Ямар нэгэн модем ашиглаад компьютерээ интернэтэд холбочихсон уу? Тэгвэл одоо гар утас, таблет, лэптоп болон бусад компьютерүүдээ интернэттэй болгомоор байна уу? Тэгэхгүй бол интернэттэй компьютерээ булаацалдаад хэцүү байгаа биз дээ? Модем зэргээр авсан интернэтийг рүүтэр /router/ лүү шейрлэх /share/ буюу утасгүй дотоод сүлжээнд интернэт түгээх тухай заавар өгье. Зааврыг Ubuntu 14.04 үйлдлийн систем дээр тулгуурлан бэлдсэн. Гэвч та Windows-тэй байсан ч компьютерийн сүлжээ нэг л зарчмаар ажилладаг болохоор Windows үйлдлийн системээ гайгүй эзэмшсэн л бол дараах заавар мэдээллээс санаа аваад хийгээд үзэж болох юм шүү.

Шаардагдах зүйлс

  • Ubuntu үйлдлийн системтэй компьютер
  • Router
  • Холбогч кабель буюу сүлжээний утас

Анхаарах, шалгах зүйлс

  1. Компьютерийг модем, WiFi эсвэл өөр ямар нэгэн аргаар интернэтэд холбосон байна.
  2. Компьютерийн LAN порт буюу оролт/гаралтуудын дор хаяж нэг нь заавал сул чөлөөтэй байх бөгөөд үүнд router-ээ холбох юм.

Төхөөрөмжийн талаас хийх зүйлс

  1. Компьютерээ интернэтэд холбоно.
  2. Сүлжээний утасны нэг үзүүрийг router-ийн LAN портуудын аль нэгэнд харин нөгөө үзүүрийг компьютерийн сул байгаа LAN портонд залгана.

Компьютер дээр програмын талаас хийх зүйлс

  1. Компьютерээ интернэтэд холбоно.
  2. Рүүтэртэй холбогдсон Ethernet холболтыг салгана.
  3. Шинэ холболт үүсгэнэ. Үүний тулд сүлжээний зураг бүхий товчлуур дээр дарж улмаар "Edit Connections..." дээр дарна. Нээгдэх цонхноос "Add" товчлуурыг дарж улмаар "Ethernet" сонголтыг сонгоод "Create..." товчлуурыг дарна. "Connection Name"-ийг Shared гэж өгье. Ингээд "IPv4 Settings" хэсгийн "Method"-ийг "Shared to other computers" гэж сонгоод "Save..." товчлуурыг дарж холболтоо хадгална.
  4. Шинээр үүсгэсэн холболтоо сонгож холбогдоод "Connection Information"-аас "IP address", "Subnet Mask" болон "Default Route" талбарын утгуудыг хуулж авна. Эдээр утгууд нь рүүтер бүрийн хувьд өөр өөр байж болох бөгөөд миний тохиолдолд харгалзан "10.42.0.1", "255.255.255.0", "192.168.0.1" байлаа.
  5. Интернэтээ авч буй холболтынхоо "DNS"-ийг мөн адил "Connection Information"-аас авна.

Жич: "Connection Information" нь сүлжээний зураг бүхий товчлуурыг дарахад нээгдэх цэсэнд "Edit Connections..." командын яг дээр байрладаг.

Рүүтэр дээрх тохируулга

  1. Интернэт бровсероо нээж хаягийн мөрөнд "Default Route" хаягаа бичээд enter дарж рүүтерийн удирдлагын самбарт холбогдоно. Энэ хаяг нь дийлэнх рүүтэрүүдийн хувьд 192.168.0.1, 192.168.1.1, 192.168.11.1 байдаг. Харин админ хэрэглэгчийн нэр нь admin эсвэл root зэрэг үгс байдаг бол нууц үг нь заримдаа хоосон эсвэл админ хэрэглэгчийн нэртэйгээ адил байх нь бий. Эдгээр хаяг болон хэрэглэгчийн мэдээллийг рүүтер дээрх шошго эсвэл гарын авлага эсвэл интернэтээс олж мэдэх боломжтой.
  2. Рүүтерийнхээ интернэт холболтын төрлийг Static IP гэж сонгоно. Үүний дараа залгуулан дараах утгуудыг асуух болно.
  3. IP address буюу IP хаяг талбарын утгыг шинээр үүсгэсэн Shared холболтын IP хаяг өөрөөр хэлбэл өмнөх бүлэг үйлдлүүдийн 4 дүгээр алхамд тэмдэглэж авсан "IP address" утгын сүүлийн тоог нэгээр ахиулж өгнө. Жишээлбэл манай тохиолдолд 10.42.0.2 гэж өгнө гэсэн үг. Харин 10.42.0.1 хаягийг манай компьютер авах юм. Ийнхүү рүүтерийн авах IP хаягийг зааж өглөө.
  4. Subnet Mask-ийг дээр тэмдэглэж авсантай адилаар өгнө. Жишээлбэл манай тохиолдолд 255.255.255.0 гэж өгөгдсөн.
  5. Default Gateway эсвэл Gateway Address нэртэй талбарын утгыг дээр тэмдэглэн авч байсан Default Route утгаар өгнө. Тодруулбал энд рүүтерт интернэт өгөх компьютер буюу одоо бидний холбох гэж байгаа компьютерийн IP хаягийг өгөх бөгөөд энэ талаар 3 дугаар алхамд дурдсныг сануулъя.
  6. DNS нэр бүхий талбаруудыг өмнөх бүлэг үйлдлийн 5 дугаар алхамд тэмдэглэн авсан DNS утгаараа бөглөнө. Энэ нь интернэтийн эх үүсвэр болох төхөөрөмжийнхөө IP хаягийг зааж өгч байгаа хэрэг юм.
  7. Эцэст Save зэрэг товчлуурыг дарна.

Хамгийн сүүлчийн үйлдлүүд

  1. Рүүтерийн LAN портод залгасан сүлжээний утсаа WAN эсвэл Internet нэртэй портонд шилжүүлэн залгана.
  2. Компьютер дээрээ шинээр үүсгэсэн Shared нэртэй холболтоо сонгон рүүтэртэйгээ холбогдоно.

Ингээд таны router интернэттэй болсон бөгөөд одоо хэрвээ шаардлагатай бол рүүтер дээрх утасгүй сүлжээгээ тохируулах л үлдлээ.