Single Page Website буюу нэг хуудаснаас тогтох вебсайт
Сүүлийн үед өргөн тархаж, эрчимтэйгээр яригдах болсон Single Page Website вебсайтын загвар дизайны тухай
http://galaa.mn/ вебсайтынхаа илүү дутуу зүйлсийг нь ханаж танаад нэг хуудсанд бага зайнд бүх холбоос, цахим шуудангийн форм сэлтийг багтаачихвал эмх цэгцтэй ч юм болов уу хэмээн бодож хийж байсан маань Single Page Website гэдэг нэр томъёотой "айхтар" эд байсан ажээ. Single Page Website түлхүүр үгээр хайвал ийм төрлийн веб сайтын жишээ зурагнууд бүхий илэрц цувах юм билээ. Ингээд энэхүү загварын хандлагын давуу болоод сул талуудыг авч үзье.
Давуу талууд
- Олон хуудас дамжихгүй, өөр хуудас дуудахгүй, хүссэн мэдээллээ хайх шаардлагагүй зэргээр зочдод тааламжтай. Эндээс миний сайтууд бас Google+, Facebook ба Twitter дэх хуудсууд руу дамжих холбоосыг олж болохоос гадна над руу захидал илгээх боломжтой.
- Хайлтын систем дэх мэдээлэл нь ганц линк дээр төвлөрөх тул авах үнэлгээ нь өндөр байдаг. Олон хуудастай байх үеийн бүх линкийг одооны ганц хуудас руугаа 301 redirect хийсэн учраас тэдгээр хуудаснуудын үнэлгээ нэмэгдэж хуримтлагдсан. Иймээс мөн хайлтын системд нийцтэй болгосноор "Галаа" эсвэл "Galaa" гэж гүүглэдэхэд эхний хуудсанд гарч ирэх болсон.
- Засах эсвэл өөрчлөхөд хялбар. Ердөө ганц хуудас учраас хүссэнээрээ өөрчлөхөд их хялбар байдаг юм.
- Хувь хүн, байгууллага эсвэл бараа үйлчилгээний танилцуулга сайтад туйлын ихээр тохирдог. Уг хуудаснаас миний эмх цэгцтэй, нямбай, илүү бөгөөд дутуу зүйлд дургүй зан чанар харагдах болов уу. Мөн зургийн цомогноос үзэл бодлын өвөрмөц тал маань цухалзах болно.
Сул талууд
- Агуулгын хэмжээнээс шалтгаалан хуудас уншигдах хурд багасах талтай. Би хуудсаа аль болох хурдан уншигдахыг бодолцож хийсэн. Иймээс ч зургийн цомогноос бусдаар ширхэг ч зураг ашиглаагүйгээс өгсүүлээд маш олон зүйл дээр анхаарсан. Бүр gtmetrix.com сайтаар тестлэж шалгаж үзсэн. Google-ээс гаргасан ийм төрлийн тестерээр 87 оноо автал код болон тохиргоогоо сайжруулсан ба одоо вебхостоос шалтгаалах хэдэн тохиргоо эсвэл jquery-г google-ээс дуудуулах мэтийн хэдэн зүйл л үлдсэн.
- Javascript эсвэл CSS3 гэх зэргээр шинэ технологиудыг ашиглах шаардлага. Бага зайд ихийг багтаахын тулд Tab, Slide эсвэл Popup цонх ашиглахаас өөр аргагүй болдог тул эдгээрийг эзэмшиж ашиглахаас өөр замгүй болох талтай. Миний хувьд цомогны зургуудыг нэг нэгээр нь цувуулан байрлуулах нь утгагүй болох тул slide ашигласан. Цаашилбал slide-ийг дан ганц зураг гэлтгүй бүхэл хуудсыг нэг слайд болгоод тэдгээрийгээ хөдөлгөөнтэйгөөр сольж үзүүлэх ч бас дажгүй юм билээ. Харин цахим шуудан илгээх хэсэгтээ Ajax технологийг ашигласан.
- Загвар дизайны шийдэл хүндрэх талтай. Харьцангуй ондоо зүйлсийг нэг хуудсанд яаж аятайхан эвлүүлж тавих вэ, чухал зүйлээ яаж хүний нүдэнд шууд тусахаар байрлуулах вэ, агуулгаа хэрхэн багтаах вэ, хэрвээ хуудас доош гүйдэггүйгээр хийнэ гэвэл зочид хэрэглэгчдийн веб хөтчийн цонхны хэмжээ хэд байгаа билээ зэргээр бодох зүйлс мундахгүй их болно.
- Реклам сурталчилгаа байрлуулахад тохиромжгүй. Хэрвээ өөр бусдын реклам авч ирээд тавьчихвал миний сайт уу хүний сайт уу гэдэг нь ялгагдахаа больчих гээд байдаг.