Охин үртэй боллоо
Бидний хоёр дахь хүүхэд Мөнх-Яргуй охины маань энэ хорвоод мэндэлсэн түүх
2014 оны 2 сарын 24-ний Даваа гарагийн 07:13 цагт охин Мөнх-Яргуй маань мэндэллээ. Ах нь ёстой л норм стандартын дагуу явсаар төрж байсан бол харин охин маань бөөн л адал явдал болдог юм байна. Энэ бүх адал явдал 2 сарын 19-ны энгийн нэг лхагва гарагаас эхлэлтэй юм.
Тэр өдрийн 10 цаг хагасын орчимд охиноо ЭХО-гоор харуултал эмч нь ургийн хөгжил асуудалтай байгаа тухай хэлж байна. Тэгээд бага үдийн өмнөхөн эхнэр маань хяналтын эмчдээ үзүүлтэл шууд л эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд өвчтөн илгээх хуудас ч билүү солилцох хуудас ч билүү нэг юм хийгээд өгсөн байлаа. Ингээд шууд л эмнэлэгт хэвтэх бэлтгэлээ базаагаад хүүгээ аваад л нэгдүгээр амаржих газарт хүрээд очсон. Хүүгээ гадаа машинд унтаагаар нь үлдээгээд л бид хоёр эргэлтийн хаалга гэх зэргээр жаахан эргэж буцсаны эцэст манай хүн хүлээн авахаар нь ороод явчихсан. Би үүдэнд нь хувцас бас бусад шаардлагатай зүйлийг нь бариад л хүлээгээд зогслоо. Төрөхөд шаардлагатай зүйлс гээд уртаас урт жагсаалт гаргаж байгаад баахан юм бэлдсэн байсан болохоор шууд л нэг тортой юм аваад гарахад ч амар байсан юм. Харин дараагийн хэдэн өдөрт нь нөгөө нэг тортойг нь хараад төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг үг ч санагдах шиг. За үүний учир ч удахгүй бичигдэнэ. Тийнхүү өвчний түүхээ нээлгэх мэтийн бичиг цаас болоод бусад ажлын зуурт үүдэнд хүлээж зогсоход "гадаа хүүхэд яаж байгаа бол" гэж ч нэг бодогдоод "гараад явсан хойгуур Мөнгөө маань юмаа авах гээд ирвэл" гэж ч нэг бодогдоод хоёр хөл хоёр тийшээгээ л алхаад байлаа.
Дараагийн өдөр нь шинжилгээ хийгдэж улмаар нь хариу нь эхнээсээ гарч цаашид хэрхэх нь тодорхой болж эхэллээ. Хамгийн аймшигтай нь өмнө харуулж байсан хоёр өөр ЭХО-гоор тогтоогдсон ургийн хөгжлийн үзүүлэлтүүд эрс дордож гарсан явдал байлаа. Эмч нь надтай уулзаад "Танай хүүхдийн хөгжил олон долоо хоногоор хоцорсон байгаа тул төрөлтийг шийдвэрлэх шаардлагатай. Яахыг ярьж зөвлөөд бичгээр хариу өг." гэж хэлж байна. Би ч "нэгдүгээрт эхийн амь нас эрүүл мэнд" гэсэн л хариу өглөө. Бас нэгэнт өдийг хүртэл тээчихсэн бас элдэв гажиг согоггүй юм чинь хүүхдийнхээ амийг тогтоож авах талаар бодолцохыг хүсч байлаа. Эмч ч хүүхэд ер нь найдваргүй. Амьдрах боломж тун бага л гээд байлаа. Ер нь төрөхийн эмч нар тун хашир, тэгтэл нь хашраачихсан ч юм уу даа. Юм л болвол бичиг сачиг гэх юм билээ. Манай эхнэр ч бас нэг юм бичиж өгсөн гэж байгаа. Хашраах гэснээс энэ бүхний эцэст дүүрэг ба хорооны эмэгтэйчүүдийн эмчийг л хашраах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт гарсан шүү.
