Алтай Таван Богд аяллын тэмдэглэл
Өлгий хот, Алтай Таван Богд, Хотон ба Хурган нуур, Түргэний хүрхрээ маршрутаар хийсэн аяллын зарим фото зураг болон товч тэмдэглэл
Уг нь би унадаг дугуй зэрэг хоббигоо эс тооцвол ямар нэг аялал болон үзэж харсан зүйлсийнхээ талаар ийнхүү тэмдэглэл бичдэггүй ажээ. Иймээс "аялал" гэх мэтчилэн шошго үүсгэсэн нь ч үгүй. Харин энэ удаад аяллын үеэр дарсан зарим фото зургийг харьцангуй нээлттэй байдлаар шейрлэж түгээх болсон тул тэдгээр фото зургуудын дээжийг товч тайлбар тэмдэглэлтэй хамт блогтоо оруулахаар шийдлээ.
УБ-аас Өлгий хүртэл
Өлгий хүрэх боломжит гурван хувилбараас найдвартай бөгөөд цагаа яс барьдаг нь автобус ажээ. УБ-аас 10:00 цагт хөдлөөд Өлгий хотод ойролцоогоор 14:00 цагт очно. Замд хоёр удаа гуанз бараадан зогсож бөөнөөрөө хоол иддэг юм байна. Өлгийн наахна байх замын гуанзад зөвхөн бууз байх бөгөөд хэчнээн бууз авахыг автобусны жолооч урьдчилж асуугаад захиалж өгч байсан. Замын хувьд Баянхонгор ба Говь-Алтай хоорондын 100 орчим километр шороон зам болон эвдэрхий нэг гүүрийг эс тооцвол гайгүй байлаа. Замын тэр хэсгээр шөнөдөө явах тул бөөн дэржигнүүрээс бусдаар яг яаж яваад байгаа нь огт мэдэгдээгүй. Өлгий хотын авто-вокзал дээр хүрч очиход Казахчууд БӨ 86-33 гэсэн дугаартай машинаар угтаж авна.
Өлгий хотын төв хэсэг дараах байдалтай харагдана. Зургийг Өлгий хотын Найрамдал толгой дээрээс дарав.
УБ - Өлгий чиглэлийн автобусанд суухаас эхлээд л үл мэдэх харь хэлээр ярих нь гадаад улсад зорчин яваа гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ Баян-Өлгий аймаг уулаасаа Монголын газар нутаг болохоор уул, ус болон засаг захиргааны нэгж нь монгол нэртэй юм билээ. Мөн монгол хүн монголынхоо газар шороо дээр яваа гэхээр дээрх сэтгэгдэл аяндаа арилна.
Өлгийгөөс Малчин оргил хүртэл
Манай гэр бүл Grand Altai Travel компанийн зохион байгуулсан аялалд хамрагдсан. Шөнөжин усаар шавшиж замын шороо дарсан ч тэнгэр бүрхсэн хэвээр байсан үүлтэй өглөө замд гарав.
Өлгий хотоос гараад хамгийн эхэнд Сагсай сум оров.
Сагсай сумын нутагт явахдаа Казах айл, анч бүргэд болон хүн чулуу зэрэг зүйлс үзэв. Ерөнхийдөө замд таарах, үзүүштэй зүйл өчнөөн байх ажээ. Тухайлбал огцом өндөр уулс, уулсын хооронд байх усархаг хөндий, түргэн урсгалт гол, чулуун хашаа хороо, шавар байшин, хүн чулуу, буган чулуу, овоо, эртний булш хиргисүүр, тосгон суурин гэж андуурмаар оршуулгын газар зэргийг дурдаж болох юм. Тэдгээрийн зарим зургийг тэмдэглэлийн зохих хэсэгт орууллаа. Жишээлбэл дараах зургийг фургон машины явуут дунд дарсан. Фургон машины явдал хатуу тул shutter speed ихэсгэх улмаар түүнээс болж дутагдсан гэрлийг f-stop багасгах байдлаар нөхөж байсан тул нэг чухал зургийн depth of field хангалтгүй болсон байсан.
Харин дараах зургийг машинаас бууж, усны мандалд нэлээн ойртож байж дарсан. Уулс нь модгүй, өвс ургамал багатай тул ус нь ингээд уулс хоорондын хөндийд туначихдаг юм билээ.
Ингээд нэг казах айлаар орж давсалсан тос тэргүүтнээр дайлуулж улмаар бүргэдтэй зураг авахуулцгаав. Өрхийн тэргүүн болох өвгөний зургийг дор оруулав.
Ердийн нэг казах айлын төлөөлөл болгон дараах зургийг нэлээн холоос дурангаа байдгаар нь сунган байж дарав. Энэ нь машин, мотоцикл, нарны хавтан, антенн байхгүй зураг дарах гэсэн хэрэг л дээ. Бас аяллын зураг болох тул урьдаас бэлтгэлтэй буюу тавилттай зураг дарахгүй гэсэн зорилго тавьсан. Казах гэрийн хэлбэр, тооно, хана зэрэг нь монгол гэрээс өвөрмөц юм билээ.
Ингэж холоос, мэдэгдэлгүйгээр дарахгүй л юм бол эрэгтэйчүүд нь чи яах гэж байна гэсэн юм шиг эгцэлж ширтэх бол эмэгтэйчүүд нь харцаа буруулаад доош харчихна. Тэдний юм бүхэн бидэнд сонирхолтой байсан бол бидний бүргэдтэй хамт зураг даруулж байх нь тэдний хувьд сонирхолтой байсан бололтой.
