Гэр бүлээрээ Linux-чид боллоо
Эхлээд аав, дараа нь хүү, сүүлд нь ээж, ирээдүйд охин
Би өөрөө 2011 оноос Ubuntu Linux хэрэглэсэн бол харин хүү маань 4 наснаасаа эхлэн DoudouLinux дараа нь 5 наснаасаа LinuxMint хэрэглэж байна.
Дараах видео бичлэгт хүү маань дөнгөж 4 нас хүрээд байх үедээ анх удаагаа DoudouLinux үйлдлийн систем бүхий компьютер дээр бие даан ажиллаж байгаа байдал харагдана.
Ийнхүү DoudouLinux жил гаруй хугацаанд ашиглаад компьютертэй ажиллаж зүгширсний дараа LinuxMint суулгаж өгсөн. Мөн Linux дээр байдаг тоглоомнуудаас шилж сонгож байгаад хөөрхөн хөөрхөн хэдэн тоглоом суулгаж өгсөн. Тэдгээрийн дийлэнх нь оуюн ухаан хөгжүүлэх буюу бодож сэтгэж байж тоглох тоглоомууд юм.
Харин эхнэрийн хувьд алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг саяхнаас буюу 2018 оны зунаас эхлэн Ubuntu Linux хэрэглэж эхэлсэн. Гэхдээ үүнд хүртэл долоо найман жил болсон бас тэгээд хагас дутуу шарласан буюу ажил дээрээ Windows хэрэглэсээр байгаа гэхээр жаахан тиймэрхүү. Гэхдээ над шиг ажил дээрээ MS Office програм хэрэглэдэг хүмүүстэй зөрчилдөөд, буруу ишилсэн сүх болж явахад хэцүү болохоор Windows үйлдлийн системийг шууд таягдан хаяхад хэцүү байх л даа.
Ийнхүү үйлдлийн систем нээлттэй эх болсоноос гадна ашиглаж буй програмууд бүгд нээлттэй эхийнх эсвэл үнэгүй боллоо. Linux хэрэглэхийн нэг сайн тал нь крэкдсэн буюу хулгайн програмаас ангид болдог явдал юм л даа. Тиймдээ ч эхнэрийнхээ ажил дээрээ хэрэглэж байгаа лэптоп дээрх MS Office 2016 програмыг нь интернэтээс хямд, оригинал лиценз худалдаж авч идэвхжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл гэр бүлээрээ оюуны өмчийн зөрчилгүй програм хангамж хэрэглэж байгаа гэсэн үг.