KB kB KiB будлианы гурвалжин
500GB багтаамжтай хэмээн авсан хатуу дискний багтаамж 488GB орчим байдаг болон бас бусад будлианы учир шалтгаан
Худалдаж авсан хатуу дискний хэмжээ гаднах наалт дээр нь бичсэнээс дутуу харагдахыг анзаарч байсан уу? Зааснаасаа дутуу багтаамжтай үйлдвэрлэдэг юм байх даа гэж гайхаж байсан уу? Эсвэл KB эсвэл kB гэсэн хоёр өөр нэгжтэй таарч эргэлзэж байсан уу? Бас KiB маягийн нэгжийг харж байсан уу?
Дээрхийн цаана угтаа их ойлгомжтой ч гэлээ мэдэхгүй нэгний толгойг хөөрхөн эргүүлчих будлиан байдаг ажээ. Ингээд KB ба kB ба KiB будлианы гурвалжны учрыг олцгооё.
1. Алдаатай тэмдэглэгээ
kB гэдэг маань kilobyte /килобайт/ гэхийг товчилсон тэмдэглэгээ юм. Гэтэл үүнийг KB гэж алдаатай бичсээр хэвшжээ.
2. Нэгжийн систем
Нэгжийн системүүдийн зүгээс харвал KiB ба kB хоёр хялбархан зааглагдана. Кило гэх угтварыг Си системийн нэгжийг 103=1000 дахин авсныг илтгэдэг. Өөрөөр хэлбэл 1kB=1000B. Гэтэл компьютер маань физик төвшиндөө буюу бүр доод төвшиндөө 2-тын тооллын системтэй нягт холбогддог. Ингээд нэгжийг томсгохдоо хоёртын системээ баримтлан 1000-тай ойролцоо 210=1024 байтыг 1KiB гэж авсан хэрэг. Ki гэдгийн K нь кило, i нь binary гэх утгыг илэрхийлдэг байна. Ийм маягаар kibibyte, mebibyte, gibibyte, tebibyte, exbibyte зэрэг нэгжүүдийг International Electrotechnical Commission (IEC) 1999 онд гаргаж ирснийг одоо бид хэрэглэсээр байна.
3. Microsoft-ийн эс үйлдлийн гай
Microsoft корпорац нь Windows үйлдлийн системдээ хоёртын тооллын системийг ашигладаг боловч Си /аравтын тооллын/ системийн K, M, G, T, E тэмдэглэгээг ашиглаж байгаа нь хатуу дискний хэмжээ дутах зэрэг будлианы шалтгаан юм. Угтаа бол бол IEC-ээс гаргасан нэгжийн системийг ном ёсоор нь мөрдөхгүй үл тоомсорлож байгаа явдал юм. Харин миний лавтайяа мэдэхээр Ubuntu зэрэг нээлттэй эх бүхий Linux тархацууд аль хэдийн уг хоёр системийг өөртөө нэвтрүүлжээ.
Ингээд хатуу дискний багтаамжийн зөрүүн дээр жишээ болгон 500GB багтаамжтай нэгэн хатуу дискийг авч үзье. Авсан дикний маань багтаамж 500107862016 byte байна. Үүний нэгжийг Си системээр гига хүртэл шилжүүлбэл 500.1GB буюу заасан багтаамждаа хүрч байна. Харин gibibyte нэгжээр 488.3GiB болж байна. Яг үүнийг л Windows дээр 488.3GB гэж харуулаад байгаа юм. Microsoft үүнийгээ Windows 8 үйлдлийн системдээ зассан л байгаасай даа.