Статистикийг эдийн засгийн судалгааны арга хэрэгсэл эсвэл нийгмийг танин мэдэх арга хэрэгсэл гэх мэтчилэн тодорхойлж хэлэх явдал өнөө үед ч байсаар л байгаа ажээ. Үүнийгээ ч дагасан уу олон нийтийн дунд статистикийг зөвхөн эдийн засгийн тоо баримт төдийхнөөр явцууруулж ойлгох явдал ч байдаг ажээ. Ингээд статистикийн чиглэлээр монгол хэл дээр гарсан ном сурах бичиг хийгээд бусад баримт, эх сурвалжийн хүрээнд үүнийг тодруулан авч үзье.

Социалист нийгмийн үеийн статистик Миний олж мэдсэнээр статистикийн чиглэлийн бараг анхны гэж болох монгол ном сурах бичиг бол П.Жасрай "Статистикийн аргын товч үндэс" 1967 он гэсэн сурах бичиг ажээ. Тус сурах бичигт статистикийг математикийн талаас авч үзэх шаардлагатай болохыг онцлон дурдахын зэрэгцээ нэр томьёоны хувьд "математик статистикийн арга" зэргээр тов тодорхой бичсэн байна. Мөн тус номын өмнөх үг дотор бичсэнчлэн математикжсан статистикийн аргачлалыг хатуу баримтлалгүй харьцангуй хялбаршуулж бичжээ. За ингэхээр анхны шав зөв тавигджээ. Гэтэл хэдийнээс энэ буруугаар эргэв? Би үүнийг одоогийн байдлаар Л.Дуламсүрэн "Статистикийн онол" 1980 он гэсэн сурах бичигтэй холбож байна. Үнэхээр тус сурах бичгийн тэргүүн бүлэг нь "Статистик - Нийгмийн шинжлэх ухаан мөн" гэсэн нэртэй байх бөгөөд улмаар "Статистикийн аргын үндэс нь марксист диалектик мөн" гэх мэтчилэн тун их үзэл сурталжсан байдлаар бичсэн байх юм. Гэвч статистик нь угтаа математикийн онолын гүн гүнзгий үндэс суурьтай тул "Магадлалын онол, их тооны хуулийг түүвэр судалгаанд өргөн ашиглана" зэргээр бичсэнийг нь анзаарч болно. Тэгэх нь ч аргагүй биз ээ. Учир нь тухайн цаг үе бол математик статистикийн чиглэлийн анхны монгол мэргэжилтэн болох Л.Шагдар Москвагийн Улсын Их Сургуульд 1954 онд докторын зэргээ хамгаалж ирээд өөрийн шавь сургуулиа үүсгээд байсантай давхцаж байгаа билээ. Үүнээс гадна статистикийн зорилгыг "Нам, улс төрөөс улс орны эдийн засаг соёлыг төлөвлөгөөтэйгээр удирдан жолоодоход үйлчлэн туслах явдал" хэмээсэн явдал нь үзэл суртал гүн гүнзгий нэвчсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад статистикийн салбар нийгэм, эдийн засгийн чиглэлд илүү "хөгжих" шалтгаан болсон бололтой.

Хуучин нийгмийн үеийн статистикийн тухай ойлголтын өнөө цаг дахь илрэл Дээрх гажуудсан, газар авсан ойлголтын нөлөө тусгал одоо ч энд тэнд анзаарагдана. Жишээ болгон YouTube дээрх видеог үзье.

Мөн энэ видеоны турш статистикийг зөвхөн эдийн засаг талаас нь л ярьж тайлбарлаж байгаа байдал илт анзаарагдах болно. Энэ мэт ахмад үеийнхэн ийм зүйл ярихыг тэвчье гэтэл идэр залуу нэгэн бүр 2016 онд бичсэн "Статистик - Онол, практик" нэр бүхий номдоо "Орчин үед Статистик гэдэг нэр томьёог нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх тоон мэдээг цуглуулан, боловсруулж, шинжилгээ хийхэд чиглэгдсэн хүмүүсийн үйл ажиллагааны салбар хэмээн ойлгож байна." хэмээн бичсэн байх нь хачирхалтай. Энэ нь бас л өнөөх Статистикийн онол сурах бичгийн үлгэр дууриалал буюу хуулбар гэлтэй санагдах юм. Уг нь тус номын агуулгыг нь харвал эконометрикийн л ном бололтой.

