CMS, Framework эсвэл PHP гар код..
Веб сайт хийхэд CMS, Framework ашиглах эсвэл PHP гар код бичихийн давуу ба сул талууд
Сүүлийн үед веб сайтаа цаашид хэрхэн хөгжүүлэх дээр эргэлзэх боллоо. Эргэлзээ маань бичих нийтлэх зүйлийн хувьд биш харин програмчлал талдаа л даа. Одоогоор веб сайтын маань үндсэн хуудаснаас бусад нь Joomla 2.5 дээр ажиллаж байна. Жуумла нь сүүлийн үед эрчимтэй хөгжсөөр улам бүр framework маягтай болж байгаа болохоор гологдоод байх зүйл алга л байна. Гэвч 6 сар тутамд шинэ хувилбар луу нь шилжүүлэх гэж баахан дэмий ажил хийж цаг гарздахаас өгсүүлээд төвөгтэй зүйл байна аа. Урт хугацааны дэмжлэгтэй хувилбараар нь явъя гээд scribble-ээ 1.5-аас 2.5 руу шууд шилжүүлтэл алдаа гараад одоо 2.5 ч юм шиг биш ч юм шиг хачин эд үлгэн салган ажиллаж байна.
Ийнхүү дээрх бас бусад шалтгаануудаас үүдэн веб сайтаа CMS эсвэл Framework ашиглан хөгжүүлэх үү, эсвэл шууд PHP гар код бичээд явах уу гэдгийн аль нэгийг сонгох, цаашилбал үүний тулд CMS, Framework ба PHP гар код бичихийн давуу болоод сул талуудыг тооцож үзэх боллоо.
Бүтэц, ажиллагаа нь нэгэнт тодорхой цаашид ч өөрчлөгдөөд байх зүйлгүйгээр нь scribble.galaa.mn буюу блогоо анхаардаг юм уу гэж бодож байна. Блог болохоор баахан нийтлэлүүд, тэдгээрийн ангилал, бүтнээр болон тойм жагсаалт үзүүлэх хуудас, дотоод хайлтын систем ба админ хэсгийн хэрэглэгчийн орчинд холбогдох зүйлс буюу session, редактор, шаардагдах batch хэрэгслүүд бас мета мэдээлэлтэй ажиллах хэсэг зэргийг хийсэн байхад л хангалттай юм.
За ингээд өөрийн мэдэх бас ойрмогхон үед уншсан зүйлсдээ тулгуурлаад харьцуулж үзье.
Харьцуулах зүйлс | CMS | Framework | Гар код |
---|---|---|---|
Веб сайтыг анх босгоход зарцуулагдах "зардал" | маш бага | харьцангуй их | маш их |
Өргөжүүлэн хөгжүүлэх боломж нөхцөл | бэлэн өргөтгөл ашиглах тохиодолд бага | нээлттэй | чөлөөтэй |
Өөрийн дураар өөрчлөн ашиглах | хязгаарлагдмал | боломжтой | чөлөөтэй |
Урт хугацаанд ашиглахад гарах "зардал" | их | бага | маш бага |
Бусдаас хамаарах эсэх | хамаарна | хамаарахгүй | |
Аюулгүй байдал | эх кодын нээлттэй эсэх болон хөгжүүлэгдчийн чадвараас шалтгаална | чиний мэдлэг чадвараас хамаарна |
Харьцуулалтаас харахад гараар код бичих буюу веб сайтаа өөрийн гараар бүтээх нь алс хэтээ бодвол ашигтай л юм байна. Харин хүмүүс ихэнхдээ "Framework ашиглаач" гэж зөвлөх юм билээ. CMS-ийн хувьд одоо ашиглаж байгаа Joomla-гаа үргэлжлүүлэх, бүр болилоо гэхэд хүмүүсийн ам сайтай байдаг Drupal бас хамгийн амар хялбар Wordpress зэргийг огт сонгомооргүй санагдаад байдаг.
Эцсийн эцэст энэ миний л веб сайт, би л гардаж хөгжүүлнэ мөн интернэт дэх миний нүүр царай л юм чинь бүгдийг нь өөрийн гараар бичдэг юм уу даа. Угаасаа код бичих гэдэг өөрөө их сайхан ажил биш гэж үү?
Нэмэлт /2012 оны 6 сарын 30/
5 сарын 16-ны өдөр өөрийн гараар PHP хэл дээр бичсэн веб сайтаа интернэтэд байршууллаа. Ингэснээр Joomla ашиглаж байсан үеийнхээс уншигдах хурд мэдэгдэхүйц нэмэгдсэн ба үүнийг дараах диаграмнаас харж болно. Диаграмыг Google Webmaster Tools-ээс авсан бөгөөд сайтын уншигдах хурдыг миллисекундээр илэрхийлсэн.
Хурд нэмэгдсэн ба хэлбэлзэл нь ч багассан нь үнэхээр сайхан үр дүн биш гэж үү.