Ашиглах програм

  • OBS Studio - дэлгэцээс дүрс болон дуу хоолой бичих
  • Audacity - дуу хоолой бичих, засварлах, шуугиан дарах, чанга сулыг нь тохируулах
  • Kdenlive - бичлэг тайрах, эвлүүлэх
  • Subtitle Composer - subtitle бэлдэх
  • Handbrake - видео файлд subtitle нэгтгэх

Дэлгэц болон дуу хоолой бичих

  1. Эх үүсвэрээ сонгох
    OBS Studio програмын "Sources" хэсгээс видеоныхоо эх үүсвэрээ сонгоно. Дэлгэцээ бүхэлд нь бичих бол "Screen Capture" харин ямар нэг програмын цонхыг тусгайлан салгаж бичих бол "Window Capture" гэсэн эх үүсвэр сонгоно. "Window Capture" горимд чухам аль цонх бичихийг хулганы баруун товчоор нээгдэх цэсний "Properties" гэсэн зүйлд харгалзах туслах цонхноос сонгоно. Аудионы хувьд залгасан микрофондоо харгалзах эх үүсвэрээ сонгоно. Аудио эх үүсвэр зөв байвал таныг үг хэлэх үед индикатор нь хөдөлж мэдэгдэнэ.
  2. Аудио бичлэгийн шуугиан дарах
    Дуу хоолой бичлэгийн хувьд микрофоноо амьсгал цохихооргүй байрлуулбал эсвэл поп филтертэй (амьсгалаас үүдсэн агаарын урсгал буюу салхи шүүгч) микрофон ашиглавал зохимжтой. Хамгийн хямд төсөр шийдэл бол чихэвчтэй микрофон юм. Чихэвчтэй микрофоныг амныхаа чанх өмнө эсвэл ойр байрлуулах хэрэггүй. Харин ширээн дээр байрлуулдаг эсвэл тусгай хөл, суурь ашигладаг суурин микрофон хэрэглэх бол поп филтерээс гадна чичиргээ доргио намжаагч буй эсэхийг анхаарахад илүүдэхгүй. Тийм намжаагч, зөөллөгч байхгүй бол ширээн дээр үзэг бал тавих мэтийн үл ялиг зүйл микрофонд нөлөөлж маш муухай чимээ бичигддэг.
    Хөндлөнгийн чимээ, шуугиан бага үүсэх нөхцөл бүрдүүлсэн ч ашигласан микрофоны ажиллах зарчим болон чанар, нэмэлт аудио төхөөрөмж ашигласан эсэх зэргээс шалтгаалж аудио бичлэгт үл ялиг боловч илт анзаарагдах, яг л зөгий дүнгэнэж буй мэт "ззссс" гэсэн шуугиан бичигдсэн байдаг. Үүнийг OBS Studio програм дээрх тохиргооны тусламжтай багасгах боломж бий. Үүний тулд "Mixer" хэсэгт байх "Mic/Aux" аудио эх үүсвэрийн тохиргооны (арааны зурагтай жижиг товчлуур) "Filters" зүйлд харгалзах туслах цонхонд "Noise Suppression" филтер нэмнэ. "Suppression Level" параметрыг "-40" гэх мэтчилэн тохируулна. Үүнийг бичлэг хийснээ сонсож байж тохируулбал зүйтэй.
    Шуугианыг бичлэг хийсний дараа ч багасгах боломжтой. Үүнд дээр дурдсан Audacity програм ашиглаж болно.
  3. Бичлэг хийх
    "Controls" хэсэгт байх "Start Recording" товчлуур дарна. Бичлэг эхлэхэд уг товчлуур "Stop Recording" болж өөрчлөгдөнө. Бичлэгийг хэрэглэгчийн "Videos" хавтас дотор хадгалдаг бөгөөд үүнийг болон бусад олон зүйлсийг програмын тохиргоо уруу орж өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой.
    Бичлэг хийхээс өмнө түүнийгээ төлөвлөсөн, бичлэгтээ оруулах зүйлс буюу агуулгаа урьдчилан бэлдсэн, хэлэх ярих зүйлээ тогтоосон, хийсэн бичлэгээ дараа нь хэрхэн эвлүүлэхээ бодсон байвал зүгээр юм билээ.

