Цаг хэмнэх аргууд
Цагаа хэмнэе! Ихийг бүтээе! Амьдарлаа уртасгая! Гэр, ажил гээд ер хаана ч өдөр тутам цаг хэмнэх үр ашигтай аргууд
Цагаа хэмнэе! Ихийг бүтээе! Амьдарлаа уртасгая!
Гэр, ажил гээд ер хаана ч өдөр тутам цаг хэмнэх үр ашигтай аргуудыг жагсаалаа.
Гэр
- Хүүхдийн туслалцаа. Тоглоомоо хураах, маргааш өмсөх хувцсаа бэлдэх улмаар наснаасаа хамаарч өөр олон ажлыг хариуцан хийж чадна.
- Өдөр бүр, долоо хоног бүр давтагдах ажлаа цагийн хуваарьт оруулах. Гэрийн ажил, хүүхдийн даалгавар хийлгэх, унтах зэрэг байнга давтагддаг зүйлсэд тодорхой цаг оноож урьдчилан төлөвлө.
- Гэр бүлийн хуанли хөтлөх. Гал тогоо зэрэг гэр бүлийн бүх гишүүд цугладаг газарт хуанли байрлуулж түүн дээр хэн хэзээ ямар ажилтайг урьдчилан тэмдэглэх.
- Эд зүйлийг тогтоосон газарт тавих. Гар утас, түлхүүр зэрэг зүйлсийг нэг газарт тавьж хэвшсэнээр тухайн зүйлийг хайж цаг алдахаас сэргийлж чадна.
- Өөрийгөө хэвшүүлэх. Орой нь гал тогоогоо цэвэрлэх, ажилдаа өмсөх гутал хувцсаа бэлдэх зэргийг хийж хэвших. Энэ нь маргаашийн цагийг хэмнэнэ.
- Зурагт үзэх цагаа багасгах. Зурагт үзэх цагаа төлөвлө. Зөвхөн шаардлагатай, өөрийн дуртай зүйлээ л үз. Гэр бүлээрээ "Зурагтгүй үдэш" зарлаж бай.
- Хоол хийх. Хурдан хийж болох хоолны нэр төрөл жор ба арга технологийг судлаж хэрэгжүүлэх.
- Цэвэрлэгээ ба угаалга. Хувцсаа цэвэрхэн өмсөх, гэртээ хог тарихгүй байх зэрэг нь угаалга цэвэрлэгээг мэдэгдэхүйц хөнгөвчилнө. Үүнээс гадна хөдөлмөр хөнгөвчлөх хэрэгслийг оновчтой сонгож ашиглах, цаашилбал хог асгах тал дээр ч анхаарах зэргээр бодох зүйлс байна.
Ажил
- Ажлаа төлөвлөх. Өнөөдрийн хийх ажлын төлөвлөгөө жагсаалт гаргаж зөвхөн тэдгээр ажилдаа л анхаарлаа хандуул.
- Маргаашдаа бэлдэх. Хэр сайн бэлдэнэ тэр хэрээр өглөөг стрессгүй угтах болно. Хувцсаа бэлд. Цүнх сэлтээ үүдний ойролцоо зэхэж тавь. Өглөөний цай, өдрийн ундандаа хэрэглэх хоолоо сонгож хийхэд бэлд.
- Ажлын ширээгээ оновчтой байрлуулах. Цонх, үүд хаалга ба чалчаа нэгнээс хол байрлуулбал анхаарал сарниж цаг алдахаас сэргийлнэ. Харин эсрэгээрээ баримт хавтас хадгалах шүүгээ зэрэгт ойр суу.
- Ширээгээ цэгцтэй байлгах. Шаардлагагүй их бичиг цаас овооруулах нь ажлын бүтээмжид сөрөг нөлөөтэйгөөс гадна стрессийн нэг хүчин зүйл болох талтай.
- Кофе, цай зэргийг хязгаарлах. Цайны цагаараа л үүнийг амжуул. Шингэн юм их уух нь ариун цэврийн өрөө уруу явах тоог улам нэмнэ.
- Файл хавтсаа цэгцлэх. Файл хавтсаа сайтар цэгцэлж улмаар энэ эмх журмаа алдалгүй сахь. Энэ нь файл хайж цаг алдахаас сэргийлнэ.
- Файл хайх. Файл, хавтас ба програмаа хайхдаа Google Desktop зэрэг програмыг ашигла. Энэ нь Windows Explorer-оос илүү хурдан ажилладаг.
- Shortcut бусад төрлийн холбоосыг ашиглах. Шаардлагатай програм ба файл хавтасны shortcut-ийг гарын дор байрлуул.
- Компьютерийн гарыг сайн ашиглаж сурах. Хадгалах, нээх, хуулах, хаах зэрэг байнга хэрэглэгддэг командыг хулганаар бус харин гарнаас өгч сурах, дадах.
- Үйлдлийн системээ тордох, дискээ цэвэрлэх, цэгцлэх. Баасан гараг бүрт үйлдлийн систем ба дискний цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг програм уншуулж байх. Элдэв хог файл, регистерийн хэрэгцээгүй түлхүүр, үйлдлийн системийн алдаа зэргээс болж компьютерийн ажиллагаа мэдэгдэхүйц удааширдаг.
- Хуулбар үүсгэх. Чухал файлуудаа байнга хуулбарлан нөөцлөх нь нэг ажлаа хоёр удаа хийж цаг алдахаас сэргийлнэ.
- Синхрон хийдэг програм үйлчилгээг ашиглах. Олон компьютер ашигладаг бол онлайнаар синхрон хийдэг Dropbox зэрэг үйлчилгээг ашиглах нь оночвтой байдаг.
- Мсжр ба Facebook Twitter-ыг хязгаарлах. Эдгээр нь ажилд нэмэр болохоосоо илүүтэйгээр нэрмээс л болдог.
- Цахим шуудандаа филтэр үүсгэх. Ажил, найз нөхөд, Facebook зэргээс ирэх цахим шууданд зориулан филтер үүсгэж тусдаа хавтсанд орж байхаар тохируулах.
- Ажилтан хөлслөх. Хялбар мөртөө цаг үрэх ойр зуурын ажилд хүн хөлсөлж ажиллуулах.
Бусад
- Онлайн худалдааг ашиглах. Цаг бас мөнгөө хэмнэхийн тулд онлайн худалдааг ашигла.
- Худалдан авах зүйлээ төлөвлөх. Байнга хэрэглэдэг хүнс барааны зүйлээ бүртгэх, худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах зэрэг нь олон дахин дэлгүүр орохоос сэргийлж чадна.
- Дэлгүүр орох цагаа оновчтой сонгох. Ачаалал бага байх үеэр дэлгүүр орж дараалалд зогсож хүлээх цагаа багасгахыг зорь.
- Замын түгжрэл ачааллыг тооцох. Замын хөдөлгөөнд оролцохдоо оргил ачааллын үеэс зайлсхийх, аль болохоор гэрэл дохио багатай замыг сонгох зэргийг анхаараарай.
- Урьдчилан захиалга өгөх. Эмнэлэг, гоо сайхны үйлчилгээ, ресторан зоогийн газар зэрэгт урьдчилан захиалга өгч хэвших.