Илтгэл тавих, хичээл заах үедээ dspdfviewer буюу Dual-Screen PDF Viewer програм ашигласнаар прожектор дээр нэг слайд харин өөрийн компьютерийн дэлгэц дээр тус слайд болон уг слайдтай холбоотой нэмэлт тайлбар бүхий өөр нэг слайд бас өмнөх болон дараах слайд ба цаг тоолуур зэрэг зүйлс харуулах боломжтой. Ингэснээр ярих зүйлээ мартах, орхих, хэт нурших, хугацаа хэтрүүлэх эсвэл хэт эрт дуусах зэргээс сэргийлэхэд хялбар болдог. dspdfviewer нь Windows, Mac болон Linux тархацууд дээр ажиллах бөгөөд суулгах болон хэрэглэхэд туйлын хялбар програм юм. Уг програмын веб хуудасны хаяг dspdfviewer.danny-edel.de бөгөөд эндээс тус програмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ашиглах заавар болон бусад мэдээлэл үзэх бас үйлдлийн системдээ тохирох суулгац татан авах боломжтой.

dspdfviewer програмд нийцэх пресентацыг LaTeX програм дээр beamer класс болон pgfpages багц ашиглаж хялбар бэлдэх боломжтой. Үүний тулд эхлээд LaTeX дээрх пресентацынхаа эх код дотор pgfpages багцыг дуудах болон show notes on second screen=right гэсэн beamer классын тохиргоог заасан тушаалуудыг дараах байдлаар нэмнэ.

\usepackage{pgfpages}
\setbeameroption{show notes on second screen=right}

Дараа нь нэмэлт тайлбараа слайддаа харгалзах frame хүрээ дотор note тушаалын тусламжтай дараах байдлаар оруулна.

\begin{frame}{Title}
Content

\note{
Note
}
\end{frame}

Бэлдсэн эхээ pdflatex тушаалаар хөрвүүлж PDF файл үүсгэнэ.

Эцэст нь прожектор, ТВ, монитор холбосны дараа дэлгэцийн тохиргоогоо Extended горим дээр тавихаа мартуузай хэмээн захия. За ингээд л dspdfviewer програмаа дуудаж пресентацаа үзүүлэхэд бэлэн боллоо. Бас F1 дарж тусламж авах боломжтойг дурдахад илүүдэх юун.