Нийгмийн өөрчлөлт статистикт Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 1990-ээд оны сүүлч 2000-аад онд Д.Бямбажав "Магадлалын онол Математик статистик", Я.Базарсад, Р.Энхбат "Магадлалын онол Математик статистик", Я.Базарсад "Эконометрикийн арга загварууд" зэрэг ном, сурах бичиг хэвлэгдэн гарсан байна. Бичсэн хэлбэр нь яг л математикийн ном. Статистикийн тухай ойлголтыг огцом эргүүлсэн номнууд болсон байж таарна. Гэвч эдгээр нь математикийн суурь муутай нийгэм, эдийн засгийнхны хувьд ойлгоход их л хол байсан болов уу. Эдгээртэй зэрэгцэн орчуулгын нэг ном хэвлэгдэн гарсан нь "Нийгмийн статистикийн үндэс" байлаа. Математикийн гүнзгий суурь мэдлэг үл шаардах сурах бичиг тул нийгэм эдийн засаг гэлтгүй бусад салбарын математиктаа тааруухан оюутнуудад ч статистикийг ойлгоход тус нэмэр болсон нь дамжиггүй. Ингэж явсаар зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 20 илүү жилийн дараа буюу дөнгөж 2011 онд л өнөөх алдарт "Статистикийн онол" сурах бичиг маань шинэчлэгдэн хэвлэгджээ. Нөгөө балагт нэг дүгээр бүлэг нь шинэ нийгмийн үзэл санааны дагуу орвонгоороо өөрчлөгдсөн байна. Гэвч "онол" гэсэн атлаа онолын үндэслэл, гаргалгаа харагдахгүй байгаа нь тиймхэн санагдана. Гэвч үүнийг нь 1980 оноос үүдэлтэй гажуудлын л үр дагавар гээд нэг удаа "уучилцгаая". Мөн статистикийн цагаан толгой болж байсан "Статистикийн онол" сурах бичгийг үзэл сурталжсан байдлаас нь салгаж шинээр бичсэн зохиогчдод нь талархууштай. Үнэхээр "статистикийн онол" гэсэн үг одоо ч зартай хэвээрээ байгаа нь 2018 онд ч ажиглагдсан хэвээрээ байна. Тухайлбал Google хайлтын систем дээр "статистик гэж юу вэ" гэх мэтчилэн хайхад үүнтэй хамааралтай хайлтын жагсаалт дээр "статистикийн онол" гэсэн түлхүүр үг гарч ирж харагдана.

Ийм өөрчлөлт зөвхөн ном, сурах бичиг гэлтгүй анги, мэргэжил, тэнхим зэрэгт ажиглагдаж байсан. Тухайлбал 1997 онд МУИС-ийн хуучин нэрээр Математик Компьютерийн Сургууль дээр барууны жишгээр математикжсан статистикийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой "Хэрэглээний статистик" анги нээгдэж улмаар Магадлалын онол, математик статистикийн тэнхим байгуулагдаж байжээ. Мөн тухайн үед эдийн засгийн чиглэлийн сургуулиуд статистикийн сургалтдаа барууны жишгээр эконометрик гэдэг нэр томьёо өргөн ашиглах болсон. Жишээлбэл манай 10 жилийн ангийн охин 1999 онд тухайн үеийн Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн Эконометрик гэсэн ангид элсэн орж байлаа. Ингээд хуучин нэрээр Математик Компьютерийн Сургуулийн Магадлалын онол, математик статистикийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байсан док. проф. О.Цэрэнбатын дурсамжийг үзэж сонирхоно уу.

Статистик гэж юу вэ Тэгэхээр статистик гэж юу вэ гэдэгт нэг мөр хариу өгөх нь зүйтэй болов уу хэмээн бодно. Уг чанартаа статистик нь математикийн онол, аксиом дээр үндэслэдэг магадлалын онол улмаар түүврийн онол зэргээр математиктай салшгүй холбоотой математикийн нэг салбар юм. Тийнхүү статистик нь математикийн адил шинжлэх ухааны бүхий л салбарт хэрэглэгдэх бөгөөд дараах хүснэгтэд тэдгээрийн заримыг жишээ болгон дурдав.

Салбар Тухайн салбар дахь нэршил Статистикийн холбогдох онол, шинжилгээнүүдээс
Эдийн засаг Эконометрик Linear Model, Analysis of Variance, Time Series Analysis
Газар зүй, Геологи Геостатистик Spatial Data Analysis
Биологи, Анагаах Ухаан Биостатистик Various statistical methods
Нийгмийн Ухаан Social Statistics Categorical Data Analysis
Физик зэрэг байгалийн ухааны салбарууд   Theory of Stochastic Process

Мөн www.magadlal.mn сайт дээрх Статистикч мэргэжил ба МУИС дээрх Статистик хөтөлбөрийн танилцуулга нийтлэлээс статистик гэж юу болох, статистикч гэж хэн болох тухай мэдээлэл авах боломжтой.

Эцэслэн хэлэхэд хэрвээ би статистикийг дээр дурдсан шиг "нийгмийг танин мэдэх арга хэрэгсэл" гэх мэтчилэн гоё сайхнаар хэлнэ гэвэл илүү үнэний ортойгоор нь "статистик - оюуны мэлмий" гэж л хэлнэ дээ.