Өнгөрөгч долоо хоногийн мягмар гараг буюу 2012 оны 11 сарын 27-ны өдөр MN25 телевиз ба Нар хүүхдийн дэлгүүрээс зохион байгуулдаг манцуйтай тамирчин нэвтрүүлэгт Мөнхмандах хүүгээ оролцууллаа. Нэвтрүүлэг нь MN25 телевизээр яг нэг сарын дараа буюу 12 сарын 27-нд гарна гэсэн. Харин уржигдар бас өчигдөр буюу амралтын өдрүүдэд өөрсдийн видео камераар бичсэн бичлэгээ эвлүүлж, дарсан зураг сэлтээ бэлдэж амжсан тул ийнхүү нэвтрүүлгээр гарах зарим хэсгийг нэвтрүүлэг нь телевизээр цацагдахаас өмнө бас зураглаачийн камерийн ард өрнөх бусад үйл явдлыг дэлгэн үзүүлж чадахаар боллоо.

Ингээд хүүгийнхээ нэвтрүүлэгт хэрхэн оролцсныг тэмдэглэхийн зуурт уг нэвтрүүлэгт хэрхэн бүртгүүлж оролцох бас бусад зүйлсийн талаар бичиж зураг ба видео бичлэгийг нь ч оруулъя.

Бүртгэл 4-р хороололд байрлах Нар хүүхдийн дэлгүүр дээр хүүхдийнхээ төрсний гэрчилгээтэй очиж 1-р давхрынх нь кассанд бүртгүүлсэн. Холбогдох утасны дугаа нь 99082500 юм билээ. Бүртгэлийн хураамж нь 25000₮ байсан.

Хүү эхнэр бид гурав 11 сарын 23-нд бүртгүүлэхэд 27-ны нэвтрүүлэгт оролцохоор болсон. Бүртгүүлэхэд санамж бас танилцуулга бүхий хуудас цаас өгснийг нь дараах маягаар бөглөөд нэвтрүүлэгт орохдоо авч очсон.

  • Овог: Махгал
  • Нэр: Мөнхмандах
  • Хэдэн сар, хэд хоногтой: 9 сар 29 хоног /нийт 303 хоног/
    8-аас 11 сартай хүүхдүүдийг оролцуулдаг журамтай гэсэн шүү.
  • Өхөөрдөн дууддаг нэр: Тонтоолой.
    Өхөөрдөн дуудаг нэр гэж тулгаж асуусан болохоор ээжийнх нь Тонтоолой, Түнтээлэй, Тонтгор хүүхэд гэдгийг нь энд бичсэн хэрэг л дээ. Түүнээс биш бид хоёр хүүхдээ нэрээр нь л дууддаг юм.
  • Хобби: Компьютер зэрэг цахилгаан хэрэгслийн утас залгавраар оролдох, салгах, хогийн сав ухаж хогийг нь тарааж хаях
  • Идэх дуртай хоол: Ээжийнхээ гарын хоол болох зутан, талх бас жигнэмэг
  • Ирээдүйд: Аавдаа ачлалтай Ээждээ энэрэлтэй Эрдэм номтой Эр чадалтай Эелдэг ааштай Эвлэг зантай Эгнэшгүй ухаантай "Ээмэр" зоригтой Мөнхөд Мандах Мөнхмандах хүү байна аа.
    За үүнийг ч зүгээр л толгой холбоод "буудчихсан".

Харин нэг сайхан зүйл нь энэ танилцуулгаа нэвтрүүлгийн зохион байгуулагчид нь ч нэхэж авсангүй, бид ч өгөхөө мартчихжээ. Монтажлачихаагүй бол аваагүй өгнө дөө. Одоо ширээн дээр хэвтэж л байна.

