Ubuntu-гийн root хавтсыг цэвэрлэх нэг санаа
Ubuntu Linux үйлдлийн системийн root хавтсан дахь log файлуудыг цэвэрлэх замаар дискний сул зайг нэмэгдүүлэх
Ubuntu рүү шилжихдээ root хавтас байрлуулах дискний хэмжээг 20GB гэж заасан нь одооны өндөрлөгөөс харахад хэтэрхий багаджээ. Тоглоом бас Adobe зэрэг нөхдүүдийн "том" програмуудыг суулгахгүй юм чинь диксний зай хангалттай гэж бодож байлаа. Гэтэл хүмүүсийн "Суулгаж үзээд Өө ямар гоё юм бэ гэж уулга алдахаас цааш хийх юм олддоггүй" гэдэг өнөөх Linux дээр нь нэг л мэдэхэд өчнөөн олон програм суулгаад ашигладаг болчихсон байна. За энэ ч яах вэ, ярих гол зүйлдээ оръё.
Сүүлийн үед root хавтасны сул зай улам багасаад болдоггүй. Бас дээр нь нэрмээс болоод 500GB хэмжээтэй NTFS файл системтэй архивын нэг хатуу диск таг болоод түүнийг засахаар TestDisk зэрэг элдэв програм ажиллуулах хэрэг гараад сандаргалаа. Ингээд
- дискээ засахаар програм ажиллуулмаар байдаг,
- сул зай нь 0 заасан root хавтасныхаа дискийг цэвэрлэмээр байдаг,
- ажлаа хиймээр байдаг,
- бас давраад сайтаа шинэчилж тордмоор байдаг,
- ядахад шинэ он шинэ жил гээд байдаг.
Жинхэнэ ацан шалаанд оров оо...
За алийг нь хойш тавих билээ эдгээр бүгдийг нэг зэрэг хийв ээ.
Хэрвээ үйдлийн систем маань Windows байгаад ийм асуудлууд тулгарсан бол таг гацах байсан даа. Харин Ubuntu маань цөмийнхөө хэрэгцээнд зориулан дискний тодорхой хэсгийг нөөцлөн авч үлддэг болохоор компьютер маань ажилласаар л байлаа. Энэ нь товчхондоо System Monitor дээр харагддаг Free Space ба Available Space юм л даа. Харин одооны Windows ингэдэг эсэхийг мэдэхгүй юм байна. Урдын XP дээр л лав диск нь дүүрээд таг болдог юм.
TestDisk-ээр өнөөх 500GB багтаамжийг нь тултал кино, програм, дуу, хувийн файлууд зэргээр дүүргэсэн дискээ уншуулж байх явцдаа Disk Usage Analyzer програмаар filesystem-ээ скандаж үзлээ. Гэтэл /var/log хавтас дискний хамаг зайг эзэлсэн нь илт анзаарагдаж байна. Хүрч очоод доторх файлуудынх нь хэмжээг шалгаж үзтэл хоёр ширхэг log файл GB-аар яригдах хэмжээтэй байдаг юм даа. Энэ хоёрын "учрыг олчихоод" эрлээ цааш нь үргэлжлүүлтэл /opt/lampp/logs/error_log файл илэрч байна. Энэ нь Xampp локалхостын log, харин дээрх хоёр нь системийн log файлууд юм.
Тэдгээр log-уудыг цэвэрлэхэд Linux-ийн алдарт permission шаардлагатай. Тэгэхээр nautilus файлын хөтчөө sudo эрхээр нээж ажиллуулах хэрэгтэй. Үүний тулд терминалаас
sudo nautilus
командыг өгнө. Одоо /var/log/kern.log, /var/log/syslog болон /opt/lampp/logs/error_log файлуудыг устгана. Би хувьдаа файлын эзэн ба эрхийн хүрээнд асуудал үүсч магадгүй гэж хаширлаад эхний хоёрын эзэн нь syslog бүлэг нь adm гэж анх байснаар нь заагдсан нэр бүхий файлуудыг үүсгээд орхисон. Гуравдахь log файлын хувьд эзэн ба бүлэг аль аль нь root байсан.
Эцэст нь хэлэхэд дээрх 5 ажлын дөрвийг нь нугалчихаад сууж байна. Одоо үлдсэн ганцыг нь буюу "албаны" ажлаа хийлээ.