Яг одоогийн байдлаар 1080 нягтралтай дүрс бүхий кино ба гэр бүлийн бичлэгүүдээ тав тухтай үзэж чадах болсондоо баярлаад гараа үрээд л сууж байна. Учир нь Ubuntu дээр Full HD форматтай видеонуудыг үзэхээр гацаад тасалдаад ер болохгүй байсан юм. CPU ашиглалт нь тулчихаагүй мөртөө л дүлэгнэдэг байлаа. Анхандаа муу компьютер маань л тоглуулж хүчрэхгүй байгаа юм байлгүй гэж байснаа нэг завандаа Windows 7 суулгаж үзэхэд ямар ч асуудал алга. Тэгэхээр нь Ubuntu-гийн драйвер нь картны маань GPU-г дэмжихгүй байгаагаас л ингэж байна гэж өөрийгөө хуурч суулаа. Гэтэл энэ буруу байжээ.

Ингээд Ubuntu бусад хэрэглэгчдэд хэрэг болох юуны магад хэмээн уг асуудлын хялбар шийдлийг хуваалцъя.

Шийдлийн санаа нь тун энгийн. Аливаа програмын чанар нь түүний боломж бололцооноос гадна кодын оптимал байдлаар тодорхойлогддог. Энд CPU ба санах ой зэрэг техник хангамжид бага ачаалал өгч байхаар бичигдсэн код буюу програмыг оптимал чанартай гээд байгаа юм. Ийнхүү ашиглаж байгаа тоглуулагч, кодек хоёрт "но" байж магадгүй гэж үзсэн бөгөөд үнэхээр ч тийм байлаа. Би хувьдаа Ubuntu 12.04 дагаж суусан mplayer, totem тоглуулагчаар л киногоо үздэг байсан. Гэтэл mplayer маань үеэ өнгөрөөсөн байжээ. Ингээд програмын шинэчлэл эхэллээ.

Жич: Ийм төрлийн файлыг тоглуулахын тулд Ubuntu Restricted Extras-ыг Ubuntu Software Center-ээс суулгасан байхыг анхаарна уу.

Алхам 1

Эхлээд mplayer2-ыг суулгалаа. Үүний тулд терминалаас дараах командыг өгнө.

sudo apt-get install mplayer2

Энэ нь хуучин mplayer-ийг дарж суух тул урьдчилан remove хийх шаардлагагүй.

Алхам 2

Дараа нь smplayer-ийг суулгасан. Mplayer командын мөр буюу терминалаас ажиллах учраас үүнд тохирсон график интерфэйс болгохын үүднээс smplayer-ийг суулгаж байгаа юм.

sudo apt-get install smplayer

Алхам 3

Ийм маягаар програмуудаа суулгачихсан бол харин одоо тохиргоогоо хийнэ дээ. Бидний суулгасан mplayer2 маань multithread дэмжих бөгөөд хичнээн thread-тэйгээр ажиллахыг smplayer дээрээ зааж өгнө. Нэмж өөрчлөх ганц хоёр тохиргоо бас бий. Эдгээрийг smplayer-ийн үндсэн цэснээс Options->Preferences гэж дуудахад нээгдэх цонхны Performance хэсгээс олж болно.

  • Threads for decoding (MPEG-1/2 and H.264 only) гэдгийн ар дахь тоог өөрийн компьютерийн процессорын цөмийн тоонд тохируулан зааж өгнө.
  • Allow frame drop ба Allow hard frame drop сонголтуудыг идэвхтэй ба идэвхгүй аль алинаар нь туршиж өөрөөр хэлбэл өндөр чанартай (bit rate өндөртэй) Full HD видео тоглуулан гацалт тасалдал ажиглагдаж байгаа эсэхийг ажигласны үндсэн дээр тохируулаарай.

За ингээд тохиргоогоо хийснээр ажил дууслаа. Одоо ч 1080 цэгийн өргөнтэй Full HD кино болоод бичлэгүүдээ үзээд байж дээ. Гацалт тасалдал үгүй болохоор сайхан байна шүү, тийм ээ.