Ubuntu суулгасны дараа хийх зүйлс
Ubuntu Linux үйлдлийн системийг шинээр суулгасны дараа нэмж суулгах програмууд болон бусад хийх зүйлс
Ubuntu Linux үйлдлийн системийг шинээр суулгасны дараа нэмж суулгах програмууд болон бусад хийх зүйлсийг өөртөө бас өрөөл бусдад ч хэрэг болно хэмээн эмхэтгэн бичлээ. Ингэхдээ энгийн хэрэглэгчийн зүгээс хандахыг зорьсон, өөрөөр хэлбэл хэнд ч хэрэг болох зүйлсийг оруулахыг хичээлээ.
Нэмж хэлэхэд Ubuntu нь анх суухдаа л оффисын бичиг хэргийн програм мэтийн өргөн хэрэглээний програмууд дагаад суучихдаг сайн талтай. Хэдий тийм боловч зайлшгүй хийгдэх зүйлс, нэмж суулгах шаардлагатай програмууд бас байна. Ингээд Ubuntu суулгасны дараа хийж гүйцэтгэх 10 зүйлтэй таницана уу.
Жич: Дараах командуудыг терминалаас өгөхөөс гадна Update Manager болон Ubuntu Software Center зэрэг програмуудын тусламжтайгаар хийж гүйцэтгэх боломжтой. Терминалыг Alt+Ctrl+T товчлууруудын хослолоор нээнэ.
1. Update
sudo apt-get update
sudo apt-get upgrade
2. Ubuntu Restricted Extras
Windows-ийн фонтууд, флаш тоглуулагч, аудио болон видео кодекууд зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг дараах командаар суулгана.
sudo apt-get install ubuntu-restricted-extras
Суулгах явцад лиценз хүлээн зөвшөөрөх эсэхийг асуух болно. Тухайлбал windows-ийн фонтууд дээр. Хэрвээ үүнийг нь анзааралгүй өнгөрүүлсэн, өөрөөр хэлбэл фонтууд суугаагүй бол
sudo apt-get install ttf-mscorefonts-installer
командаар суулгах боломжтой.
3. Нэмэлт драйверууд
Эх код нь хаалттай гэх мэтийн шалтгаануудын улмаас NVIDIA-гийн график карт, Broadcom-ын сүлжээний картын драйвер сэлтийг тусгайлан суулгах шаардлагатай болдог. Эдгээр драйверуудыг гараар суулгаж болдог ч гэлээ энэ нь энгийн хэрэглэгчдийн хувьд эрсдэлтэй, тодруулбал цөм шинэчлэгдэх бүрт драйвертай ахин зууралдах шаардлага гарах гээд байдаг тул "System Settings" доторх "Additional Drivers" руу орж өөрөөр нь суулгуулах нь зүйтэй. Өөрөө шалгаад, татаж суулгах ба харин драйверийг идэвхжүүлэхээ л сонгож заах ёстой.
4. Видео тоглуулагч
Миний хувьд VLC эсвэл SMPlayer зэрэг програмууд дажгүй санагддаг ба SMPLayer тоглуулагчийг суулгах тохируулах зааврыг эндээс аваарай. Харин VLC програмыг
sudo apt-get install vlc vlc-plugin-pulse
командаар суулгана.
5. Видео засварлагч ба хувиргагч
Энгийн, ойлгомжтой мөн сүүлийн үеийн HD форматыг ч асуудалгүй дэмждэг Openshot програмыг санал болгох байна.
sudo apt-get install openshot
Мөн интернэтээс татаж авсан кинонуудын илүү дутуу аудио трэкүүд ба subtitle-уудыг хасах, нэмэх зэрэгт MKVMerge их тохиромжтой.
sudo apt-get install mkvtoolnix mkvtoolnix-gui
6. Зургийн програм
GIMP гэж Photoshop-ийг орлох сайн програм байдаг.
sudo apt-get install gimp
7. Архивын програм
Xarchiver програмын нэмээд суулгачихад л Archive Manager чинь өргөн хэрэглэгддэг ихэнх архивын форматуудтай ажиллах боломжтой болчихно.
sudo apt-get install xarchiver
8. Интернэт хөтөч
Firefox дагаж суусан байх боловч миний хувьд Ubuntu дээр Chromium хөтчийг ашиглах нь илүү дээр санагддаг.
sudo apt-get install chromium-browser
9. Dropbox
Та Dropbox хэрэглэдэг бол Ubuntu дээр тохирч ажилладаг клиент програм нь байдаг. Албан ёсных нь сайтаас татаж аваад суулгаж болно. Харин Dropbox-гүй бол үүний талаар эндээс мэдээлэл аваарай.
10. Samba
Samba бол Windows үйлдлийн системтэй компьютерүүдтэй дотоод сүлжээгээр холбоход ашиглагддаг програм юм.
sudo apt-get install samba samba-common
sudo apt-get install system-config-samba