Ubuntu Linux дээр Epson олон үйлдэлт өнгөт принтер нэмэх
Ubuntu Linux үйлдлийн системд Epson олон үйлдэлт өнгөт принтер таниулах, WiFi-тай принтерийг сүлжээнд холбох зэргийг Epson L385 загварын жишээн дээр
Epson олон үйлдэлт принтер таниулах
Принтерээ таниулахын тулд драйвер суулгана. Үүнийг Epson-гийн веб хуудаснаас татаж авах бөгөөд тус хуудас уруу хүрч очих хоёр янзын арга зам бий.
- Принтер нэр, загвараараа гүүглэдэх
- https://www.epson.com.sg/Support/Printers/sh/s1 хуудаснаас загвараа бичиж хайх эсвэл принтерийн төрөл, маркаа сонгож үргэлжлүүлэх
Эдгээрээс сүүлийн арга замыг авч үзье.
- Эхлээд принтерийн төрлөө сонгоно. Жишээлбэл
Ink Tank Printers
- Цувралаа сонгоно. Жишээлбэл
L Series
- Принтерээ сонгоно. Жишэээлбэл
L385
- Нээгдэх хуудасны Downloads хэсгээс үйлдлийн системээ сонгоно. Жишээлбэл Linux
- Үйлдлийн системээ сонгосны дараа Driver-аа сонгоно. Принтер болон скайнер гэсэн хоёр төрлийн драйвер байх бөгөөд хоёуланг нь татаж авна. Хэрэв татаж авахад ойлгомжгүй байвал дор бичсэн драйвер татах зааврыг уншаарай.
- Драйвер суулгахдаа дор бичсэн зааврыг дагана уу.
- Драйвер суулгасны дараа принтерээ холбоод Printers хэсэгт нэмж оруулна.
Эдгээр зүйлсийг хийсний дараа USB кабел эсвэл сүлжээгээр холбогдсон олон үйлдэлт принтерээр хэвлэх болон скайнердах боломжтой болно.
Драйвер татахдаа анхаарах зүйлс
Драйвер татаж авахдаа ямар Linux тархац бас 32 болон 64 битийн үйлдлийн систем алийг хэрэглэж байгаагаа анхаарна уу. Принтерийн драйверын хувьд хэрэв 64 битийн Ubuntu үйлдлийн системтэй бол epson-inkjet-printer-escpr_1.6.32-1lsb3.2_amd64.deb
эсвэл үүнтэй төстэй нэр бүхий драйвер татаж авна. Харин скайнерын драйверын хувьд Package Download Page
гэсэн хуудас дамжина.
Драйвер суулгах
Принтерийн драйвер агуулсан deb багцыг шууд суулгана. Үүний дараа принтерээ холбож таниулах боломжтой болно.
Скайнерын хувьд татаж авсан файлаа задлаад улмаар терминалаараа файл задалсан хавтас уруу хандана. Тэгээд ./install.sh
тушаалаар драйвер суулгана. Тушаал өгөхөд хэрэглэгчийн нууц үг асууна.
Epson олон үйлдэлт принтер сүлжээнд холбох
WiFi бүхий принтерийг сүлжээнд холбох хамгийн хялбар арга бол принтерийн сүлжээний статус хуудас дээрх WPS-PIN кодыг рүүтерт оруулах явдал юм. WPS-PIN код бүхий хуудас хэвлэн гаргахын тулд WiFi
товчлуурын дэргэдэх i
үсэгтэй, сүлжээний мэдээлэл гаргах товчлуурыг дор хаяж 10 секунд дарна. Харин харин сүлжээнд холбохын тулд WiFi
болон i
үсэгтэй сүлжээний мэдээллийн товчлууруудыг WiFi статус харуулдаг гэрлийг шар ба ногооноор зэрэг астал дарна. Принтер сүлжээнд амжилттай холбогдсоны дараа зөвхөн ногоон гэрэл асна.
Үүнээс гадна рүүтер дээрээ принтерийнхээ IP хаягийг бэхэлж өгсөн нь тохиромжтой. Мөн рүүтерийнхээ Mac Filter-ийг идэвхжүүлсэн бол принтерийнхээ Mac хаягийг рүүтертээ оруулах шаардлагатай.