eBay.com сайтаас бараа худалдан авах нь
Интернэт худалдааны eBay.com сайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай, зураг тайлбар бүхий дэлгэрэнгүй зөвлөгөө
Интернэт худалдааны eBay.com сайтаас одоогийн байдлаар 100 eBay од авах хэмжээний худалдан авалт хийх явцад хуримтлуулсан туршлагадаа үндэслэн www.eBay.com сайтаас бараа бүтээгдэхүүн хэрхэн яаж худалдаж авах талаар зөвлөгөө өгье.
Мөн интернэтээр худалдан авалт хийхэд анхаарах зүйлс болон Amazon сайтаас бараа бүтээгдэхүүн хэрхэн худалдан авах тухай зөвлөгөө өмнө оруулж байснаа энэ дашрамд сануулъя. Хэрэв түүнийг уншихыг хүсвэл хайлт эсвэл цахим худалдаа гэсэн шошгыг ашиглана уу.
Бүртгүүлэх болон хаягийн мэдээллээ оруулах Цахим худалдааны ямар ч веб сайт байлаа гэсэн эхлээд бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгүүлсэн хэрэглэгчийн хувьд захиалгаа цуцлах, хянах зэрэг үйлдлүүд илүү хялбар болдог. Харин дараа нь элдэв зүйлд сатаарахаасаа өмнө хамгийн чухал зүйл болох хаягийн мэдээллээ оруулчих хэрэгтэй. Хаягийн мэдээллээ оруулахын тулд "Account Settings" уруу орох хэрэгтэй бөгөөд үүнийг дараах зураг дээр харуулав.
"Account Settings" уруу ороход дараах зурагт үзүүлсэн шиг хуудас гарч ирнэ. Тодруулж өгсөн байгаа "Addresses" холбоосыг дарж цааш үргэлжлүүлнэ. Үүний дараа хаягийн мэдээллийн өмнөх хуудас нээгдэнэ.
Эндээс цааш үргэлжлүүлэхэд аюулгүй байдлын үүднээс таны бүртүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг нэхэх болно. Хэрэглэгчийн нэр болон нууц үгээ оруулаад цааш үргэлжлүүлэхэд хаягийн мэдээлэл оруулах, засч өөрчлөх хуудас гарч ирнэ. Энд та гэрийн хаяг эсвэл карго үйлчилгээгээр дамжуулж бараагаа авах бол тухайн каргоны компаниас өгсөн хаягаа оруулна. Ингэхдээ хаягаа ахин дахин сайтар нягтлаарай.
Танд зөвлөхөд хямд үнэтэй, гэмтэх зүйл багатай бараа бүтээгдэхүүнийг л гэрийн хаягаараа худалдан авах нь зүйтэй. Харин үнэтэй, тээврийн ая даахааргүй, амархан гэмтэх бараа бүтээгдэхүүний хувьд Америк зэрэг тээвэр болон шуудангийн салбар өндөр хөгжсөн газарт байрлах карго үйлчилгээгээр дамжуулж гар дээрээ авсан нь зөвдөнө дөө. Ийм үйлчилгээ гэвэл жишээлбэл Монгол Таун байна.
Бараа бүтээгдэхүүн хайх eBay сайтын аль ч хуудас дээр бараа бүтээгдэхүүн хайх талбар бий. Мөн "Daily Deals" холбоос ашиглаж хямдралтай барааны мэдээлэл бүхий хуудас уруу очиж болно.
Дээрх зурагт хайлтын талбар харагдаж байна. Энд та хүссэн зүйлийнхээ нэр, онцлог шинж, үзүүлэлт зэргийг бичиж өгнө. Хайлтын утгад тохирох илэрцийн жагсаалт бүхий цонхноос үргэлжлүүлэн бараа бүтээгдэхүүний онцлог шинжүүдийг нарийвчлан сонгож шүүлтүүр тавих боломжтой бөгөөд энэ бараа бүтээгдэхүүний нэр төрөл, сонгосон категориос хамаарч янз бүр байдаг. Гэвч "Condition" (шинэ хуучин эсэх зэрэг) "Price" (үнийн хэмжээ хязгаар) "Item Location" (бараа буюу худалдагчийн байршил) зэрэг байнга байдаг хэдэн сонголт бий.
