Компьютертэй "найзалсан" 10+ жилийн хугацаанд ямар эвдрэл гэмтэл ба согог учирч байсныг тоочоод тоолоод үзмээр санагдлаа.

Ямар ч байсан board, CPU, display card зэрэг компьютерийн эд ангиудаас гадна router, mouse зэрэг гадаад төхөөрөмжүүд ч бас эвдэрсэн эсвэл согог илэрч байсан юм байна. Ингээд ямар гажиг илэрснийг өөрөө хэрхэн "оношлож" байсан ба эцэстээ юу гэмтэлтэй болж дуусч байсныг бүртгэж үзье.

Бүртгэлээ эхлэхээс өмнө ганц юм хэлчихье байз. Уншсан хүмүүс "Яасан их эвдэрдэг" гэж бодохыг үгүй гэх аргагүй. Тэгвэл би тухайн үедээ боломжийн нэг компьютер худалдаж аваад түүнийгээ ёстой л тартагт нь тултал хэрэглэдэг буюу эвдэрч дуусах хүртэл нь гүрийлгэчихдэг болохоор эвдрэлийн уртаас урт жагсаалт гарах, улмаар цаашид үргэлжлэх нь тодорхой юм. Ингээд олон жил болсон хуучны тооцоолууруудыг маань амьдруулсаар байгаа Ubuntu Linux үйлдлийн системдээ талархаад өнөөх жагсаалт уруугаа оръё.

№1. CPU

Pentium III-ын үе юм даг. Төгсөлтийн ажлаа бичих үеэр таарсан болоод ч тэр үү нэлээд сандаргасан. Зүгээр ажиллаад явж байснаа гэнэт л таг болчихно. Хард дискнээсээ өгсүүлээд л шалгаж байсан шиг санагдана. Эртний явдал болохоор тодорхой сайн санахгүй л байна. Эцэстээ 700Mhz хурдтай CPU-гээ 800Mhz хурдтайгаар сольж компьютерээ сайжруулсан нэртэйгээр асуудал шувтарсан.

№2. Board

Pentium IV-ийн үе болох нь байна. Тоглоом тоглох зэргээр компьютерээ чардайтал нь хэрэглэдэг байсан үе. Бас нэлээд удаан ч хэрэглэсэн байлаа. Гэнэт гажигтахаар нь нэгмөсөн сольж сайжруулъя гээд тэр үед моодонд орж байсан хос цөмтэй CPU бүхий компьютер угсраад авч байлаа. Тиймдээ ч хуучин эвдэрхий эдээ сайн ухаж төнхөөгүй юм. Ямартаа ч board эсвэл CPU-ны аль нэг нь гэмтэлтэй шүү гэж хэлээд нэг найздаа өгч орхисон нь сүүлдээ board гуай хэргийн эзэн болоод дууссан.

№3. Ахиад л Board

Шинэхэн компьютер.. Баталгаат хугацаандаа явсан болохоор санаа зовох зүйлгүй. Харин юу нь эвдрэлтэй вэ гэдэг дээр худалдагч болохоор board нь сайн, CPU-г нь солиод үз гээд л.. Ямар ч байсан заримдаа систем зүгээр суучихна, хааяадаа суулгаж байх үед цэнхэр дэлгэц өгнө гэх мэтээр аяглаж байлаа. RAM ба CPU тестлэгчээр үзэхэд зүгээр л байдаг байлаа. Гэхдээ л компьютер их ачаалал авахаараа л таг болоод байсан учраас өөр CPU тавьж үзсэн. Нэмэр болсонгүй. Тэрхэн үедээ зүгээр байсан ч гэрт ирсэн хойноо муу зангаа үзүүлээд л.. Ингээд board гэж ахин үглэж очоод эх хавтангаа солиулсан нь одоо ч гэсэн хэвийн ажиллаж байна.

№4. Mouse

За энэ бол лэптоптой холбоотой асуудал л даа. Урамшуулалд нь дагуулж өгсөн хулгана.. Надаас өөр хүн хөдөлгөж чаддаггүй эд байж билээ. Гар ба хулгана баталгаанд хамрагддаггүй болохоор тэр чигтээ л өнгөрсөн. Ер нь гар ба хулганаа сайтар шалгаж авмаар юм билээ.

№5. Router

Гэртээ утасгүй сүлжээ тавьж интернэттэй компьютер булаацалдах дайныг дуусгахаар нэг рүүтэр авсан маань үйлдвэрээсээ согогтой байж таарсныг засуулаад авч байлаа. Хөөрхий минь одоо харин үүргээ бүрэн биелүүлж л байна. Анх авч ирээд хэрэглэж байхад заримдаа сүлжээ тасалдах зэрэг "но" илрээд байснаа сүүлдэг "diag." гэрэл нь улаанаар (уг нь шар ногоон байх ёстой) асаад таг суудаг юм даа. Reset нэмэргүйн дээр тохиргоог нь ухаад нэмэргүй тул "эвдэрчихлээ" гэсээр худалдан авсан газартаа засуулахаар өгсөн нь үнэхээр үйлдвэрээсээ гажигтай байжээ гэсэн оноштойгоор эргэж ирсэн дээ.

№6. Ахиад PC гэхдээ энэ удаад board биш, CPU бүр ч биш.. Харин Display Card

Эргэж буцаж өчнөөн юм болсон ширээний компьютер маань олон жил амар жимэр байсны эцэст дэлгэц дээрх үсэг тэмдэгт солонгорох улмаар гацах зэргээр гажигтаж эхлэв. Ийм гажиг гарахыг бараг мэдэж байсан гэхэд ч болно. Учир нь RAM бас хард диск нэмж суулгахаар процессороо задалж байхад дисплей картны зарим транзисторууд "дэлбэрсэн" байхыг анзаарсан байсан юм. Гажигтаж эхэлсэн хойно нь айвуу тайвуухан задлаад үзэхэд үлдсэн хэд нь ч бас задарсан харагдана. Нэмж тэмдэглэхэд дисплей карт өнгө дүрсний доод горимд хэвийн ажиллаж байсан. Ингээд шинэ дисплей карт авч тавиад л "no problem".

№7. Ахиад л Board

2014 он гарлаа. За эх хавтан одоо ёстой жинхэнээсээ гажигтаж эхэлж байх шиг байна. 4 хатуу диск залгаатай байснаас эхлээд нэг нь гажигтаж эхэлсэн. Угаасаа бараг ашиглахаа больсон диск байсан учраас шууд салгаад орхисон. Харин өнөөх дискээ хожим external HD box бас dock гээд хоёр ч төхөөрөмжөөр дамжуулан холбож үзэхэд зүгээр ажиллаж байлаа. Ингээд эх хавтан асуудалтай болж байгаа юм байна даа гэж бодож байтал үнэхээр ахин өөр нэг дискийг уншихдаа гажигтаж эхэллээ.

№8. Keyboard

Хоёр ч процессорын ард гарсан гар маань гажигтаж эхлэв. Shift бас 5  ба 6 зэрэг товчлуурууд дангаараа зүгээр ажиллах мөртөө хамтад нь дарахаар ажиллахаа болилоо. Дан дангаараа биш харин товчлууруудын хослол ажиллахгүй байгаа болохоор ямар ч найраагүй болжээ гэж дүгнэлээ.