Интернэттэй компьютерээ эсвэл интернэтийнхээ үзүүрийг булаацалдаад "дайн" дэгдээж байна уу? Манайд ч бас ийм дайн дэгдэхэд ойрхон байсныг амжилттай сэргийлэн зайлуулж чадлаа.

Интернэтийг салаалах арга гэвэл лав гурван арга байна. Уг аргуудыг нэг бүрчлэн судалсаны эцэст өөрийн хэрэглээндээ тааруулан нэг аргыг нь сонгосон. Ингээд ганц ч гэсэн айлын "дайн" зогсоход нэмэр болно хэмээн найдаж өөрийн хийсэн ажлаа бичье.

Эхлээд чухам ямар аргаар интернэтээ салаалах вэ гэдгээ шийдсэн. Үүний тулд эхлээд жаал жуул юм уншиж судлаад дараа нь өөрийн хэрэглээний нөхцлөө тооцох замаар интернэт салаалах аргаа сонгосон. Хэрэглээний нөхцөл гэдэгт хичнээн лэптоп болон десктоп компьютертэй, эдгээрийн хэд нь кабелиар холбогдох, хаана ямар зайд яаж байрлах, тэжээлийн эх үүсвэр ба интернэтийн үзүүрийн байрлал мөн нэмэлт монтаж хийх боломж зэрэг тооцогдсон.

Ингээд интернэт салаалах боломжуудыг авч үзье.

Cross холболт Хоёр компьютерийг холбоно. Интернэт салаалахын тулд аль нэг компьютер нь хоёр сүлжээний төхөөрөмжтэй байх шаардлагатай. Лэптопнуудын хувьд Wi-Fi ба LAN хоёулантай учраас хоёр лэптоп холбоход ямар нэгэн нэмэлт төхөөрөмж болон зардал гаргах шаардлагагүй. Нэгд нь LAN-гаар интернэт өгөөд wireless-аар нь нөгөөд нь дамжуулчихна. Харин десктоп компьютерийн хувьд нэмэлт карт суурилуулах шаардлагатай болно. Харьцангуй хямд төсөр шийдэл боловч сүлжээг цааш өргөтгөх боломж хязгаарлагдмал юм.

Hub эсвэл Switch ашиглах Уг төхөөрөмжөөс гадна интернэт бүхий компьютер нь хоёр сүлжээний карттай байх шаардлагатай. Нэг рүү нь интернэтийн үзүүрээ оруулж нөгөөг нь hub/switch рүүгээ залгана. Бусад компьютерүүдийг hub/switch-нд холбоно. Ийм сүлжээг ажиллагаатай байлгах тулд толгой компьютер гэгдэх анхны компьютерийг заавал асаах болдог. Компьютер ба hub/switch-ийг холбох сүлжээний утас гэх зэргээр өртөг зардал ихтэй.

Router ашиглах Энэ төхөөрөмж сүлжээний толгой компьютер ба hub/switch-ний үүргийг давхар гүйцэтгэж чаддаг. Гол давуу тал нь утасгүй сүлжээг үүсгэдэг явдал юм. Иймээс лэптопыг wireless-аар нь шууд л холбох боломжтой. Сүлжээг анх тавих ба хожим өөрчлөхөд хялбар. Үнэ өртгийн хувьд ч боломжийн. Компьютерийн дэлгүүрүүдэд өрх гэр ба жижиг албан газрын хэрэгцээг хангахуйц router боломжийн хямд үнээр худалдаалагддаг болсоныг дуулгая. Хэрвээ сүлжээг өргөтгөх шаардлагатай өөрөөр хэлбэл илүү олон компьютерүүдийг кабелиар холбох бол switch нэмж залгах харин утасгүй сүлжээний хамрах хүрээг өргөсгөх бол өөр router нэмж залгахад хангалттай. Сүүлийн тохиолдолд нэмж холбосон router-ийг route (замчлах) биш харин bridge (гүүрэн) горимоор ажиллуулах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл "утасгүй сүлжээний switch" болгоно.

Манайх нэг десктоп компьютер бас хоёр лэптоптой ба эдгээр нь бүгд интернэтэд зайлшгүй холбогдсон байх шаардлагатай ба дор хаяж хоёр нь нэг зэрэг ажиллаж байдаг. Иймээс хамгийн тохиромжтой нь router ашиглан салаалах болж байгаа юм. Мөн принтерээ share-лэхээс эхлээд десктоп компьютер дээрээ дундын /share/ хавтас үүсгэх бас интернэт холболтын утас кабелийг далд монтаж татаж зориулалтын залгаварт холбох гээд сүлжээ тавихад хийгддэг бусад ажлуудыг ч хийлээ. Мөн холбогдож байгаа компьютерүүд маань өөр өөр үйлдлийн системтэй (Windows ба Ubuntu) учраас хүндрэл гарсаныг нь Samba ашиглаад аргалчихсан.

