2020 оны 6 сарын 27-ны бямба гарагт "Залуу дугуйчин клуб" болон "Аттилагийн жимээр дугуйтай аялал групп" хоёр хамтран зохион байгуулсан дугуйтай аялалд хамрагдаж УБ-Манзушир-УБ чиглэлд 120 км аяллаа. Миний хувьд энэхүү аялал нь нэг дүгээрт FB группуудээс зохион байгуулдаг аялалд анх удаа хамрагдсан бас нэг өдрийн дотор 50 км-ээс хол зайд анх удаа жийсэн хэрэг болсоноороо онцлогтой байлаа. Аялалыг ерөнхийд нь дүгнэвэл сургамжтай, адал явдалтай болж өндөрлөсөн.

Зарын дагуу 08:30 цагт Дүнжингарав худалдааны төвийн гадна цуглаж улмаар бүртгүүлэх, зааварчилгаа авах, зургаа татуулах гэсээр ойролцоогоор 09:20 цагт хөдлөв. Дээрх зургийг Залуу дугуйчин клубын FB группээс авав. Аялалд дээр нэр дурдсан клуб болон группын залуусаас гадна сайн дураар нэгдсэн аялагчид хамрагдав. Мөн аялал зохион байгуулагчдын нэг болох Баярмаа гэх бүсгүй биднээс "төлөвлөсөн аялал холын, хүнд байх учраас өөр чиглэлд явах уу" хэмээн санал асуухад бүгд анх зорьсоноороо аялах хүсэлтэйгээ илэрхийлцгээв.

Дүнжингараваас Налайх хүртэл жийхэд хүнд байсангүй. Харин анх хөдлөхдөө "үүргэвчнүүдээ машинд ачуулж болно шүү" гэхээр нь "замдаа зогсоно биз дээ" хэмээн лавлаж байгаад үүргэвчээ замд биднийг дагалдаж явах учиртай машинд ачуулж орхисон нь эцэстээ маш буруу шийдвэр болсон. Түүнээс болж гэртээ бэлдсэн идэж уух зүйлээ бараг ууж, идэж чадалгүй явсаар Манзушир орсон. Хэдийгээр зохион байгуулагчид болон нөгөө хоёр группын маань залуус зам зуурт ус, шоколад, жигнэмэг сэлтийг нийт аялагчдад тараан өгч байсан боловч "идсэн хоол, өмссөн хувцасныхаа хүчээр явдаг" надад шальтай нэмэр болсонгүй бололтой. Тийнхүү явсаар Төв аймаг уруу зам салсаны дараа үүргэвч доторх идэж, уух зүйлс маань хэрэг болоход өнөөх машин маань байдаггүй шүү. Улмаар сураг нь гартал хүмүүсийн бүх үүргэвчийг Манзуширт буулгаад хоосон ирсэн болж таарав. Үүнээс нь болж зарим нь нэг нь өөр хоорондоо муудалцсан сураг ч дуулдав. Ингээд Төв аймаг хүртэл ямар ч суурин газар байхгүй тул тэр чигтээ гүрийхээс өөр аргагүй болов. Ядаж байхад олон даваатай юм. Урьд нь огт анзаардаггүй байжээ. Олон дараалсан өгсүүр замд улам бүр хүч алдсаар яг Төв аймгийн наана тун хүнд байдалтай болов. Ядаж байхад давааны оройд гартал бороо орж эхлэв. Харин аз болоход дагалдаж яваа машин маань тэнд байж таарав. Тэнд савлагаатай ус, чихэр тарааж байв. Түүнийг нь аваад бас нэг сникерс харагдсаныг нь гуйх шаардахын завсарт хэлээд авчихав. Уг нь тэр хэдээс Манзушир хүрээд өгье хэмээн мөнгө зээлэх гэсэн боловч бэлэн мөнгө байсангүй бололтой. Уг нь шууд уруудаад л дэлгүүр байх тул тийнхүү зээлэх мөнгө сурагласан юм. Тэгээд бага сага юм ууж, идэж амь орсон тул Манзушир хүртэлх шороон зам уруу орохоор зоригтой хөдлөв. Тийнхүү уруудаж буугаад бага зэрэг явтал хамт жийцгээж буй залуус маань хүлээж байв. Ингээд Манзушир хүрэх замаар нөгөө хэдийнхээ энд тэнд орж жийсээр зорьсон газартаа хүрэв.