Миний хувьд сургуульд дөнгөж орох гэж буй хүүдээ зориулж жижгэвтэр мөртөө хүүхдэд таалагдахаар тодруулбал уралдааны машин шиг хэлбэртэй утас сонирхож байгаа тул гар утас, түүний дагалдах хэрэгслийн категори сонгож байгаад "mini mobile phone car" утгаар хайлт хийлээ. Хайлтын үр дүнд гарах илэрцүүдийн нэгийг дор харууллаа.
Энд барааны төлөв байдал (шинэ, хэрэглэсэн, засварласан гэх мэт), үнэ, хүргэлтийн үнэ, худалдагчийн байршил, худалдагчийн үнэлгээ (үнэлгээ өндөртэй худалдагчийг "Top Rated Plus" гэж тусгайлан гаргадаг) зэрэг мэдээлэл гарна.
Бараа бүтээгдэхүүн буюу худалдагч сонгох Дээрх зурагт харагдах холбоосоор дамжин орвол бараа болон худалдагчийн дэлгэрэнгүй мэдээлэл, хүргэлт болон буцаалт бас төлбөрийн нөхцөл зэрэг зүйлс харагдана.
Уг хуудаснаас дараах мэдээллүүдийг онцлон анхаарна.
- Үнэ (price) + Хүргэлтийн үнэ (shipping). Эдгээр нь нийлээд 26.49 доллар болж байна. Үүнийг мэдээж бусад барааныхтай харьцуулна.
- Хүргэлтийн нөхцөл (item location, ships to зэрэг). Энэ утас Бээжинд байгаа юм байна. Мөн "Exclusion List"-ээс Монгол улс уруу хүргэлт хийх эсэхийг нь харна. Учир нь уг утас хямд үнэтэйн дээр Бээжинд байгаа тул каргогоор дамжуулж илүү ажил болгох шаардлагагүй гэж үзэв. Мөн үүнээс гадна ойролцоогоор хэдийд хүргэгдэж ирэхийг (delivery) харчихад илүүдэхгүй.
- Барааны зураг, тайлбар, өнгө, загвар, хэмжээний сонголт
- Тоо ширхэг (5 available, 14 sold). Одоо 5 ширхэг бэлэн байгаа, 14 ширхэг зарагдсан гэж байна. Би өөрийн туршлагаараа ганц нэгийг зарж байгаа бол жаахан жийрхдэг болсон. Учир нь "асуудалтай" ганц юмаа зарж байгаа үгүйг яаж мэдэх билээ. Тиймээс олноор нь зарж байгаа бас аль болох их үлдэгдэлтэй бараанаас сонголт хийхийг зөвлөе.
- Худалдагчийн мэдээлэл (seller information). Олон одтой бас үнэлгээ нь 98, 99 хувьтай байвал сайн. Бас top rated plus гэж онцолсон эсвэл албан ёсны лого таних тэмдэгтэй эсэхийг нь харна.
- Барааны дэлгэрэнгүй тайлбар. Тайлбараа дэлгэрэнгүй, ямар ч эргэлзээгүй тодорхой оруулсан худалдагчийг сонгох нь зөв. Дараа нь асуудал гарвал тэр нь ийм байна, энэ нь ийм байна гэхэд амар. Бас яг ямар онцлогтой юу авах гэж байгаагаа анхнаасаа тодорхой мэдсэн үед сонголт хийхэд ч гэсэн эргэлзэхгүй шүү дээ.
- Төстэй бараа. Төстэй барааны жагсаалтыг нь заавал ухаж төнхөж үзэх хэрэгтэй. Илүү дээр сонголт ч ороод ирэх үе бий.
