Нээлттэй эх хэмээхийн учир
Нээлттэй эхийн талаарх нээлттэй эхийг хэрэглэгч, зарим талаар хөгжүүлэгч нь болох миний үзэл бодол
Нээлттэй эхийг тойрсон маргаанд хушуу нэмэхээр үүнийг бичиж сууна. Бас маргаанд хушуу нэмэх төдийгүй өөрийн адил мянга мянган залууст хандан нээлттэй эхийн зөвхөн хэрэглэгч биш харин хөгжүүлэгч нь байхыг уриалахаар шийдлээ.
Миний хувьд нээлттэй эхийг "шүтэх" болсоор багагүй хугацааг үджээ. Нэг л өдөр бүх компьютерүүдээ форматлан ихэнх хүмүүсийн хувьд "strange" Linux тархацуудын нэг болох Ubuntu үйлдлийн систем суулгаад ашиглаж эхлэхэд амар байгаагүй ч гэлээ "би юугаараа дутах билээ" хэмээн зүтгэсээр өдийг хүрлээ.
Мөн энэхүү вебсайт маань ч бас нээлттэй эхийн л үр ачаар бүтсэнийг дурдах ёстой.
Харин одоо нээлттэй эхийг жинхэнэ ёсоор нь хэрэглэх, ийнхүү хэрэглэсний ач холбогдлыг хэрхэн ойлгож, дүгнэж байгаагаа илэрхийлье. Нээлттэй эхийг хэрэглэхэд цөөнгүй тохиолдолд хэрэглэгчээс мэдээллийн технологийн багагүй мэдлэг чадварыг шаарддаг. Гэтэл хэрэглэгчид хэрэглэж байгаа зүйлдээ шаардлага тавих хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл хэрэгцээ шаардлагын зөрчил үүсдэг. Энэ зөрчилтэй эвлэрээд суух нь утгагүй хэрэг учраас зарим хүмүүс хаалттай эхийг сонгож, харин нөгөө хэсэг нь нээлттэй эхтэй хамт үлддэг биз ээ.
Нээлттэй эхтэй хамт явахад ойлгомжгүй, учир дутагдалтай, хагас дутуу зүйлс зөндөө тааралддаг. Өөрийн туршлагадаа дулдуйдан зөвлөхөд яг энэ үеийг л тэсээд давах хэрэгтэй. Тэсэх гэдэг нь ойлгомжгүй зүйлээ судлан мэдэж (шинийг сурч мэдэх), учир дутагдагдалтай зүйлийг засч сайжруулж (дадлага туршлага хуримтлуулах), хагас дутууг нь нөхөж гүйцээхийг (шинийг бүтээн тууривих) хэлээд байгаа юм. Ингээд тэсээд давсаны эцэст таны оюун бодолд дараах дүгнэлт өөрийн эрхгүй төрөх болно.
Тэр бол: Нээлттэй эхийг өөрийнхөө төлөө байлгах биш харин өөрөө нээлттэй эхийн төлөө байх тэр цагт л нээлттэй эхийн үр өгөөжийг жинхэнэ утгаар нь мэдрэх юм.