Тийм муу зүйл сонсохоор хэцүү л юм билээ. Уг нь бид хоёр ганц хүүдээ хань болгох бас ажил амьдрал цаашлаад хожим хойчоо бодох гэх зэрэг олон нарийн шалтгаанаар хүүхдээ төлөвлөсөн бүр цаашилбал хэдийд төрвөл тохиромжтой гэх мэтийг нь хүртэл тооцоолж байж хийсэн байсан юм. Ингээд л дээрх бүх зүйл бас дээр нь цондойтол нь тээж бүрэлдүүлсэн халуун амь гэх мэтээр бодогдох юм ч зөндөө. Гэрт орж ирэхээр төрөхийн бэлтгэл гээд зэхээд тавьсан юмнууд дээр бичсэнчлэн "төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэх бодлыг төрүүлээд л.
Тийнхүү явсаар даваа гараг буюу 2 сарын 24-ний өглөө хүүхдийг хүчээр төрүүлэх шийдвэрт хүрсэн. Төрүүлэх дээр бас хагалгаа юу, эсвэл өөрөөрөө юу гэх юм яригддаг юм байна. Би ч хагалгаа нь хожимдоо эхэд дэмий гэдгийг нь сонсож мэдсэн тул өөрөөрөө буюу байгалийнхаа замаар л төрөг гэлээ. Угаасаа эмч хүүхдийг найдвар багатай гээд байсан тул "хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордог" гэж сэтгэл дотроо өөрийгөө зөвтгөөд охины заяа мэдэг гэж л бодлоо. Эмчилгээний дундуур таарсан амралтын хоёр өдөрт эхнэр маань элдвийг л бодсон бололтой. "Эмчилгээ хийлгээд үр дүнг нь харьцуулаад хэд хоног харзнах уу" гэх мэтээр олон янзын л юм ярьсан.
Охиноо төрөхөөс өмнөх 4 өдрийн 3-т нь эмнэлэг дээр бараг л өнжих шахаж байлаа. Хүү заримдаа хамт байна. Харин эсэн мэнд амаржлаа, охин дажгүй байна гэсэн хариу сонссоноос хойш шинэ хүнээ хүлээж авахдаа анхаарч гэр орноо бэлдэж бүр нэг удаа 24 цагийн турш ээж дүүгийн хамтаар зогсолтгүй ажиллаж билээ. Бас тэгээд хажуугаар нь шөл ба эм тариа зөөх ажилтай. Ямар ч байсан эргэлтээр очиж байсан шөлнүүдээс хамгийн гоё амттай нь минийх байсан гэсэн үг сонссон шүү. Эм тарианы хувьд эмчилгээ хийж байвал хийж л байг, ямар илүүдэх юм биш, харин ч сайн хэрэг гэж бодоод бичиж өгсөн бүх эм тариаг нь олоод өгч байлаа.
Ийнхүү Мөнх-Яргуй охин маань 5 хоногийн дотор эхлээд асуудалтай, дараа нь эрсдэлтэй болж аав ээж хоёрыгоо нэг сайн айлгаж аваад 2014 оны 2 сарын 24-ны даваа гарагийн 07:13 цагт 1740 грамм жинтэй, 44 сантиметр урттайгаар эсэн мэнд, эрүүл саруул мэндэлсэн билээ. Хэдий эрүүл саруул ч гэлээ сар илүү хугацаагаар дутуу төрсөн болохоор ахынхаа төрж байснаас үнэндээ л дутуу харагдана. Ямар сайндаа л төрөхөөс гарахад сувилагч авчирч өгсөн нь бараг л өд шиг хөнгөхөн, хоосон өлгий юм уу гэмээр л санагдаж байлаа. Юм юм нь маш жижигхэний дээр уйлах дуу нь ахынхаа ярихаас ч сул сонсогддог гээд бод доо. Харин ойр дотныхон дутуу төрсөн хүүхэд адтай сэргэлэн байдаг гээд яриад байгаа. Тэгэхээр тун удахгүй Мөнхмандах хүүгээсээ ч илүү "түйвээгч"-тэй болох нь гээд олзуурхаад байгаа даа.
Дээр охин Мөнх-Яргуй ба эхнэр Мөнгөнсүх хоёрыгоо эмнэлгээс гаргаж авч байх үеийн видео бичлэгийг орууллаа.
Харин одоо эхнэрийнхээ бичсэнийг оруулъя.