Өглөө 9 цаг өнгөрөөж гарсан бид хэд 15 цаг өнгөрөөж Манзуширт хүрсэн. Очоод зохион байгуулагчдын хийсэн сайхан цай, дажгүй амттай цуйван зооглоцгоов. Цайны үеэр залуустай элдвийг ярилцангаа боорцог болон өөр дэл сул юм идэв. Ярианаасаа болоод хэтрүүлж идсэн бололтой. Яагаад гэвэл амттай цуйвангаа барж идэж чадсангүй. Жаахан харамсалтай. Бас очих замдаа ууж чадаагүй рашаан, хоормог зэргээ хуурай идэх юмний даруулга болгосон нь ч нэмэр болсон байх л даа. Дараа нь хэсэг зуур хэвтэж амрав. Тэгтэл хэн нь ч юм бүү мэд, нэг нь хөлнөөс татаж сэрээв. "Хөдлөх болчихсон уу" гэтэл харин "өөрийгөө танилцуулаарай" гэж байна. Бодвол өнөөх хэд маань өөр хоорондоо танилцацгаасан бололтой. Ийнхүү өөрийгөө дугуйтай холбогдох талаас нь товч танилцуулав. Товч ч гэж дээ, мэргэжлийн онцлогоо дагаад нэлээн сунжруулсан ч байж магадгүй. Хоёр группын залуустай сайтар танилцах завшаан дараа дахин олдох биз ээ.

Ундалж, хооллоод нэлээн амарцгаасан бид хэд буудалласан газраасаа багахан зайд байх Манзушир хийд дээр очиж зураг хөргөө татуулцгаав.

Ганц зураг татуулсаны дараа бусдаасаа түрүүлж буцаад эвдэрхий модон гүүрийг автомашинтай хэрхэн яаж тойрвол болох бас намхан машинтай очвол хэрхэн яаж явах гэх мэтчилэн тэр хавийн замыг судлав. Ингээд буудалласан газраа эргэж очоод унадаг дугуйн тухай хүүрнэх залуусын яриаг чагнаж бас далимд нь ганц нэг юм лавлав.

Ингээд 18:00 цаг нэлээн өнгөрөөгөөд хөдөлцгөөв. Шороон замд залуусын зарим нь тун ч ширүүн давхицгааж байв. Ингээд төв уруу орох замын эхний салаа дээр увж цуван цуглаад бөөнөөрөө төв талбай, усан оргилуур зэргийг очиж үзэцгээв. Бас зургаа ч татуулцгаав. Энэ зуурт урд дугуйгаа өргөж хашлага давах оролдлого хоёр ч удаа хийж үзтэл хоёулаа амжилттай болов. Өмнө нь YouTube дээрээс унадаг дугуйн зарим нэг үндсэн техникүүдийг заасан хичээл үзэж, бага сага бэлтгэл хийж байсан юм. Харин яг бодит саад дээр жинхэнээсээ оролдож үзсэн нь энэ байлаа.

