Ногоон хурганы арьс нохойн битүү туурай тэргүүтэн цөм байдаг дэлхийн хамгийн том интернэт дэлгүүр бол amazon юм. Та ном, кино өөр бусад зүйл хайж явахдаа амазонтой бишгүй л таарсан байх. Тэгвэл Монголд олддоггүй, олддог ч нугарсан үнэтэй эд бараа амазонд шүлс гоожуулам үнэтэй хэвтэж байдгийг лав анзаарсан даа. Улмаар интернэт худалдааны тухай, амазоноос эд бараа худалдан авах тухай нэг бус удаа бодож байсан гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр тийм болоод л энэ бичлэгийг минь уншиж байгаа биз ээ.

Ингээд Amazon, eBay зэрэг онлайн худалдааны сайтуудаас худалдаа хийж байсан туршлагадаа тулгуурлан бяцхан заавар зөвлөгөө маягийн зүйл бичье.

Шаардагдах зүйл

Олон улсын эрхтэй төлбөрийн карт. Үүнийг Худалдаа Хөгжлийн Банк эсвэл Голомт Банк зэргээс авч болно. Би хувьдаа Голомт банкны мастер картаа ашигласан.

Мөн мэдээж интернэт холболт бүхий компьютер.

Бүртгүүлэх ба холбогдох мэдээллээ оруулах

Одоо нэр, цахим шуудангийн хаяг, нууц үг сэлтийнхээ учрыг хэн ч олохтойгоо болсон учраас үүнийг алгасаад харин төлбөрийн картын мэдээлэл ба захиалгын хаяг зэргийг хэрхэн зөв оруулах дээр анхаарлаа хандуулъя.

Картын мэдээлэл ба захиалгын хаяг нь "Your Account" дотор "Payment" хэсэгт байрлана. Мэдээллээ шинээр оруулахын тулд "Add Credit or Debit Card" холбоосоор дамжина. Картын мэдээллээ оруулахад асуудалгүй байх гэж бодож байна. Харин Монголоос худалдаа хийх бол хаягаа хэрхэн зааж өгөх дээр эргэлзээтэй, яг захиалга өгөх гэтэл хаяган дээр алдаа өгөөд улаан зурвас шидээд байх нь бий. Энэ нь өнөөх ZIP кодтой л холбоотой юм.

Картын мэдээлэл

  1. Number: Картан дээр товойлгож бичсэн 16 оронтой дугаар. Энэ дугаараас хамааран картын төрөл автоматаар сонгогдоно.
  2. Cardholder Name: Картан дээр товойлгож бичсэн карт эзэмшигчийн нэр
  3. Exp. Date: Картын хүчинтэй хугацаа. Сар ба Он гэсэн дарааллаар оруулна.

Хаяг

  1. Full Name: Өөрийн нэр ба овгоо бүтнээр нь үнэн зөв бичиж өгнө.
  2. Address Line: Оршин суудаг эсвэл бараа бүтээгдэхүүн хүргүүлэх хаягаа оруулна. Би хувьдаа дүүрэг, хороо, байр ба хаалганыхаа дугаарыг оруулсан.
  3. City: Оршин суудаг хот суурингийнхаа нэрийг оруулна. Ulaanbaatar гэх мэтээр.
  4. ZIP: zipcode.mn сайтаас харахад манай зип код 1#### буюу таван оронтой тоо байсан. Яг үүнийг оруулахад амазон дээр алдаа өгөөд захиалга авахгүй байсныг тодруулсны эцэст урд нь 2 гэсэн орон нэмсэн. Өөрөөр хэлбэл манай зип код 21#### маягтай болсон.
  5. Country: Улсаа сонгоно. Монгол дахь хаягаар захиалга өгөх бол мэдээж Mongolia гэж сонгоно.
  6. Phone: Эцэст нь утасны дугаараа оруулна.

Монгол улс дахь хаягаар захиалга өгөх

ZIP буюу бүсчлэлийн кодын дараа зайлшгүй тулгарах асуудал бол энэ юм. Судлаад үзэхэд худалдан авсан бараагаа монгол дахь хаягаар хүлээн авах үндсэн хоёр арга зам байна. Эдгээр нь

  • Амазон сайтаас санал болгох олон улсын шуудангийн үйлчилгээ
  • Илгээмж буюу карго

зэрэг болно.