Манай гэр бүл 2 сарын 24-нд 1740 гр, 44см охинтой болж бүл нэмлээ. Өөрийнхөө төрсөн үйл явцаа бичиж удахгүй ээж болох гэж байгаа хүмүүстээ туршлага хуваалцъя гэж бодлоо. Төрөх гээд тэсч ядаж байгаа жирмээ нарт маань нэмэр болох болов уу.
1. Жирэмсний хяналтын явц
Би нь уул нь С.Т-ээрээ 3 сарын 26-нд төрөх ёстой ч, 1 сарын 10-наас хойш эхонд харуулах болгонд бараг 7 7 хоногоор хойшлоод байлаа. Жирэмсний 5 сар хүртэл бүх юм хэвийн таарч байсан. Сүүлдээ ЭХО-оор бол төрөх хугацаа 4 сар гараад талийж өгсөн. 2 сарын 19-нд "Ирээдүй"-н ЭХО-д харуулсан чинь нөгөө зөрүү нь 4 долоо хоног гэж гарсан байсан. 7-р төв дээр хяналтын эмч Уянгаа дээр ирж харуулсан чинь шууд хэвтэх бичих хийж өгсөн. Ер нь хоног нь 14 хоногоос илүү зөрж эхэлж байвал дүүргийн хяналтын эмчтэйгээ байнга холбоотой баймаар юм билээ. Манай БГД, 17-р хорооны өрхийн эмч бол үнэн хайнга байдаг байсан юм. Шилжүүлгийн нарийн хуудастай байсан би сандарсан гэж "намайг хүлээж авахгүй байхаа" гэсэн чинь авахгүй бол надтай яриарай гэж байсан. Тэгээд төрөх юмаа бэлдсэн байсан нь аз болж, гэртээ орж ирээд хэвтэхэд хэрэг болох юмаа шүүрч аваад л 1-р төрөх дээр очлоо.
2. Төрөх дээр очсон нь
“Хүлээн авах” дээр очоод, хэвтэх бичгээ үзүүлтэл, хүлээн авахын хүн "чи бол угаасаа хэвтэх ёстой хүн юм байна, эртхэн ирэхгүй яасан юм" гэв. Тэгээд дотуур үзлэг хийлгэтэл “1 хуруу нээлттэй байна. Давтан төрөгчид 35-36 долоо хоногтой байхад ийм байж болдог. Төртлөө ч ингэж явдаг” гээд өндөр, жин, даралт зэргийг үзэн "стор" нээлээ. Ингээд, 1-р амаржихын 2 давхарт байрлах ЖЭЭТ-д оруулахад бас хоосон ор гарчихсан таарсан, аягүй азтай. За тэгээд, Перацетам, Ц гэсэн гоё эм нийлүүлээд тариулсан. Маргааш өглөө нь тасаг хариуцсан эмч Энх-Отгон "стор"-той танилцаад орж ирсэн бололтой надад зөвлөгөө өгөв. "ЭХО, с.т-н хугацаа зөрөхөд:
- 1-2 долоо хоног бол ерөнхийдөө байж болох ч ажиглана,
- 3 долоо хоног бол ураг дэмжих эмчилгээ хийж, маш болгоомжтой ажиглана,
- 4 долоо хоногоос дээш бол төрөлтийг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Одоо ЭХО-д харуулна" гэв.
Би ч "За" гээд ЭХО-д харуултал зарим үзүүлэлтүүд маань 30 долоо хоногтой гэж гарав. Эмч "би чамд хэлсэнчлэн 5 долоо хоногийн зөрүү байгаа учир төрөлтийг шийдвэрлэх хэрэгтэй" гэв. Миний хоолой зангираад л... За тэгээд бөөн хурал зөвлөгөөнөөр орсоноор 5 дахьд төрвөл хагас, бүтэнд эмч нар байхгүй гээд даваа гарагт сэдээж төрүүлэх шийдвэр гарлаа. За тэгээд даваа гараг хүртэл 3 өдөр эрчимтэй ураг дэмжих эмчилгээ хийлгэсэн.
