Үүнээс буюу 2018 оноос өмнөх автомашингүй өдрүүдээр гэрээсээ ер гардаггүй байлаа. Харин энэ удаад ийм өдөр ямархуу байдгийг нь үзмээр санагдаад бас дугуйгаа унангаа авахуулсан зураг бараг байдаггүй болохоор автозамын сүлжээний эхлэл тэг цэг дээр дугуйтайгаа зураг даруулъя гэдгээс гадна гол нь унадаг дугуйн хэрэгсэл зардаг дэлгүүр орж эхнэрийнхээ унадаг дугуйд гэрэл, сигнал зэрэг зүйлс авахаар гарах төлөвлөгөө зохиов.

Угаасаа энэ өдөр автомашинаар явахад хэцүү бараг боломжгүй гэдэг нь мэдээжийн зүйл. Харин дугуйтай явахад ямархуу байдгийг мэддэггүй байлаа. Ингээд гарав аа. Гэтэл дугуйтай явахад ердийнхөөс бүр долоон дор болох нь тэр дороо мэдрэгдэж эхлэв. Хаалттай замуудаар ёстой л санамсаргүй тэнүүчлэл, молекулын эмх замбараагүй хөдөлгөөн. Чадах чадахгүй, учраа мэдэх мэдэхгүй хүмүүс ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээж байх юм. Тэр эмх замбараагүй хөдөлгөөн дундуур явахыг бөөн камиказе дундуур амь дүйж явахтай л зүйрлүүлмээр юм байна. Үүний оронд автомашины хөдөлгөөн дундуур явах нь ёстой жаргал ажээ. Мөн камиказенууд дундаас гарахын түүс болсон хүн өнөөх зураг сэлтээ ч даруулж бас өөр элдэв зураг ч дарсангүй.

Бас дээр нь үүгээр явж болохгүй, зогс, гар, чи зайл гэх том том дуутай цагдаа нар дүүрэн. Бодвол тэр нь өнөөх марафонтой холбоотой биз. Энэ нь сүүлдээ автомашин орохыг хаасан зам л бол унадаг дугуйтай байсан ч бас л хаалттай гэсэн ойлголт өөрийн эрхгүй төрүүлэв. За яахав зугаацаж яваа хүмүүст бол энэ нэг их асуудал биш байх. Гэтэл би дээр хэлсэнчлэн ажил амжуулах гэж яваа шүү дээ. Тиймээс миний хувьд очих газартаа шулуухан давхиад хурдан хүрч очих нь л чухал. Гэтэл ингээд дугуйтай явах нь ч бас хориотой болохоор би яг яаж явах вэ?

За тэгээд эцсийн дүгнэлт: Хэвийн үргэлжлэх амьдралын гольдролыг яах ч гэж ингэж хүчээр зад татаж байдаг юм дээ. Ёстой л төрийн дарамт гэлтэй.

Ийнхүү үйлээ үзэж бөөн нерв болсон хүн буцах замынхаа ихэнхийг дассан сурснаараа автомашины хөдөлгөөн дундуур өөрөөр хэлбэл хаагаагүй хэсгээр үргэлжлүүлж дуусгав.