Dropbox-ыг ганц үгээр тодорхойлох, түүний онцлог давуу талуудыг хэдхэн үгээр илэрхийлэх аргагүй юм. Хэрэв та хоёр буюу түүнээс олон компьютер сэлгэж хэрэглэдэг, флаш диск халаасалж явдаг, сүүлийн үеийн дэвшилтэт гар утас ашигладаг, хэрэгтэй файлууд чинь устах эсвэл компьютер эвдрэх зэрэг эрсдэл таны санааг зовоодог, хаанаас ч хамаагүй өөрийн файлуудаа дуудан ажилламаар үе тохиолддог эсвэл хэрэгцээт файлаа гэр, ажил өөр хаа нэгтээх компьютерт мартах явдал тохиолддог, файлаа share-лэх ба онлайн зургийн цомог үүсгэх зэрэг нь танд хэцүү байсаар байгаа бол үргэлжлэлийг заавал уншаарай.

Нэмж хэлэхэд ямар ч үнэгүй. Би нэг ч доллар төлөөгүй байтал яг одоогийн байдлаар миний dropbox-ын багтаамж 12.9 GB байна. Хувийн болоод ажлын бүхий л файлууд, бүх зурагнууд бас бүхий л электрон номнууд, дуртай аудио цомгуудаа dropbox-доо хадгалахад 12.9 GB-ын маань дөнгөж 49.2% нь л ашиглагдсан байна. Ахиад ч хэдэн гигабайтаар өсгөх боломжтой.

Dropbox-той болсноор та юу хийж чадах вэ? Dropbox танд яг юу санал болгодог вэ? Dropbox нь ашиглахад үнэхээр хялбар байж чадах уу? Dropbox надад хэрэгтэй юм уу?

Эдгээр асуултуудад илтгэлтэйгээр эерэг хариулж өгч чадах байна. За ингээд хамтдаа Dropbox гэж юу болох талаар уншиж мэдэцгээе. Эцэст нь та өөрийн гэсэн Dropbox-той болно гэдэгт ч бас итгэлтэй байна. Яг одоо ч болно. Dropbox уруу хүргэх линк дор /зураг/ байна.

зураг

1. Backup буюу нөөц хуулбар

Та нэг файл үүсгэж хадгаллаа гэхэд түүнийг dropbox тэр дор нь л өөртөө хадгалаад авна. Мэдээж энэ нь файлын хэмжээ ба интернэтийн хурдаас шалтгаална л даа. Гэхдээ л үүнийг dropbox танд анзаарагдахгүйгээр мөртөө хамгийн хурднаар гүйцэлдүүлэх болно. Мөн файлын өөрчлөлтийн түүх ч давхар хадгалагддаг. Өөрөөр хэлбэл таны компьютер дээр байгаа өчигдөр хадгалсан файлыг өнөөдөр нээж ажиллаад ахин хадгалахад өчигдрийнх нь бараг тэр чигээрээ арчигддаг бол харин Dropbox үүнийг та бидний төлөө гээд хадгалаад л байж байдаг. Цаашлаад ямар нэгэн файл компьютерээс устлаа гэхэд тэр нь таны dropbox-д устсан файлууд гэдэгт нь байж байх учраас хормын төдийд буцааж сэргээх боломжтой. Устсан файлаа сэргээлгэхээр компьютерийн мэргэжилтэн дуудах шаардлагагүй гэсэн үг.

зураг

Онлайн backup танд хэрэггүй санагдаж магадгүй л юм. Би ч бас эрт урьдын цагт зөөврийн диск дээр файлаа хуулбарлаж аваад явдаг л байсан. Тэр үедээ ганц файл өөрчлөнгүүтээ л ахин хуулбарлах нь тун төвөгтэй байдаг байсан шүү. Тэгвэл Dropbox-ын ачаар нөөц хуулбар үүсгэхийг бараг л мартаад байна. Гэхдээ л огт хуулбаргүй байна гэж юу байх вэ.

2. Sync

Гар утас мэтийн төхөөрөмжийг компьютертэй холбож ашиглаж байсан хүмүүс энэ нэр томъёо сайн мэднэ байх. Dropbox-ын энэ боломж нь таны dropbox-д холбоотой бүхий л компьютер бусад төхөөрөмжүүд дэх файлуудыг нэг цагт яг адилхан байлгахыг зорьдог. Аль нэгд нь орсон өөрчлөлт нөгөөд шууд шилжих болно. Энэ нь мэдээж онлайн байх үед шүү дээ. Хэрвээ төхөөрөмжүүд нэг дотоод сүлжээнд холбогдон ажиллаж байвал энэ нь бүр хурдан байх болно.