Бэлтгэл За хүмүүс ч их л бэлддэг бололтой юм билээ. Бид хоёр ганц хослол авснаар тэмцээний бэлтгэл дууссан. Хүмүүс бүжиглэх, хөлд оруулагч дээр явуулах зэрэгт их анхаарсан нь харагдаж байсан. Харин манай хүү бор зүрхээрээ л орсон. Ямар сайндаа л бүжгийн тэмцээн дээр нь уцаарлаад аюул болох шахсан нь бичлэг дээрээс тодорхой харагдана. Угаасаа хүүхдээ урдаас нь барьж авбал өргөж тэвэрдэг, араас нь баривал өөр тийш нь өргөж тавих буюу муухайгаар хэлбэл хорьж цагдах үйлдэл болоод байдаг болохоор манай хүү тэгтлээ уцаарлах нь ч аргагүй.

Ерөөсөө ч тэмцээнд заавал түрүүлнэ гэсэн зорилго огт тавиагүй л дээ. Иймдээ ч хэдэн сарын өмнөөс Манцуйтай тамирчинд хүүгээ оруулна гэж ярьсан мөртөө хөлд оруулагч аваагүйн дээр ажлын зав чөлөө гарсан дээр нь хэмээн 9 сартайд нь оруулчихсан юм. Одоо манай хүү өөрөө л юм түшиж босоод хөлөө зөөгөөд алхдаг болсон. Түүнээс биш аав ээж хоёр нь хөтлөөд алхуулж байгаа юм бараг л алга дөө. Ямартаа л гар суганаас нь барихаар хөлөө атийлгаад газраас хөндийрөөд байх вэ дээ. Яг энэ нь бичлэгт бас л орсон байсан.

Нэвтрүүлгийн зураг авалт Нар дэлгүүрийн 4 даврын зааланд нэвтрүүлгийнхээ зургийг авдаг юм байна. Нэг хөтлөгч, нэг зураглаач, үйлчлэгч худалдагч бололтой хэдэн хүн, манцуйтай тамирчид ба тэдний ар гэрийнхэн нь гээд чамгүй олон хүн 15:30 цагаас эхлээд 4 цаг шахуу хугацаанд сайхан бужигнана даа. Үйл ажиллагаа нь яг цагтаа эхэлж байсан. Эцэг эхчүүд нялх хүүхдийнхээ төлөө гэсэндээ ч тэрүү цагаа гайгүй баримталчихдаг бололтой.

Ерөнхийдөө нэвтрүүлгийн зохион байгуулалт хангалтгүй, учир дутагдалтай зүйлс өчнөөн байлаа. Хөтлөгчийн хэлж буйгаар энэ нэвтрүүлэг 9 жил үргэлжилж 20 орчим мянган хүүхэд орсон /би буруу сонсоогүй бол шүү дээ/  гэж байгаа ч яг үнэндээ анх удаагаа зохиогдож байгаа, учир начраа сайн олоогүй гэмээр л санагдсан. Ер нь энд шулуухан хэлэхэд зохион байгуулалтынх нь учир дутагдалтай байдалд эцэг эхчүүд өөрсдөө сайн тохируулж бэлдэж очсон нь л дээр байх даа. Жишээлбэл,