Тэгсээр Төв аймгаас нэлээн орой гарцгаав. Очих замдаа хаширсан би энэ удаад үүргэвчээ үүрч бас аймгийн төвийн баруун захын сууринд байх дэлгүүрээс савласан цай, Кука-7 эрдэст ус худалдаж авав. Өөр юм гэвэл дандаа Кола тэргүүтэй ундаа эсвэл цэвэршүүлсэн ус л байв. Харин идэх юм хангалттай байсан тул нэмж авсангүй. Ер нь би дугуйтай ахиухан явах үедээ хөлсөөрөө дамжуулж алдсан эрдэс бодисоо нөхөхийн тулд үзэмний шүүс, рашаан, эрдэст ус, хоормог зэргийг авч явдаг юм. Тэгэхгүй бол адгийн наад зах нь шөрмөс татах эрсдэлтэй. Харин энэ удаад өмнө нь явж байгаагүй хол зам байсан учраас шөрмөс татах вий дээ хэмээн эмээж байсан боловч тэгсэнгүй. Унд, хоол сайтай үед энэ зэргийн аялалд алзахгүй бололтой. Харин хамт яваа залуус маань хөөрч, дарвиад тэр чигтээ жийгээд алга болсон юм. Намайг хүлээж байсан хоёр маань "за хурдлахгүй бол нөгөө хэд чинь хоол идээд, амарчихсан болохоор талийж өгнө шүү" л гэж байна. Ингээд бөөндөө нийлж аваад хэсэг жийгээд УБ дөхөөд ирэх үед нэг маань усны эрэлд гарч буй нь харагдав. Дэлгүүрээс авсан хоёрынхоо хагасыг түүнд илүүчлэв. Ер нь замдаа хаана юу ууж, идэх бас хаанаас уух, идэх юм нэмж авахаа төлөвлөх л хэрэгтэй.

Төв аймгаас УБ орох зам хоёр давааг эс тооцвол үндсэндээ уруу ажээ. Ер нь замын өгсүүр, урууг дугуйтай явахдаа л мэдэрдэг юм. Замын эхэн болон дунд хэсэгт дээд тал нь 45 км/цаг хүртэл хурдлав. Өмнө нь хот доторх автозам дээр 48 км/цаг хүргэж байсан юм. Энэ нь 7 арайтай 26 инчийн уулын дугуйны хувьд хангалттай байх. Тэр үед залуусын нэг нь "хэд хүртэл дэвсэв" л гэж байна. Үүний дараа шинэ нисэхийн хурдны зам уруу орсон хойноо замын уруу хэсэгт жирийлгээд үзтэл хурд 56 км/цаг хүрч байна билээ. Олон араатай, том дугуйтай зарим нь үүнээс ч илүү хурдалж харагдсан.

Ер нь хотоос гарч унадаг дугуйтай аялахад салхи ба замын өгсүүр гэсэн хоёр гол бэрхшээл байдаг нь энэ өдөр ч бас л тохиолдлоо. Налайхаас Төв аймаг хүртэл тувт өгсүүр уруу ээлжлэхийн дээр ширүүн салхи үлээх нь дээр бичсэнчлэн унд, хоолноосоо холдчихсон надад нэлээн хүнд туссан. Одоо тэгэхээр үүргэвчээ биеэсээ огт салгаж байхгүй ээ. Бас бороо, шороо шиг таагүй зүйл юу байх билээ. Энэ өдөр ч бас яг Төв аймаг орох үед, дараа нь УБ-т дөхөж ирэх үед бороо орсон. Ийнхүү миний хувьд бага зэрэг сургамжтай бас чамлахааргүй адал явдалтай аялал болж өнгөрлөө.

Хамт аялсан "Залуу дугуйчин клуб" болон "Аттилагийн жимээр дугуйтай аялал групп"-ын залуус хамт аялахад түшигтэй, нөхөрсөг байсныг энэ дашрамд дурдъя.

Эцэст нь хэлэхэд дугуй унахад анхаарах чухал зүйл бол аюулгүй байдал юм. Энэхүү аяллын үеэр санамсар болгоомжгүйгээсээ болж нэг маань бэртсэн нь туйлын харамсалтай. Өөр бас нэг маань Манзушир дахь шороон замд унасан. Иймд унадаг дугуй болон хамгаалах хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж байж дугуйгаа унаарай гэж захья. Ер нь дугуй анх унаж сурахдаа бус харин нэлээн сайн унаж сурсан хойноо эрдэж, бардаж яваад унаж осолдох, тэр нь илүү ноцтой байх талтайг анхаараарай.