зураг

Чухам энэ боломжийн ачаар л би олон компьютерийн дунд нэг ажлаа төвөггүйхэн гүйцэлдүүлдэг болсон. Өмнө нь хувийн зохион байгуулалт хичнээн сайтай байлаа ч гэсэн хоёр өөр газарт нээж ажилласан файлынхаа аль нь сүүлийн хувилбар болохыг андуурч устгах тохиолдлууд мэр сэр гардаг л байсан. Ингээд нэг хийснээ ахиад хийх ч бас лайтай шүү дээ. Харин dropbox шууд sync хийх учраас энэ явдал ахин гараагүй. За муугаар бодъё гэхэд хоёр талд зэрэг өөрчлөгдсөн байлаа ч гэсэн dropbox алийг нь ч хаяхгүй. Товчхондоо хоёуланг нь зөрүүлээд хуулчихна.

3. Хаанаас ч хандах боломж

Компьютер гэрт үлдсэн ч таны файлууд таны гарын дор байсаар байх болно. Dropbox руу интернэтээр дамжуулан хаанаас л бол хаанаас хандаж болно. Гар утаснаасаа ч хандаж болно. Dropbox бараг хаа ч ажиллана. Windows, Linux Macintosh үйлдлийн системээс хамаарахгүй, iPhone, iPad, Blackberry, Android бүгдэн дээр нь ажиллана. Веб хөтчөөр дамжин хандсан ч болно.

зураг

Яг энэ боломжийн ачаар л флаш гээч жижигхэн мөртөө асар их яршиг төвөгтэй зүйлийг авч явахаа больсон.

зураг

4. Share

За энэ боломжийг нь магтахгүй байж хэрхэвч болохгүй. Нэг файлаас өгсүүлээд бүхэл бүтэн хавтсыг шейрлэх боломжтой. Шейрлэсэн файл өөрчлөгдсөн линк нь яг хэвээрээ байдаг нь тун оновчтой шийдэл. Шейрлэсэн файлыг татаж авахад ямар ч код, капча асуухгүй. Ерөөсөө дарангуут шууд л татагдана. Бас хангалттай өндөр хурдаар шүү.

Энэ боломжийнх нь ачаар бүтэн 5 сарын турш 20 гаруй хүнд ганцхан линкээр өчнөөн материал түгээж билээ. Нэг зип файл үүсгээд л түүнийхээ линкийг тараачихсан. Дараа нь шейрлэх файлуудаа өнөөх зип файл руугаа нэмээд л, нэмээд л. Линк хэвээрээ учраас миний хувьд өөр илүү ажил байхгүй.

Гэр бүлийнхэндээ нэг хавтас шейрлэчихсэн. Түүгээрээ дамжуулан өгөхөө өгнө бас авахаа авна. Жижиг сажг зүйл дээр дотоод сүлжээ, флаш, зөөврийн диск гэж "заваарахгүй".

Аминчлан захихад хууль бус зүйл бүү шейрлээрэй. Megaupload шиг хаалгачихгүйн тулд та ч би ч анхаарах шаардлагатай шүү дээ.

5. Зургийн цомог

Онлайн зургийн цомог үүсгэхдээ dropbox-оо ашиглаж болно. Зургуудаа гарын дор хадгалахынхаа зэрэгцээ албом уусгээд ойр дотныхондоо, найз нөхөддөө сонирхуулчихна гэдэг тун дажгүй шүү.

6. 17 GB хүртэл өргөтгөх боломж

Анх бүртүүлэхэд 2 GB эрх өгдөг ч түүнийг нь бараг 17 GB хүртэл өсгөх бололцоотой. Миний dropbox одоо 12.9 GB болоод байгаа. Ямар ч үнэ төлбөргүйгээр шүү. Харин нэмэлт төлбөр төлөөд үүнээс ихийг авч болох юм билээ. Дээр дурдсанчлан миний хувьд үнэгүй өгч байгаа хэмжээ нь хангалттай л байна. Хамаг л бичиг хэргийн файлууд, зураг, ном, сонсох дуртай цомгуудаа хадгалахад 6.3 GB зай л ашиглагджээ.

Тийнхүү өргөтгөх нь ч маш хялбар. Facebook, Twitter-ээ холбох, өөр ойр зуурын юм хийх бүрт 250 MB, нэг найзаа урьж хэрэглэгч болгоход 500 MB гэх мэтээр явж өгнө дөө. Заримдаа хөөрхөн уралдаан зарлаж урамшуулалд нэмэлт зай өгнө. Надад бол найзаа урьж хэрэглэгч болгох нь их ашигтай тусч байгаа. Сайхан санаа өгөхөд төрсөн өдрөөрөө Dropbox уруу найзуудаа уриад харин найзууд чинь төрсөн өдрийн бэлэг болгож Dropbox-ын хэрэглэгч болох замаар 500 MB эрх авч болох юм. Яагаад ийм бэлэг байж болохгүй гэж. Өгсөндөө ч өгөөжтэй авсандаа ч ашигтай шүү дээ.

7. Нууцлал

Dropbox нь дижитал сертификаттай өөрөөр хэлбэл https протокол ашигладаг учраас нууцлалын тал дээр бас ч гэж сэтгэл амарч болох юм.

За Dropbox танд ч бас таалагдсан гэж найдъя. Dropbox-ын вебсайт уруу очихын тулд энд дарж болно.