Олон улсын шуудан Энгийн ба буухиа гэсэн хоёр төрөлтэйг хэн бүхэн мэднэ. Миний захиалгын хувьд буухиа шуудан нь энгийнээсээ 10 доллараар илүү үнэтэй байсан. Хүргэлтийн үнэ нь барааны нэр төрлөөсөө хамаарч өөрчлөгдөх эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Хүргэлтийн төрлөө сонгох үед Амазон дахь сагсанд үнийн мэдээлэл нь шууд харагдаж байдаг юм билээ. Энгийн шуудангийн дутагдал нь худалдан авсан бараа тань хаана явааг мэдэх боломжгүйн дээр 14-28 хоног орчим хугацаагаар хүлээгддэгт оршино. Миний худалдан авсан анхны бараа 3 хоногийн дараа замдаа гарч, түүнээс хойш 16 дахь хоног дээр нь заасан хаягаар Монгол Шуудан компанийн ажилтан авчирч өгснийг гарын үсэг зураад л хүлээн авсан.

Шуудангийн бас нэг дутагдал гэвэл харьцангуй үнэтэй байж мэдэх юм. Би эхний удаадаа шуудангаар хэрхэн яаж ирдгийг нь мэдэх зорилгоор шуудангийн хүргэлтийг сонгосон л доо. Анх худалдан авсан зүйл маань лэптопны батарей бөгөөд хүргэлтийн үнэ нь батарейн үнээс бараг хоёр дахин их болсныг дурдах нь зүйтэй болов уу.

Энд учрах бас нэг хүндрэл бол монгол дахь хаягаараа худалдан авсан бараагаа хүлээн авах буюу Монгол уруу хүргэлт хийх худалдаалагчийн зарж буй бараа бүтээгдэхүүнийг олох явдал юм. Энэ нь нэлээд ядаргаатай ажил бөгөөд бараа бүтээгдэхүүн нэг бүр лүү орж улмаар захиалга өгч байгаа мэт үйлдлийг гүйцэтгэх шаардлагатай болдог. Үүнийг хөнгөвчлөх арга замыг эрж хайсны дүнд Chrome ба Firefox хөтчүүдийн нэмэлт өргөтгөл байдгийг олсон. Хэрэв энэ танд төвөгтэй эсвэл шуудангийн үйлчилгээг сонгохгүй гэвэл удаах аргыг ашиглаж болно.

Amazon-оос өөр жишээлбэл eBay сайтын хувьд хүргэлт нь үнэндээ багтсан байхаас гадна дэлхий даяар нэг ижил эсвэл ялгаатай үнээр хүргэх гэх мэтээр янз бүр байдаг. Нэгэнт Монгол хүртэл үнэгүй хүргэнэ гэж байгаа бол гэрийнхээ хаягаар захиалбал хямд тусах нь ойлгомжтой. Ийм нэг барааг eBay-ээр дамжуулан Хятад дахь нэгэн компаниас худалдан авсан маань 24 дэх хоног дээрээ ирсэн.

Илгээмж буюу карго Энэ арга дийлэнх тохиолдолд хямд, найдвартай, хурдан гэж үзэж байгаа. Үүний тулд түнш компанийнхаа америк дахь хаягийг тодорхой авч захиалгын хаяг дээрээ оруулах хэрэгтэй юм билээ. Амазон нь америк дотроо үнэгүй хүргэдэг болохоор хүргэлтийн зардал зөвхөн каргоны үнэ ханшаас л шалтгаална. Харин eBay-гийн хувьд борлуулагч бүр хүргэлтэндээ харилцан адилгүй нөхцөл санал болгодгийг дээр дурдсан. Худалдан авсан бараа шуудангаар 20 гаруй хонож ирдэг бол каргогоор (USA дахь хүргэлт багтаад) үсрээд л 10 гаруй хоногт ирэх юм билээ.

Ингээд амазоноос худалдан авсан бараагаа хүлээн авсан байдал (зураг)

амазоноос худалдан авсан бараа

Найдвартай байдал За өнгөрөгч хугацаанд онлайнаар нэлээд олон удаа худалдан авалт хийжээ. Ерөнхийдөө захиалж л орхидог, хүрээд л ирдэг. Амазоны хувьд хулхидах гэсэн ойлголт байхгүй юм билээ. Миний ойлгосноор Амазон найдвартай байдлыг өөрөө анхаарч хариуцдаг. eBay-гийн хувьд бүх төлбөр тооцоо PayPal-аар дамжих учраас хэрвээ хэрэг бишдвэл маргаан үүсгээд л мөнгөө буцаагаад авчихна. Бусад онлайн худалдааны сайтуудаар ч худалдаа хийхдээ PayPal ашиглаж байвал мөнгөө алдах эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Би нэг удаа Ubuntu-гийн Canonical Story-оос захиалга хийгээд бүтэлгүйтэхэд тийнхүү мөнгөө буцаан авч байсан.