

Бас "Би одоо цэрэгт явна. Тэр анги руу явуулж өг." гэж сүржигнэх нэгэн ч тааралдана. Эсвэл зүгээр л үсээ хусуулчихсан цэрэгт татагдахад бүх талаараа бэлэн ирнэ. Бүр хөөрч савсан зарим нь цэргийн хуаран руу бус харин эрүүлжүүлэх байр луу ачигдах шахна.

Миний хувьд тэгс ингэсхийгээд цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад л гараад явчихдаг байсан болохоор цааш юу болдогийг мэдэхгүй л дээ. Харин цэргийн албыг биеэр хаасан залуус үргэлжлүүлнэ биз ээ.