Алсад байгаа компьютер дээрх график интерфейс бүхий програм дуудаж ажиллуулах болон файл дамжуулах
SSH холболтоор дамжуулан X Window System-д ажиллах график интерфейс бүхий програмыг өөрийн компьютер дээрээ дуудаж ажиллуулах болон файл дамжуулах
Ашиглах програм
Локал компьютер дээрээ PuTTY програм суулгана.
sudo apt-get install putty
"Алс" байгаа компьютер дээрээ SSH сервер програм суулгана.
sudo apt install openssh-server
Бэлтгэх бусад зүйлс
"Алс" байгаа компьютерийнхээ IP хаягийг олж мэднэ. Хэрэв тэр компьютер чинь дотоод сүлжээний компьютер буюу ойрхон байгаа бол хүрч очоод ifconfig
тушаал өгөөд IP хаягийг нь мэдэж авах боломжтой. Миний хувьд гэртээ байгаа хоёр компьютерийн нэгээс нөгөө уруу хандах хэрэгтэй болсон тул IP хаягийг нь ингээд мэдэж авсан. Бас дараа дахин холбогдоход амрыг бодож рүүтер дээрээ IP хаягийг нь бэхлээд заачихсан байдаг юм.
Холбогдох
Локал компьютер дээр суулгасан PuTTY програмаа нээнэ.
- Session хэсэгт IP хаягаа өгнө. Холболтын төрлийг SSH гэж сонгоно. Мөн портыг 22 гэж өгнө. Хэрэв дефолт тохиргоог өөрчлөөгүй бол бараг ингээд байж байх болно.
- Connection -> SSH -> X11 хэсэг уруу орж "Enable X11 forwarding" сонголтыг идэвхжүүлнэ.
- Холбогдох бол Open товчлуур дарна. Хэрэв уг холболтыг ахин дахин ашиглах бол Session хэсэгт эргэн очоод хадгалж болно.
Үүний дараа терминал нээгдэх бөгөөд хэрэглэгчийн нэр улмаар нууц үгээ өгч нэвтрэн орно.
Ажиллах
Локал компьтерийн терминал дээр ажиллахаас ямар ч ялгаагүй. Командын мөрөөр харьцаж ажилладаг програмуудыг терминал дээрээ ажиллуулах бол график интерфейстэй програмын цонх нь яг локал комьютерийн програм шиг нээгдэнэ. Гэхдээ аудио сигнал дамжихгүй, хоцрогдол ихтэй, дүрслэлийн нарийн технологи шаарддаг програмууд жишээлбэл Firefox, Chrome зэрэг веб хөтөч ажиллахгүй зэрэг анхаарвал зохих зүйлс бий.
Хэрэв хоёр компьютер зэрэгцээд байж байвал хоёр дэлгэцтэй компьютер шиг харагдана. Гэхдээ дэлгэц хооронд цонх зөөгдөхгүй, clipboard тусдаа болохоор хоёр дахь дэлгэцийг бүрэн орлохгүй. Дараа тухтай ухах завдал гарвал өөр компьютерийн дэлгэцийг хоёр дахь дэлгэц болгох боломжийг судлах санаатай байна. Учир нь лэптопын дэлгэцийг хоёр дахь дэлгэц болгож холбохдоо түүнийг задлахгүй эсвэл нэмэлт төхөөрөмжөөр дамжуулахгүй байх өөр арга олдохгүй байгаа юм. Мөн энд PuTTY програм ашигласан явдал бол X11-ийн ядаргаатай тохиргоотой зууралдахаас тойрч зугтсан хэрэг л дээ. Харин SSH-ийн хувьд сервер суулгаж, порт нээж байгаа тул халдлагын бай нэгээр нэмэгдэхийг эс тооцвол элдэв хүндрэл, түвэгтэй байдал, сүлжээгээр мэдээлэл дамжуулах үеийн аюулгүй байдлын эрсдэл зэрэг элдэв асуудал багатай билээ.
Файл дамжуулах
Nautilus програмын "Other Locations" хэсгийн серверийн хаяг талбарт эсвэл Nemo програмын хаягийн мөрд sftp://user_name@ip_address/
гэж бичээд холбогдох тушаал өгөхөд хэрэглэгчийн нууц үг асууна. Нууц үгээ өгөхөд нөгөө компьютертэй холбогдож, файл хавтасных нь жагсаалт гарч ирнэ. Улмаар хүссэн хавтас уруугаа орж хоёр компьютерийн хооронд файл дамжуулж хуулах боломжтой.