  • Журман дээр нь байгаа шиг дан цэвэр оймсноос гадна хүн нэг бүр углааштай байх
  • Хөлд оруулагчийг нь авч очих /нэвтрүүлгийн зүгээс хөлд оруулагч өгөхгүй байсан. Бусад эцэг эхчүүдийн хөлд оруулагчийг гуйж ашиглаж болох ч гэлээ бүгд тийм бодолтойгоор ирвэл бас хэцүү./
  • Маш их чимээ шуугиантайн дээр тохь тухгүй тул эмээ өвөөг нь аваачихгүй байх
  • Жорлонгүй, хэрэв морь харах эсвэл бие засах бол гарах болно гэдгийг анхаарах
  • Сүү тохиромжгүй (нойрны эм) гэж байсан тул хүүхэддээ өгөх сок ба хоолны зүйлийг сайтар бэлдэх ерөөсөө хурц гэрэлд их халууцдагийг санах
  • хүүхдээ сайн хянаж харгалзах.
    Нэг ээж манай хүүг хөлд оруулагчаар цохих байсныг амжиж хаасан гэх мэтээр осол аваар мундахгүй
  • Гадуур хувцас бусад зүйлсээ хийх цүнх, уут савтай очих. Хэдэн шүүгээ байсан ч дэлгүүрийн ажилчид нь өөрсдөө хувцсаа хийдэг юм байлгүй дээ, ихэнх нь томоос том цоожтой байсан.
  • Камер зургийн аппарат. Нэвтрүүлэг нь 30 минут үргэлжилдэг гэлүү дээ. Тэрхэн зуурт танай хүүхэд тийм ч олон дахин, бас хангалттай удаан гарахгүй л байх даа. Одоогоор нэвтрүүлгийг нь үзээгүй, бичлэг сэлтийг нь аваагүй байгаа болохоор тэгж тааж л байна. Гэсэн ч өөрсдийн видео камераар хальт хийсэн бичлэг хасаж зүйн эвлүүлэхэд 1 цаг 4 минут 1 секунд болж байгаа гэхээр нэвтрүүлгийн тэр 30 минут ч хангалттай биш л байх. Мөн камерийн ард бичиж авмаар өчнөөн зүйлс өрнөх нь ойлгомжтой. Дашрамд хэлэхэд нэвтрүүлгийн бичлэгийг DVD-нд авах бол 10000₮ хураалгаж байсан.
  • Бас журам дээрээ ямар ч асуудлыг нэвтрүүлгийн зохион байгуулагчид хариуцахгүй гэж байсныг анхаарна биз ээ.

Ингээд зураг авалтын үеэр дарсан цөөн хэдэн зураг ба нэвтрүүлгийн журам ба танилцуулга бас өргөмжлөл нь

Нээрээ хүүхэд бүрт "цол" олгодгоос манай хүүхэд "хөгжилтэй, хөөрхөн, царайлаг джентльмен" болсон.

Цөөн хэдэн л зураг дарж голчлон бичлэг хийсэн. Бичлэгт нэвтрүүлэг эхлэхээс дуусах хүртэлх бүхий л үйл явц тод томруун буусныг бас хамгийн гол нь манай хүү Мөнхмандахын Манцуйтай тамирчин тэмцээнд хэрхэн оролцсныг сонирхоорой.

Хүү маань мэдээж бүжиг бас хөлд оруулагчтай уралдах тэмцээнүүдэд хамгийн сүүлийн байрыг эзлэх нь дээр бичсэнчлэн тодорхой байгаа шүү. Харин мөлхөө уралдаанд өөр зүйл анхаарч сатаарч зогсоогүйсэн бол ч үзүүлээд өгөх байсан биз ээ. Азын бөмбөг сугалахын хувьд тэр азын бөмбөг нь гэж яаж мэдэх вэ дээ. Нүдэндээ харагдсан бөмбөгөө элдэж очоод л бариад авч байгаа, барьсан бөмбөгийг нь хөтлөгч хурааж авахад үлдсэн ганц бөмбөгийг мөлхөж очоод авч байгааг харахад сэтгэл ханамжтай л байлаа. Мөн бид гурав зарим аав ээжүүдийн адилаар булхайцаагүй юм байна. Бас тэгээд зүгээр ч булхайцчихгүй хамгийн гол нь нэвтрүүлгийн зураглаачийн камер уруу ороод байсан нь огт таалагдаагүй. Ер нь эцэг эхчүүд камерт орохгүй байх, халхлахгүй байхад анхаармаар юм билээ. Телевизийн нэвтрүүлэгт хөндлөнгийн зүйл өчүүхэн төдий орсон байхад л тэр хэсэг орчмын кадрууд тэр чигээрээ хайчлагдаж хаягдах болдог, түүнтэй хамт танай манай хүүхдүүдийн хөөрхөн дүр зураг хаягдахыг бодолцох хэрэгтэй.

Жич: Subtitle-ийг (cc товчлуурыг дарж) идэвхжүүлж үзэхээ мартуузай.

Нэмэлт өөрчлөлт: 2012 оны 12 сарын 27-нд телевизээр гарсан нэвтрүүлгийн бичлэгийг нэмж орууллаа.