- Буцаалтын нөхцөл. eBay.com сайтаас 100 удаа худалдан авалт хийхэд буцаамаар бараа ганц л таарч байсан. Гэхдээ худалдагчид нь хандаад төлбөрийн зөрүүг нь буцаагаад авч байсан болохоор тэгтлээ даамжирсан асуудалтай тулгараагүй л байна. Яг үнэндээ Монголд ирсэн хойно нь буцаана гэвэл цаг хугацааны хувьд худлаа л даа. Тиймээс үнэ бүхий, нарийн нандин юм авч байгаа бол каргогоор дамжуулж, дамжуулахдаа тухайн каргоноосоо ачаа бараагаа шалгуулж байж наашаа ачуулахыг хүсэх буюу нэмэлт үйлчиилгээ авсан нь найдвартай. Гэхдээ Америк мэтийн тээвэр, шуудан өндөр хөгжсөн газарт ачаа бараа гэмтэх зэрэг асуудал ховор. Гэвч адаглаад л лэптоп зэрэг хэдэн саяын үнэтэй зүйл тоглоом биш болохоор ядаж л даатгал авчихвал зүгээр л байх даа.
Харин төлбөрийн нөхцөл зэрэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Учир нь өргөн хэрэглэдэг төлбөрийн картууд болон PayPal төлбөр зуучлах үйлчилгээг асуудалгүй дэмждэг юм.
Худалдан авах буюу төлбөр тооцоо хийх Барааны танилцуулга хуудас дээрх "Buy It Now" болон "Add to Cart" товчлуур дарна.
Зураг дээр сагс доторх барааны мэдээлэл харагдаж байна. Одоо "Checkout" дарж үргэлжлүүлнэ.
Эндээс төлбөрийн хэлбэр, бараа хүргэх хаяг зэргээ сонгоно. Төлбөрийн карт сонговол картын мэдээллээ энд оруулна. Төлбөр амжилттай төлсний дараа баталгаажуулах хуудас гарна. Мөн захиалга хийснээс хойш худалдагч талаас захиалга хүлээн авснаа баталгаажуулсан бас захиалсан барааг илгээсэн тухай мэдэгдсэн цахим шуудан таны бүртгүүлсэн цахим шуудангийн хаягт ирнэ.
Захиалгаа хянаж шалгах eBay.com сайтын "My eBay" -> "Purchase History" гэж ороход гарах хуудсаар дамжуулж захиалгаа хянаж шалгах болон бусад мэдээлэл авах боломжтой.
Уг хуудас дээр захиалсан барааны мэдээлэл, худалдагч тал барааг илгээсэн эсэх, бараа хүрэх газартаа ойролцоогоор хэдийд хүрэх болон хүргэлтийн үйл явцыг хянаж шалгахад ашиглах tracking number зэрэг мэдээлэл байна. Тус худалдагчийн хувьд tracking number оруулаагүй байна. Үүн шиг Хятад худалдаачдын хувьд tracking number оруулахгүй байх явдал ер нь л түгээмэл шүү. Тиймээс үнэ бүхий, чухал бараа авах бол америк зэрэг улсын худалдаачдыг сонговол зүгээр. Мөн уг хуудсаар дамжуулан худалдагчтай харилцах, худалдагчид үнэлгээ өгөх, худалдагч талын өгсөн үнэлгээг харах боломжтой. eBay сайтаас бараа авсан бол худалдагч талд зохих үнэлгээг нь заавал өгч байгаарай. Зарим үед худалдагч тал худалдан авагч талын үнэлгээг харзнаад өөрийн үнэлгээгээ өгөлгүй хүлээзнэх явдал бий. Энэхүү үнэлгээ нь угтаа анх дээр ярьсан од болох юм л даа.
За ингээд миний хувьд захиалсан бараагаа ирэхийг, шуудангийн ажилтан хаалга тогшихыг хүлээх л үлдлээ. Харин тухайлбал Монгол Таун зэрэг каргогоор бараагаа дамжуулах байсан бол тэдний www.hotel4box.com сайтад барааныхаа мэдээлэл бас өнөөх tracking number-ыг оруулах зэрэг зүйлс хийх байлаа.
Нэмэлт: Яг 1 сар 1 долоо хоногийн дараа
Гадуур явж байгаад иртэл хаалганы самбарт илгээмж ирсэн тухай мэдэгдсэн цаас наасан байна. Ингээд манайд хамаатай Монгол Шуудан компанийн салбар дээр очиж бараагаа авлаа. Бараа бүрэн бүтэн, гэмтэлгүй байв. Одоо eBay орж өнөөх худалдагчдаа эерэг feedback өгнө дөө.