Аудио бичлэг засварлах

Audacity програм зөвхөн аудио файл гэлтгүй видео файл дахь аудио трэкийг салгаж унших чадвартай. Иймд OBS Studio програмаар хийсэн бичлэг дэх дуу хоолойн бичлэгийг тус програмаар засварлах боломжтой.

Шуугиан багасгахын тулд дараах алхмын дагуу ажиллана.

  1. Дан шуугиан бүхий өөрөөр хэлбэл шуугианаас өөр дуу чимээ байхгүй тодорхой хэсгийг сонгоод програмын цэснээс Effects/Noise Reduction гэснийг дарна.
  2. Дээрх тушаалаар нээгдэх цонх дээрх Get Noise Profile товчлуур дарна.
  3. Шуугианыг нь дарахыг хүссэн тэрхүү хэсгээ сонгоод ахиж Effects/Noise Reduction гээд өнөөх цонхоо нээнэ.
  4. Шуугиан дарсны дараа ямар болохыг Preview товчлуур дарж сонсох боломжтой. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд цонхны Step 2 хэсэг дэх параметрүүдийг өөрийнхөөрөө өөрчилсөн ч болно. Ингээд тушаалаа эцэслэн дуусгах бол Ok товчлуур дарна.

Мөн ямар ч хэрэггүй чимээ, шуугиан бүхий хэсгийг огт чимээгүй болгож ч болно. Үүний тулд програмын цэснээс Silence Audio буюу Ctrl+L тушаал өгнө.

Хэрэв видео бичлэгтэй зэрэг бичигдсэн аудиог засварлаж буй бол хэрэгцээгүй хэсгээ устгах бус харин дээрх Ctrl+L тушаалаар чимээгүй болгоход л хангалттай. Ингэвэл дараа нь дуу, дүрсний эвлүүлэг хийх үед дуу ба дүрс зөрөхгүй болно.

Тайрах, эвлүүлэх

Бичлэг янзалж, эвлүүлэг хийх буюу монтажлахад Kdenlive зэрэг дурын програм ашиглаж болно. Kdenlive бол хэрэглэхэд хялбар боловч видео болон аудиог бараг мэргэжлийн түвшинд засч, эвлүүлэх боломж олгодог програм юм. Хэрэв та video resolution, video codec, bitrate, audio channels, audio codec зэрэг зүйлсийн талаар анхан шатны ойлголттой бол энэ шатанд хүндрэл гарахгүй.

Нэр дурдсан дээрх програмуудыг ашиглаж өөрийнхөө бэлдсэн видео хичээлийг танд сонирхуулъя.

Subtitle бэлдэх

Үүнд тохиромжтой, хэрэглэхэд хялбар програмын нэг бол Subtitle Composer юм. Уг програм subtitle-тай хамт видео болон аудио бичлэгийг тоглуулдаг тул subtitle-ын мөр нэг бүрийг хэзээ эхлүүлэх бас дуусгахыг заахад маш хялбар байдаг. Үйлдлийн системдээ нэмэлт видёо болон аудио кодек суулгасан бол уг програм ямар ч файлыг шууд тоглуулж чадна. Уг програмаар бэлдсэн subtitle-ыг "srt" зэрэг форматтай тусдаа файл байдлаар хадгална.

Видео файлд subtitle нэгтгэх

Тусдаа файл байдлаар бэлдсэн subtitle-ыг Handbrake програм ашиглаж видео трэкийн салшгүй хэсэг байдлаар видеонд нэгтгэж болдог. Энэ талаарх зааврыг блогийнхоо нэг бичвэрт оруулсан. Ингэснээр subtitle-ыг видео файлаас устгаж, зайлуулах боломжгүй болдог.

Handbrake програмын хувьд "Dimensions" хэсэг дэх crop-той холбоотой зүйлсийг сайтар анхаарах шаардлагатай. Эс тэгвээс таны видео хальсны дөрвөн талаас хэрчээд хаяж мэдэх юм.

Видеоныхоо формат болон чанарыг "Video" хэсэгт зааж тохируулна. Энд бас л video codec, framerate, bitrate зэрэг ойр зуурын ойлголттой байх шаардлагатай.

Эцэст нь "Start Encoding" товчлуур дарахад видеог хувиргаж, файл болгон хадгална.