3.Төрөх үйл явц
Бүтэн сайн өдрийн 23 цагт үзлэгийн өрөөнд орон нэг охинтой хамт сэдээх эм тавиулан, нэгдүгээр давхарт байрлах төрөх стационарын хэсэг рүү явлаа. Сувилагч нь төрөхийн өмнөх өрөөнд оруулаад ургийн зүрхний бичлэг хийлгэчихээд, "за одоо унтацгаа, өвдөхгүй бол өглөө 6 цагт дахиж сэдээх эм тавиад, тэгээд өвдөхгүй бол дусал залгана шүү." гээд гарав. Би ч за маргааш төрөөд нойргүй хонох юм болно сайхан унтъя, базлалт нь явагдаж эхлэхээр завсар зайгаар нь клизмээ тавиулаад, өглөө 6 цагт нэг үлдсэн ураг дэмжих тариагаа (кокоро) хийлгэе дээ гээд бодоод хэвттэл, хичнээн хичээгээд ч өрөө аймар халуун бүгчим болохоор өглөө болтол унтаж чадаагүй, хөрвөөсөөр байгаад таарсан даа. Шөнийн 2 цагийн үед хажуугийн охины маань базлалт эхэлсэн. Миний базлалт сураггүй. Тэр охинтой шөнөжин л юм ярьж хоносон. Төрөхийн өвдөлт сарын тэмдгийн өвдөлтийг хүчтэй болгосон байдаг гэдэг дээ. Тэр охины сарын тэмдэг аймар өвдөж ирдэг, тэр үед нэг эм уудаг тухай ярьж байлаа. Өглөө 5 цагийн үед нөгөө охин хажууд базлалт нь явагдаад уйлаад л, гэтэл миний бие нэг л сонион, явж шээе гээд 00 ортол хүнтэй байв, хүлээгээд зогсож байтал гуяар халуу оргиод л юм урслаа. За нөгөө ус нь гарчихлаа гээд гараа хальт хийгээд үзтэл цэвэр цус байдаг юм. Төрөх үед цэвэр цус гарахыг аюултайд тооцдог гэсэн. Би ч сандраад нэг эмчид хэлтэл, үзлэгийн өрөөнд орж, дотуур үзлэг хийгээд "умайн амсар нээгдэж байна, төрөхийн 1-р үе эхэлсэн байна, сайн байна, за өрөөндөө очоод байж бай" гэв. Өрөөндөө ортол базлалт маань эхэлж байнаа, утасныхаа stopwatch-ыг асаагаад базлалтын хугацаагаа тэмдэглэлээ. Ерөнхийдөө базлалт 1 цаг өвдөөд, 1 цаг зүгээр болоод, ... , 30 минут өвдөөд, 30 минут зүгээр болоод, ... , 1 минут өвдөөд, 1 минут зүгээр болоод, ... явагддаг. Гэтэл минийх шууд 6 минут өвдөөд, 6 минут зүгээр болоод, 5 минут өвдөөд, 5 минут зүгээр болоод, 5 минут өвдөөд, 5 минут зүгээр болоод, 1 минут өвдөөд, 1 минут зүгээр болох үед өглөөний 6 цаг болж байлаа. Тэгээд сувилагчийг нь дуудаад, өвдөөгүй нэг минутандаа гялс кокороо гуйгаад тариулчихлаа, дараагийн өвдөөгүй үеийн нэг минутанд нь клизмээ тавиулчихлаа. Клизмийг 5-10 минут барих ёстой гэсэн. Гүрийж байгаад 4 минут орчмын дараа 00 ороод өтгөнөө гаргасан. Хажуугийн охин маань өвдөөд л уйлаад л, эмч нар байнга өвдөж байгаа хүмүүстэй харьцдаг болохоор бид хэдийг юун тоох, "өвчин намдаах тариад өгөөч гээд хэлээд өгөөч" гээд л, тэрний өвдөлт бүр аймар байсан байхаа. Би очиж эмч нарт нь хэлсэн ч тоож байгаа хүн ганц ч байхгүй байгаа юм чинь. Эндээс жирмээ нартаа гэж хэлэхэд, сарын тэмдэг чинь аймар өвдөж ирдэг, бүр эм уудаг бол эртхэн эмч нартай ярьчихсан байх хэрэгтэй юм байналээ шүү! Тэгэж байж суухын аргагүй өвддөг биш бол заавал танил тал, мөнгө төгрөг гэх шаардлагагүй санагдсан. Учир нь тэр тариаг зөвхөн анхнаасаа захиастай хүмүүст л хийдэг юм байналээ, дараа нь сонсоод байхад. Өвчин намдаах тэр тариа нь 2 янз байдаг гэсэн.