Router-ийг холбох ба тохируулах За энэ их амархан санагдсан. Шаардагдах зүйлс гэвэл

  1. router
  2. router-ийг дагалддаг холбогч кабель утас
  3. router-ийн тохиргоонд нэвтрэх хаяг, нэр ба нууц үг
  4. LAN карттай компьютер
  5. лэптоп зэрэг Wi-Fi-тай төхөөрөмж (утасгүй холболтыг шалгахад)

эдгээр болно. Нэмж хэлэхэд router-ийг дагалдах номонд тохиргоо руу нь нэвтрэх хаяг, нэр ба нууц үг зэргийг заасан байдаг. Тэгэхээр хүнээс хуучин router авсан эсвэл авах бол эдгээрийг заавал нэхэж мэдэж авах хэрэгтэй. За ингээд эхэлцгээе.

  1. Интернэтийн үзүүрээ Router-ийнхээ WAN порт руу залгана. Router-ийг дагалддаг холбогч кабелиараа компьютер ба router хоёроо холбоно. Үүний тулд холбогч кабелийнхаа нэг үзүүрийг router-ийн LAN порт руу нөгөөг нь компьютерийнхээ LAN портонд залгана. Ингэснээр "hard" талын ажил дуусч байгаа юм. Одоо "soft" буюу програм талын ажил руу орно.
  2. Router ба компьютерээ асаагаад интернэт хөтчөө ачаалж нээнэ. Интернэт хөтчийнхөө хаягийн мөрт router лүүгээ хандах хаягаа бичээд харгалзах хуудсыг дуудна. Энэ хаяг нь миний худалдаж авсан router-ийн хувьд http://192.168.11.1/ байсан. Router нэвтрэх нэр ба нууц үгийг асууна. Миний хувьд нэр нь root ба нууц үг нь хоосон байсан. Гэсэн хэдий ч эдгээр нь router бүрийн хувьд өөр өөр байж болохыг анхаараарай. Бас тухайн router-ийн дэмжих үйлдлийн системээр дамжин нэвтрэх нь зүйтэй. Би Windows-ийг дэмжинэ гэсэн router-ийг Ubuntu-д холбочихоод асуудал гараад байхаар нь Windows-тэй компьютерт залгасан.
  3. Router-т нэвтэрсэний дараа эхлээд router-ээ интернэтэд холбоно. Router бүрийн тохиргооны хуудас харилцан адилгүй тул ерөнхийд нь яриад явъя. Интернэт эсвэл интернэт холболт гэх маягийн хэсэгт очно. Энд гол нь интернэт холболтын протоколоо зөв сонгох шаардлагатай. Манай интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид голцуу PPPoE (Point-to-Point Protocol over Ethernet) протоколыг ашигладаг юм шиг байгаа юм. Миний үйлчлүүлдэг Ситинет компани ч бас энэ пртоколтой байна. Эсвэл router-ийн түргэн холболт, амархан холболт гэсэн боломжийг ашигласан ч болно. Ингээд PPPoE гэж дамжихад интернэтээр хангагч компаниас чинь өгсөн хэрэглэгчийн нэр ба нууц үгийг асуусан хуудас гарч ирнэ. Хуудсыг бөглөөд хадгалсанаар router-ийг интернэтэд холбох ажил өндөрлөж байгаа юм. Хэрвээ router-ээ интернэтэд амжилттай холбосон бол тухайн компьютер чинь интернэттэй болсон байх ёстой.
  4. Одоо wireless сүлжээ үүсгэцгээе. Router-ийнхээ тохиргооны Wireless гэсэн хэсэг рүү орно. Энд SSID буюу сүлжээний нэр, сүлжээний нэрийг илээр цацах эсэх, ямар нууцлалтай байх мөн хичнээн wireless сүлжээ буюу SSID идэвхтэй ажиллах вэ гэх мэтийн зүйлсийг тохируулна. Ойр орчинд чинь утасгүй сүлжээ олноор цацагддаг бол SSID-гаа харж ялгахад хялбараар өгвөл тохиромжтой санагдсан. Энд хамгийн чухал зүйл бол сүлжээний нууцлал юм. Энэ талаар интернэтээс уншиж судалж байхад хамгийн тохиромжтой, нууцлал өндөртэй нь WPA2 (Wi-Fi Protected Access) бололтой. Энэ нь долгионоор дамжин тархах мэдээллийн урсгалыг тохиролцооны түлхүүрийн тусламжтайгаар кодлон дамжуулдаг ажээ. Мөн ийм хамгаалалттай утасгүй сүлжээнд холбогдоход уг түлхүүр үгийг асуудаг тул сүлжээний аюулгүй байдлаа хангая гэвэл түлхүүр үгээ гадны хүмүүст алдахгүй байхад анхаарах шаардлагатай.

Router ашиглах нь зөвхөн интернэтээ салаалж байгаа төдийгүй бас дотоод сүлжээ тавьж байгаа хэрэг юм. Ингэснээр принтер зэрэг төхөөрөмжүүдийг хуваалцах, файл дамжуулан хуулах, олон тоглогчийн горимоор тоглох зэрэг өргөн боломж нээгдэх болно.