32 битийн үйлдлийн системүүдэд "баяртай" гэж хэлэхээс өөр аргагүй болжээ. Учир нь 4GB-аас бага багтаамжтай санах ойтойгоор явах боломж үгүй болсон байна.

Хэд хоногийн өмнө лэптоп бас десктоп бүх компьютерийнхээ санах ойг нэмсэн юм. Ашиглаж байгаа үйлдлийн систем маань физик хаягийн өртгөтгөлгүй 32 битийн Ubuntu болохоор десктоп компьютерийн хувьд 4GB-аас 3.3GB, лэптоп харин дөнгөн данган 2.2GB-ыг л авдаг байна шүү.

PAE буюу физик хаягийн өргөтгөл бүхий цөм суулгаад олигтой юм болсонгүй. Ингээд урьд 64 битийн Windows хэрэглэж болоод л байсан юм чинь гэж бодоод 64 битийн Ubuntu суулгахаар шийдлээ. Одоогийн байдлаар лэптоп дээрээ суулгаад байна. Үнэхээр л зориулсан юм гэсэндээ санах ойг бүрэн дэмжиж байна.

Онолын хувьд бас зарим нэг тестийн үр дүнгээр ч 64 битийн үйлдлийн систем нь 32 битийнхээс илүү бүтээмжтэй ажээ. 64 битийн үйлдлийн системийн давуу тал дээр санах ойн хэмжээ бас санах ойн чухал үзүүлэлт болох хурдыг нь нэмснээр лэптоп маань урьдийнхаасаа хувь илүү хурдтай боллоо.

Хүмүүсийн дунд 32 бит ба 64 битийн талаар зөв буруу янз бүрийн ойлголтууд тарсан байдаг бололтой юм. Өөрийнхөө зүгээс энэ хоёрыг аль болох энгийнээр тайлбарлая. Энэ хоёр төрлийн үйлдлийн системийн гол ялгаа нь ердөө л ашиглаж чадах санах ойн дээд хязгаар юм. 32 битийн хувьд санах ойг хаяглахад 0 эсвэл 1 гэх ердөө хоёрхон цифрээс тогтох 32 оронтой тоог ашигладаг. Уг хоёр цифрээс зохиож болох 32 оронтой ялгаатай тоонууд нийтдээ 2^32=4'294'967'296 ширхэг байдаг. Иймд бид хамгийн ихдээ 4'294'967'296 бит буюу 4GB хэмжээтэй санах ойн үүрүүдийг хаяглаж чадна. Ийм маягаар онолын хувьд 32 битийн үйлдлийн систем хамгийн ихдээ 4GB хэмжээтэй санах ойтой л харьцаж чадах нь байна. Гэвч практик дээр ашиглаж чадах санах ойн хэмжээ нь 3.3GB-аас хэтэрдэггүй. Бүр цаашилбал, дисплей карт луу санах ойг хувааж шилжүүлэх зэргээс шалтгаалан улам багасах нь ч бий. Жишээлбэл, миний лэптоп дээр 32 битийн Ubuntu ажиллаж байхдаа 4GB санах ойгоос ердөө л 2.2GB-ийг нь ашиглаж байсан. Харин 64 битийн үйлдлийн системийн хувьд хавьгүй их хэмжээтэй санах ойг дэмжин ажиллаж чадна.

64 битийн үйлдлийн системийг суулгах хэрэгцээ шаардлага гэвэл

  • 64 битийн үйлдлийн системд зориулан бичсэн програмыг ажиллуулах
  • 4GB ба үүнээс илүү багтаамжтай санах ой ашиглах

зэрэг болно. Эдгээрээс гадна шаардлагагүй байлаа ч гэсэн хэрэв CPU чинь 64 битийг дэмждэг л бол 64 битийн үйлдлийн систем суулгаад хэрэглэж болно. Учир нь 32 битийн ихэнх програм хангамжууд 64 битийн үйлдлийн систем дээр чөлөөтэй ажилладаг. Хэрвээ 32 битийн үйдлийн системийг 4GB ба үүнээс илүү багтаамж бүхий санах ойтойгоор хэрэглэе гэвэл PAE /Physical Address Extension/ гэдэг зүйлийг сонирхоод үзээрэй.

Эцэст нь хэлэхэд CPU-гээ 64 битийг дэмжих эсэхийг Ubuntu үйлдлийн системийн хувьд терминалаас хялбархан шалгах боломжтой. Эхний арга нь

grep --color=always -iw lm /proc/cpuinfo

командыг ашигладаг. Хэрвээ "lm" гэсэн бичиг ялгарч гарч ирвэл CPU чинь 64 битийг дэмжинэ гэсэн үг. Хоёр дахь арга нь

lscpu

командыг ашигладаг. Гарах үр дүнгийнх нь "Architecture" эсвэл "CPU op-mode(s)" мөрүүдэд 64 эсвэл 64-bit гэж байгаа эсэхийг ажиглаарай. Хэрэв байгаа бол CPU чинь 64 битийг дэмжинэ.

За ингээд.. Баяртай, 32 бит.