- 30000 төгрөгийнх 20 минут барьдаг гэсэн. Ид хүчтэй өвдөлттэй үедээ хийлгэмээр юм билээ.
- 75000 төгрөгийнх, нилээн удаан барьдаг, бараг төртөл нь гэсэн. Мэдээж өмнө нь ярьж тохироогүй бол хийж өгөхгүй!
За ингэж явж байтал өвдөлт маань 20 секунд өвдөөд, 20 секунд, ... , 20 секунд өвдөөд, 20 секунд зүгээр болж, ийм байдалтай өглөөний 7 цаг болов. Тэгээд 20 секундийн өвдөлтийн хугацаа нь хадгалагдаж байгаа мөртлөө өвдөлт нь байж суухын аргагүй хэцүү болсон. Гэхдээ л бяцхан үрээ гэмтээчих вий гэсэндээ шүд зуун гүрийж байгаамдаа. 7:10 дөхөж байхад тасралтгүй өвдөлт эхэлж, баамаар мэдрэмж төрж, дүлмээр санагдав. Мэдээж энэ үед дүлж болохгүй, ураг бүтэх аюултай учир хаалгаараа толгойгоо гаргаад эмч дуудтал яг өөдөөс харсан 7-8 ортой төрөх өрөөнөөс нэг эмч гарч ирсэнээ, 100-аад метрийн зайтай байрлах "Үзлэгийн өрөө" рүү заагаад, "очоод байж бай" гэдэг юм. Очоод 3 ортой өрөөний голын орон дээр очоод хүлээгээд байдаг эмч ирдэггүй. "Эмчээ! эмчээ!..." гээд орилоод байдаг байдаггүй шүү. Утсаа тэр орон дээр нь тавьчихаад л гүрийгээд хаалга дээр очоод "Эмчээ" гээд орилтол өөр нэг эмч "Наанаа юу хийгээд байгаан наашаа хүрээд ир" гэдэг юмдаа. За буцаж ирнэ гэж худлаа гээд гүрийж байгаад утсаа очиж авч байгаан, хэхэ. Тэгээд л төрөх өрөөний үүдэнд ирсэн чинь нөгөө 7-8 ор битүү хүнтэй. Нөгөө эмч нь бас л байхгүй. "Яанаа төрлөө" гэтэл бас нэг өөр эмч "энд битүү байгаа биздээ, өрөөндөө ороод байж бай" гэдэг юм даа. Ёстой л нэг муур, хулганы үлгэр болов. Муухай царайлаад л, өөдөөс харсан өрөө рүүгээ орохоор эргэтэл анхны үзлэгийн өрөө рүү явуулсан эмч өөдөөс гараад ирлээ, гэнэт доошоо халуу оригоод л эхэллээ. Би их л туршлагатай давтан төрөгч "хүүхдийн толгой гарч байна" гэтэл нөгөө эмч чинь сандраад л, төрөх өрөө рүү дагуулж ороод, нэг охиныг "чи болоогүй байна, буу" гээд гялс намайг гаргалаа. Тэр өрөөний өөр нэг орон дээр нь төрөхийн өмнөх өрөөнд хамт хэвтэж байсан охин маань өвдөөд хэвтэж байгаа харагдав. Би ч орноосоо унах шахаж, арай гэж гарангуут хүүхэд гараад эхэлсэн. Эмч "Битгий дүл" гээд л би ч уул нь дүлээгүй юм л даа. "Дүлээгүйштээ, эмчээ!" гээд амаараа амьсгалаа гаргав. Бас өвдөөд, төрж байж 'хярзангаа оёулахгүй' юмсан гэсэн бодол орж ирээд байгаа юмаа. "Эмчээ, одоо яахуу, дүлээгүй байгаа, дүлэх үү яах уу" гээд л асууж байсан. Ер нь танил тал, мөнгө төгрөг өгөөгүй хүмүүс өөрсдөө гүрийгээд