IPTV үйлчилгээг гурван жил хэрэглээд эцэстээ салгуулж санаа амрав. Анх том дэлгэцтэй 3D смарт зурагт аваад IPTV холбуулаад үзэж эхлэхэд сайхан л байлаа. Гэвч төд удалгүй өнөөх сэтгэгдэл алхам алхмаар буурч эхлэв.

Үүний шалтгаан нь бусдын ярьдаг шиг байн байн тасрахдаа ч биш, үнэ төлбөртөө ч биш харин

  1. хэрэглэгчийн гар дээрх төхөөрөмжийн нөхцөл боломжийг хязгаарласан байдал
  2. илүү удирдлага маллах
  3. HD сувгууд мэр сэр нэг нэгээрээ HD-гээрээ ирэхээ больж байгаа
  4. анх байсан үйлчилгээний нөхцөл муудаад байгаа
  5. төхөөрөмж нь чанар муутай, тэгсхийгээд эвдэрчихнэ
  6. асч ачаалах гэж бөөн юм болно, тиймээс байнга асаалттай байлгах болдог байлаа

зэрэгт байлаа. За яах вэ гээд тухайн компанийн нэрийг дурдахаа больё.

Ер нь телевизэд амь амьдарлаа өгчихөөгүй л бол эсвэл агаараар цацагдаж буй дохио муу баригддаг газарт биш л бол дундын дамжуулагчид үнэндээ хэрэггүй юм биш үү.

Ингээд IPTV-ийг салгуулснаар ямар давуу талууд гарч ирснийг дурдъя.

  1. ТВ-гийнхээ Time Machine функцийг ашиглах боломжтой болов. Зогсоох, ухрааж үзэх, үзэж байхдаа бичлэг хийх, цаг тохируулан бичлэг хийх болон үзэх, унтраалттай үед автоматаар бичлэг хийх зэрэг үйлдлүүд одоо жинхэнээсээ гарын дор болов. Уг нь энэ нэмэлт төхөөрөмж их ид шидтэй төхөөрөмж юм билээ. Тодруулбал эдгээр функцүүд тэрхүү төхөөрөмж дээр тодорхой хэмжээгээр байдаг. Даанч манай дундын дамжуулагч нар түүнийг нь зориудаар идэвхгүй болгоод байх шиг байгаа юм. Үүнийг шалгая гэвэл төхөөрөмжийнхөө арыг нэг хараарай. USB порт байна уу? За тэгээд тэр чухам ямар зориулалттай вэ гээд бод доо. Эсвэл интернэтээс судлаад үзсэн ч болно доо.
  2. Илүү удирдлага маллах шаардлагагүй болов. Уг нь манай зурагт гэрийн театр хоёр хоорондоо холбогддог тэгээд бас смарт удирдлагаараа л тэр бүгд бүрэн удирдагддаг болохоор set top box-ын удирдлага үнэндээ л бөөн тээр байв. IPTV-гийн төхөөрөмжийн удирдлага нь зурагтын удирдлагын зарим үүргийг шилжүүлж авах нэмэлт боломжтой ч тэр нь манай тохиолдолд бүтэлтэй юм болсонгүй. Бас олон товчлууртай, түүнийгээ дагаад нээх далбайсан том юм байхад хажууд нь зурагтын смарт удирдлага цөөхөн товчлууртай, тэр хэрээрээ авсаархан, барихад ч эвтэйхэн, хэрэглэхэд хялбар болохоор тэр илүү удирдлагыг хэтрүүлэн хэлэхэд үзэн яддаг байв.
  3. Сар бүр төлбөр төлөх ажлуудаас нэгийг нь ингэж хасав. Тэртэй тэргүй байрны мөнгө, утасны төлбөр тушаах гэдэг дээр энэ бас л нэг ажлын садаа болоод байсан юм.
  4. Өөр бас нэг аятайхан зүйл бол манай ТВ хэрэглээг өөр нэгэн хянаж чадахгүй болж байгаа явдал юм. Саяхан даа, манай эхнэр лүү "танайх яагаад видео сангаас кино үздэггүй юм бэ?" гэх зэргээр асууж ярьсан байгаа юм.

Манай гэр бүлийн хувьд эхнэр бид хоёр гэлтгүй хүүхэд хүртэл интернэт голчлон ашигладаг дээрээ ТВ нь смарт тодруулбал интернэтэд холбогддог бас IPTV-гийн кино сангаас илүү баялаг кино цуглуулгатай, анхнаасаа DV3-T2 тоон системтэй зурагттай, телевизийн антеннаас холгүй хотын төвдөө буюу энгийн антеннаар зурагтаа үзчих боломжтой болохоор заавал Univision, SkyMedia, DDishTV, MNBC зэргийн үйлчилгээг аваад байх шаадлага алга л даа.