Корона вирус ба цахим сургалт: хичээлд хамрагдалт, шалгалтын оноо
Корона вирусын тахлаас үүдсэн, нийтийг хамарсан цахим сургалтыг өөрийнхөө зааж буй гурван хичээлээр төлөөлөл болгон танхимын сургалттай харьцуулсан нь
COVID-19 буюу шинэ корона вирусын цар тахлаас үүдэн 2019-2020 хичээлийн жилийн хаврын улирал буюу хоёр дугаар семестерийн хичээлийг танхимын сургалтаар явуулахыг хориглосон билээ. Ийнхүү хичээл сургалтын ажлыг бүрэн цахим хэлбэрээр явуулж эхэлсэн. Энэ цаг үед миний бие гурван хичээл зааж байна. Цахим хэлбэрээр зааж буй тус гурван хичээлийг өмнөх семестер буюу танхимын сургалтын үеийнхтэй нь харьцуулж оюутнуудын хичээлд хамрагдах байдал буюу ирц бас шалгалтын оноо чухам ямар ялгаатай байгааг сонирхож үзэв.
Хичээлд хамрагдалт буюу ирц
Хичээлд хамрагдалт буюу ирцийг тооцохдоо хичээлийн эхэн үеийн 6 долоо хоногийн мэдээг ашиглав. Энэ нь 2 сарын эхнээс 3 сарын дунд үеийг хамарна.
Хичээл | Цахим сургалт | Танхимын сургалт |
Магадлал ба статистик | 45.0% | 87.7% |
Статистик програмчлал | 67.1% | 97.4% |
Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ | 64.5% | 93.6% |
Өнгөц дүгнэлт хийвэл цахим сургалтад хамрагдах байдал танхимын сургалтын ирцээс муу байна. Гэвч энд таны анхаарвал зохих зүйл бий. Энэ бол ирц бүртгэж буй зарчим юм. Цахим сургалтын ирцээ оюутан тухайн сэдвийн дасгал ажлыг гүйцэтгэж, бодлого бодож улмаар түүнийгээ сургалтын системээр илгээж байж тооцуулж байгаа юм. Харин танхимын сургалтын үеэр оюутан яг үнэндээ зөвхөн хичээлд ирж анги танхимд суусныхаа төлөө ирцийн оноогоо авдаг билээ. Зарим нь бараг унтаж байгаад явах ч тохиолдол бий. Бүр суугаагаараа унтдаг оюутан ч байж л байдаг. Аягүй бол нүд нь нээлттэй ч унтдаг байх шүү.
Ийнхүү ирц буюу хичээлд хамрагдалт буурсан явдал нь цахим дэд бүтэц, цахим төхөөрөмжийн дутагдалтай байдлаас гадна ирцийн оноо авахад хүндрэлтэй, оюутнаас илүү их хичээл зүтгэл шаардах болсонтой холбоотой хэмээн үзэж байна. Гэхдээ үүнийг ингээд өнгөц дүгнээд орхих бус дараа нь өөр тоо баримттай харьцуулах шаардлагатай.
Шалгалтын оноо
Одоогийн байдлаар дээрх нэр бүхий гурван хичээлийн хоёр дээр нь явцын шалгалт авсан байна. Үлдсэн нэг хичээлийн явцын онооны тал хувь нь бие даалтаар бүрдэх тул одоогоор шалгалт аваагүй байгаа юм.
Шалгалтын онооны хувьд цахим сургалт ба танхимын хичээл гэсэн сургалтын хоёр хэлбэрийн хувьд ялгаатай эсэх нь сонирхолтой гэж үзэж байна. Үүнийг тогтоохын тулд t-шинжүүр ашиглав.
Хичээл | t-шинжүүрийн магадлалын утга |
Магадлал ба статистик | 0.294 |
Статистик програмчлал | 0.0001613 |
Шинжүүрээс гарсан үр дүнг харвал "Магадлал ба статистик" хичээлийн явцын шалгалтын оноо гэсэн хувьсагчийн сургалтын хэлбэрийн хоёр бүлгийн математик дундаж ялгаагүй гэсэн тэг таамаглалыг няцаах үндэслэлгүй байна. Товчоор хэлбэл тус хичээлийн хувьд цахим сургалт ба танхимын хичээл хооронд мэдэгдэхүйц ялгаа байхгүй ажээ.
Харин нөгөө хичээлийн хувьд танхимын хичээл ба цахим сургалт нь шалгалтын онооны хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай гэсэн үр дүн гарчээ.