аятайхан байвал тангараг өргөсөн эмч нар юм болохоор бас л эргээд аятайхан харьцдаг санагддаг. Тэгээд л би ч дүлээгүй байтал хүүхэд гарлаа, эмч нар нь хоорондоо "өө заза, эхэс нь дагаад гараад ирлээ", "хөөх ус нь ногоон байнашт" гэх шиг болсон. Охиныг минь гэдсэн дээр тавиад "Барьж бай" гээд хамар, амыг нь цэвэрлээд хүйг хайчлах шиг болсон. Илүү тээлттэй удахаар л ус нь ногоон байдаг гэж сонссон болохоор хальт санаа зовж байсан ч охиноо харахад нэг улаан жижигхээн маамаа ёстой хөөрхөн эв эрүүл, сав саруул харагдаж байсан. Тэгээд "4 давхарт нярайн эмчилгээний тасаг руу очиж охиноо харж болно шүү" гээд охиныг минь аваад явлаа. Дутуу болохоор инкбаторт хийхээр авч явлаа гэж бодоод л үлдсэн. Нэг асрагч ирээд, нуруу руу урссан цусыг цэвэрлэж өгөөд, дэвсдэг памперс тавьж өгөх үед ёстой гоё хуурай мэдрэмж төрж билээ. "Гэрээс нь цай, шөл ирсэн үү" гээд л төрөхийн орон дээр 2 цаг хэвтэж байх хооронд, асрагч нь ёстой бөөцийлж байгаа юм чинь. Цай хийж авчирч өгөөд, "За цайгаа уухаар чинь, шөлийг нь хийж өгье" "За шөлөө уучих" "Дахиад уух уу" "Сайн идэж уухгүй бол орноос буугаад толгой чинь эргэнэ" гээд л... нэх гоё. За тэгээд 2 цаг болохыг нь хүлээнгээ, гэдсээ дартал нэх хатуу бондгор юм байна. Базаад л, базаад л гаргачих санаатай үзэж тарж байтал, хажуугийн орны нэг төрсөн ээж "Халуун гараараа хамаагүй дарж болохгүй, харин ч хүйтэн жин тавьдагшт" гэхээр нь больсон. Сав орчимдоо халуун юм хүргэх, халуун гараараа дараад байвал сав хөөрдөг, тэр нь хүндэрвэл галзуур ч болдог. Бас мэдмээр л юм билээ.
Нөгөө хамт хэвтэж байсан охин маань тэнд "баамаар болоод байна" гэж хэлтэл эмч үзээд "савны чинь амсар нээгдсэн байгаа ч, хүүхэд чинь доошлоогүй байна" гээд орхиод явж байгаа харагдав. Ярьж хөөрөөгүй хүнийг бол уйлж, орилоод байвал эмч нар тоохгүй, зарим нь бүр их дургүй муухай харьцаж байгаа харагдсан шүү!!! Тэгэж байтал нөгөө охин маань гэнэт чимээгүй болсон чинь нэг эмч "Хүүшээ, муужирчихсан байнаштээ" гээд л тэнд байсан бүх эмч нар овоороод л "Миний охин сэрээрэй, сэрээрэй. Чи ингээд байвал яаж хүүхэд чинь гарах юм. Тэвчээрэй" гээд л ... Нөгөө охин маань сэргэтэл тэргэнцэр дээр суулгаад, өөр тийш нь аваад явсан.
Орноос буунгуут тэргэнцэр дээр суулгаад л дээшээ 3 давхар руу төрсний дараах тасагт хүргээд, хөлдүү ус өгөөд, "гэдсэн доороо тавиад 30-60 минут болгоорой" гэж хэлээд яваад өглөө.
