VirtualBox-ын VDI буюу виртуал дискний файлын хэмжээг багасгах
Windows үйлдлийн систем суулгасан VirtualBox-ын динамик горимтой vdi буюу virtual disk image файлын бодит хэмжээг багасгах
Зөвхөн Windows дээр ажилладаг Visual Studio суулгаж ашиглах түр зуурын хэрэгцээний дагуу суулгаад буцаагаад зайлуулаад орхитол VirtualBox-ын виртуал дискний файлын хэмжээ 10GB давчихдаг юм байна. Угаасаа виртуал системийг ажиллуулахад динамик виртуал дискний хэмжээ нэмэгдээд л байхаас бус харин эргэж багасдаггүй. VirtualBox-ын clone командыг өгөөд хуулуулсан ч өнөөх том виртуал дискний файл яг л тэр чигээрээ. Ингээд үүнийг шийдэхээр интернэт рүү..
Хэргийн учир виртуал систем дотроосоо дискний сул зайгаа "тэглэж" өгөөгүйд байжээ. Үүнийг Windows-ийн хувьд SDelete гэдэг програмаар хийлгэлээ. Холбогдох заарыг нь уншсаны эцэст эхлээд програмаа виртуал Windows-ийнхээ C дискэнд хуулаад дараа нь Command Propmt буюу DOS-ын орчноос
sdelete –z C:\
командыг өгөхийг мэдлээ. Үүний дараа VirtualBox-ынхоо Clone командыг өгөөд виртуал системээ хувилуулаад үзтэл хуулбар виртуал дискний хэмжээ C дискний хэмжээнд хүртэл багассан нь харагдаж байна. Нэмж хэлэхэд хуучин виртуал системээ устгаад шинээр үүсгэсэн хуулбарынхаа нэр усыг нь өөрчлөөд (clone гэсэн дагаврыг нь арилгах) ашиглах нь зүйтэй болов уу.