Тэгэхээр сургалтын чанарын хувьд цахим сургалт сайн эсвэл муу гэсэн дүгнэлт гаргахад миний хувьд хүндрэлтэй санагдаж байна. Сургалтын хоёр хэлбэрийн аль алинд нь давуу болон сул тал байдаг гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
Шалгалтад хамрагдах байдал
Танхимын сургалтын үеэр шалгалт авахад хэдэн долоо хоногоор сураггүй байсан оюутнууд газрын гаваас гарч ирээд шалгалт өгөх явдал түгээмэл байдаг. Тэгвэл энэ явдал цахим сургалтын үеэр давтагдах эсэхийг сонирхож үзье.
Хичээл | Шалгалт өгсөн оюутнуудын нийт оюутны дотор эзлэх хувь | Ирцийн оноогүй эсвэл ганц удаагийн ирцтэй боловч шалгалт өгсөн оюутнуудын нийт шалгуулагчдын дотор эзлэх хувь |
Магадлал ба статистик | 66.6% | 25.0% |
Статистик програмчлал | 85.7% | 13.3% |
Шалгалтад хамрагдсан байдал ирцээс мэдэгдэхүйц өндөр байгааг дээрх тоон мэдээнээс харж болно. Бас хичээлд огт хамрагдаж байгаагүй эсвэл ганц удаа үзэгдээд алга болсон оюутнууд шалгалт өгсөн оюутнуудын арав, хорин хувийг эзэлж байна. Ийнхүү ор сураггүй байсан оюутан газрын гаваас гарч ирдэг явдал цахим сургалтын үеэр ч ажиглагдаж байна.
"Цахим сургалтаа зогсоо" уриалгын талаар хэдэн үг
Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг ийм үгийг хэн хамгийн "чанга" хэлж орилж байгааг багш нар л хамгийн сайн мэднэ. Тэдний гол төлөөлөгчид нь гэнэт гарч ирээд шалгалт өгөгчид, таг чиг алга бологсод, хичээлээ цахимаар хийх болохоор интернэтгүй, компьютергүй, утасгүй, сүлжээгүй болчихдог мөртлөө Facebook дээр байж л байдаг нөхдүүд дотор л байгаа.
Төгсгөлд нь зарим оюутандаа бичиж байсан үгээ нийт оюутнууддаа хандан энд ахин бичье. Цахим сургалтын видео лекц тэргүүтэй бүхий л материалаа "Эхнээс нь үз. Бүү алгас. Дуустал нь үз.". Та энэ хүртэл уншчихаад эсэргүүцэх л юм бодож байна уу, шүүмжлэх л үгээ хайж сууна уу? Тэгвэл та эхлээд дээрх гурван хичээлийн цахим хуудсаар зочилж сайтар үзэж танилцана уу. Монгол хэл дээрх сурах бичиг, лекцийн гарын авлага, видео лекц, дасгал бодлогын хураамж, онлайн шалгалтын тусгай систем гээд шаардлагатай бүгдийг хийж байна, улам сайжруулж байна. Тухайлбал бүтэн багийн ажил болох видео лекц бэлдэхэд зөвхөн нэгд нь л гэхэд доод тал нь бүтэн өдөр, ихэнхдээ 2-3 өдөр зарцуулж байна. Тэгээд тэр нь нэгхэн удаа биш шүү. Бүтэн семестерийн турш долоо хоног бүрт 3 хичээл амдаад зогсож байна гээд бодоод үз дээ. Видео лекцийн хувьд хүссэн хэсгээ дуртай үедээ засаад байх эд биш учраас маш сайн бодож, төлөвлөж, боловсруулж, бэлдэж байж хийхгүй бол хий дэмий цагийн гарз болно. Нөгөө талдаа муу бэлдсэн видео лекц оюутнуудад ч өгөөжгүй байх биз ээ. Тиймээс видео лекцээ бэлдэхдээ богинохон буюу траффикт хэмнэлттэй байх, товчхон буюу залхаахгүй байх, тодорхой буюу манараахгүй байх, бүрэн буюу халтуурдахгүй байх, мэргэжлийн буюу үзэхэд ая тухтай байх зэрэг зайлшгүй шаардлагад нийцүүлэхийн тулд тийнхүү хүч хөдөлмөр, цаг хугацаа дайчлан ажиллаж байна. Гэсэн хэдий боловч зарим талаараа миний бэлдсэн видео лекц сэтгэлд минь хүрэхгүй л байна. Хэрэв цаг хугацаа хангалттай байсан бол бүр илүү ойлгомжтой байдлаар бэлдэх юм сан. Даанч нэг долоо хоногийн хичээлийнхээ видеог бэлдэж дуусахад дараагийн долоо хоног нь тулаад ирсэн байх юм. Харин ирэх семестерт хэрэв шинэ хичээл заах болвол бас хөл хорио хэвээрээ байвал видео лекцийг нь санаандаа хүртэл хийнэ дээ.
За, танд эрүүл энхийг хүсье! Биеэ бодоорой. Маскаа зүүгээрэй!