4. Төрсөний дараах үйл явц
Хүйтэн жингээ тавиад цаг орчим болж байтал эмч орж ирж, бие үзээд явлаа. Иймэрхүү байдалтай байсаар төрснөөс хойш бараг 4-5 цаг өнгөрөв. За тэгээд охин руугаа очлоо. Тэгсэн инкабаторт биш харин бүлээцүүлэгчтэй задгай орон дээр хүчилтөрөгч залгуулчихсан нэх хөөрхөн унтаж байнаа. Нярайн сувилагч нь "Охиноо аваад амлуулж болно шүү" гэхээр нь би ч баярлаад хөхүүлэх гэж үзэж тарлаа. Ам нь ангалзаад хоол нэхээд л нэх хөөрхөн. Гэхдээ хөхөөд байгаа юм шиг мөртлөө нэг л сүү уухгүй байгаа юм шиг байгаад байлаа. Дараа нь эмнэлэгт зөвлөгөө өгдөг эгчийн заавар, зөвлөгөөнөөс би охиноо буруу хөхүүлээд байснаа мэдсэн юм. Хүүхдийг анхнаас нь зөв хөхүүлэх ёстойг мэдэж баймаар юм билээ. Гол нь амлуулахдаа хөхнийхөө толгой хэлэн дээр нь тавих ёстой!. Нярайн эмч нь орж ирээд "Сайн хөхөхгүй байгаа бол охиноо өдөр, шөнө хамаагүй 2 цаг 30минут тутамд сүү сааж өгч бай. Өнөөдөртөө 5мл-г сааж өгөөрэй." гэв. Ингээд бид 3 давхраас 2 цаг 30 минут тутамд 4 давхрын нярайн өрөөнд явдаг "ажил"-д оров.
Өрөөндөө орох гээд явж байтал нөгөө охинтойгоо таарав. 2 нүд нь улаан болчихсон байв. Төрөхийн өвдөлтийн үеэр юун зөв дүлэх манатай өвдөөд аймар байсан гэж ярьж байв. Дүлэх үедээ нүдээ аньж болохгүй!!! Анивал нүдэнд цус харваснаар улаан нүдтэй болно. Гэхдээ нэг хэсэгтээ тийм байх ч, хэсэг хугацаа өнгөрөхөд арилдаг юм шиг билээ. Төрөх үед нь гэрийнхэн нь гаднаас мөнгө төгрөг эмчид нь өгсөн тэгээд эмч нар тэр охиныг анхаарч эхэлсэн гэсэн.
2 дахь хоног дээр эмчийн зөвшөөрснөөр охиноо өрөөндөө авлаа. Жижигхэн хүүхдээ анхандаа хүрч ядаад байдаг байсан, хоёр гурав хоногоос зангаа авалцсан :). 3 дахь хоног дээрээ вакцинаа тариулав. Нярайн эмч "хүүхэд чинь сайн байгаа учир өнөөдөр гарч болно" гэв. Би ч жижигхэн үрээ вакцин тариулангуутаа гэртээ гарна гэхээс айж байлаа. Тэгтэл эмэгтэйчүүдийн эмч намайг "эмчилгээтэй өнөөдөртөө гаргахгүй" гэв. Нярайн эмч, эмэгтэйчүүдийн эмч хоёр хоёулаа гарч болно гэвэл эмнэлгээс гаргадаг юм билээ. Бараг ихэнх хүмүүс нэг хоноод л гарч байналээ. Эх, нярай 2 хоёулаа эрүүл бол гялс л гаргана. 1 амаржих газар эмчилгээ, асаргаа үнэхээр сайн болохоор ч тэр үү, төрөлт их болохоор ч тэр үү, маш их ачаалалтай, төрөөд гаргах процесс нь ч хурдаг юм шиг санагдсан. Би ч вакцин тариулаад ядаж нэг хоног ажиглах боломжтой болох нь гээд баярлах шиг, хэхэ. 4 дөх хоног дээрээ усанд оруулаад, хамрыг нь цэвэрлүүлэв. Буцалсан ус имэрсэн хөвөнд шингээгээд хамрыг цэвэрлэдэг. Тэр өдөр бас л намайг "эмчилгээтэй" гээд эмэгтэйчүүдийн эмч гаргасангүй. Харин нярайн эмч маань бас л гараагүй юм уу гэж байсан. Хүүхэд усанд орсон болохоор тэр өдрөө гаргахгүй болсонд би нь бас л баярлах шиг, хэхэ. Харин 5 дахь хоног дээрээ өөрийн эрхгүй гарах юмсан гэж бодогдов. Гэтэл ашгүй өглөө авсан цусны шинжилгээ нь гайгүй гарсан юм байлгүй "Өнөөдөр гарч болно" гэхээр нь хичнээн баярлаваа.
Ингэж манайх гэдэг айл бүл нэмсэн юм даа. :) :) :)