Эхлээд яагаад ийм дэмий юм хийх болсон тухайгаа өгүүлье. Одоо хоёр дугаар ангид сурдаг манай хүү econtent.edu.mn веб сайт уруу орж хичээлээ хийж байгаа юм. 4 настайгаа DouDouLinux ашиглаад компьютер дээр ажиллах дөртэй болчихсон, 6 настайгаас нь LinuxMint уруу шилжүүлсэн болохоор одоо хичээлээ өөрөө түүртэлгүй хийдэг юм.

Гэтэл WiFi-аар авч буй компьютерийнх нь интернэт тасалдаад хичээлээ хийхэд нь хүндрэл учраад байгаа нь анзаарагдах боллоо л доо. Компьютер нь миний өмнө ашиглаж байсан хуучин эд болохоор асуудлын уг шалтгаан юу ч байж магадгүй гээд ухаж төнхөж их ажил болохыг хүссэнгүй. Бас ухаад суувал хүүгийн хичээл тасалдах тул хамгийн хурднаараа шийдсэн нь энэ билээ. Ингээд Ubuntu Linux үйлдлийн систем дээр LAN карт ба сүлжээний утсаар дамжуулж нөгөө компьютерт интернэт шейрлэх тухай товч заавар бичлээ.

Мөн WiFi картгүй компьютерт ч интернэт шейрлэхэд энэ аргыг ашиглаж болохыг дурдъя. Жишээлбэл та зөөврийн болон ширээний компьютерүүдтэй бөгөөд үүрэн холбооны оператороос data багц аваад утсаараа WiFi цацаж байна гэж саная. Тэгвэл зөөврийн компьютер WiFi-аар интернэтэд асуудалгүй холбогдоно. Харин ширээний компьютер чинь WiFi картгүй бол яаж түүнийг интернэттэй болгох вэ?

Бэлдэх зүйл

Сүлжээний кросс кабелаар хоёр компьютерээ холбосон байна.

Интернэттэй компьютер дээрх тохиргоо

  1. Сүлжээний icon дээр дарж улмаар "Wired Settings..." дээр дарж орно.
  2. Wired хэсгийн шинэ холболт үүсгэх товчлуур дарна.
  3. Холболтын нэрийг өөрийн хүссэнээрээ өгнө. Харин IP хаягийн тохиргоо дахь сонголтуудаас "Shared to other computers" хувилбарыг сонгоно.

Хэрэв тус сонголтын хувилбар байхгүй бол сүлжээний тохиргооны цонхыг терминалаас nm-connection-editor тушаалаар нээгээрэй. Хэрэв нөгөө компьютер чинь холбогдохгүй байвал "Log Out" хийгээд эргэн нэвтэрч ороод үзээрэй.

Интернэтгүй компьютер дээрх тохиргоо

IP хаягийн тохиргоо дахь "Automatic (DHCP)" хувилбарыг сонгохоос бусдаараа дээрхтэй ижил юм.