Бүргэд нь зун цагт анд гардаггүй, харин ингээд л сууж байдаг юм байна.
Ойртуулбал иймэрхүү байдалтай харагдана.
Ингээд дараах зураг дээрх казах бүргэдчиний хувцсыг өмсөж, бүргэдийг нь гар дээрээ суулгаж байгаад зураг авахуулсан.
Казах үндэсний хувцас өмсөж, гар дээрээ бүргэд суулгаж зураг авахуулаад аян замаа цааш үргэлжлүүлэв.
Хэсэг яваад хүн чулуу үзэж сонирхов.
Ахиж хэсэг яваад Цэнгэл сумын төв оров.
Цааш явах замдаа буган чулуутай таарч бас л зургийг нь дарав.
Дээр дурдсанчлан казах оршуулгын газар бараг л тосгон, суурин гэмээр харагдана. Тэдгээрийн нэгний зургийг буулгаснаа дор оруулав.
Таван богд орох замд гүүр маш чухал юм билээ.
Гүүргүй бол ус гатлахаас өөр аргагүй. Хэрэв гармаа сайн мэдэхгүй бол гүнзгий цүнхэл уруу орох аюултай байх шүү. Яагаад гэвэл сүүн Цагаан голын ёроол харагдана гэж үгүй.
Тийнхүү Цагаан гол гатлаад ахиад хэсэгхэн яваад хилийн хаалт, хамгаалалт бүхий бүсд тулж очиход орой болж байлаа.
Ингээд хилийн хаалт нэвтэрч хоноглоод маргааш өглөө нь Таван богд уруу хөдлөв.
Тэгээд үд өнгөрч байхад Таван богдын наана байх хоноглох газартаа хүрэв.
Бид наадмын амралтын үеэр аялж явсан тул морьтой, машинтай хүмүүс тасралтгүй цувцгааж байлаа. Тэдний заримынх нь зургийг майхан сэлтээ төвхнүүлэхийнхээ хажуугаар буулгаад амжсан.
Ингээд буудаллаж төвхнөцгөөсний эцэст өдрийн хоолоо идэцгээв. Энэ мэтчилэн олны зураг болон ганцаараа бас хэсэг бүлгээрээ авахуулсан зарим зургийг оригинал файлаар нь шейрлэснийхээ хаягийг бичвэрийн төгсгөлд байрлууллаа.
Өдрийн хоолны дараа чөлөөт цаг эхлэв. Чөлөөт цагаар охиноо дагуулж, Мөнхзаяа гэдэг ахтай хамт сүүн Цагаан голын эх чиглэн алхав.
Дараах зураг дээр Цагаан гол хэрхэн эх авдаг нь харагдана.
Ийм байдлаар өдөр өнгөрч Таван богдод нар жаргав.
Харин маргааш өглөө нь эртлэн босож үүр хэрхэн цайхыг ажиглаж бас янз бүрийн зураг дарав. Өндөрлөг газар гэсэндээ сэрүүхэн байдаг бололтой. Хэдхэн зураг дарах зуурт гар бээрч байв.
Ингээд өглөө болоход аялагчид үндсэн зорилго болох Алтай Таван Богдын Малчин оргил уруу авирахаар хөдөлцгөөв. Миний хувьд 6 настай охиноо авч явсан тул газрын өгсүүр, замын бартаа таарах бүрт охиноо тэвэрч алхсаар зам зуурт харьцангуй цөөн зураг дарсан байна. Малчин оргил уруу ойртох үед цаг агаар муудаж, манан татан улмаар нойтон цас харин оргил хавьдаа цас орж эхлэв. Түүнээс нь урьтаж дарсан сүүлийн зургаа дор оруулав.
Харин Малчин оргилд гарах үед цас ид орж, нүүр нүдгүй шуурч байсан тул өндрөөс олон гоё зураг дарна гэсэн төлөвлөгөө маань бараг нурсан тул оргил хавийн цөөн хэдэн зураг буулгав. Холоос харахад шувуу сууж байгаа мэт харагдах том чулуу нүдэнд туссан тул зургийг нь янз бүрээр дарсан. Харин камераа зоож байгаад өөрийнхөө зургийг буулгаж түвдсэнгүй. Тэгээд үүргэвчинд байсан тал шоколадыг жаахан усаар даруулж хурдхан идэж хүчээ сэлбээд оргилоос буув. Яагаад гэвэл эхнэр болон хоёр хүүхэд цасан шуурганд хэцүүдэхээр болсон л доо. Учир нь хувиа боддог нэг эмэгтэйд байсныг энд бичээд яах билээ. Тийнхүү аяллын гол зорилго болох оргил дээр гарсан гэсэн баримтыг зургийн аппаратдаа үлдээгээд бууж чадсан даа. Оргил өөд өгсөж байхдаа хэсэг газарт эргэж буцаад ахин өгссөн шиг бууж байхдаа бас замын тал шахуу газарт буцаж өгсөх хэрэг гарсаныг тэмдэглэе. Өөрөөр хэлбэл Малчин оргил уруу бараг хоёр удаа гарч, хоёр удаа буусан гэсэн үг л дээ.
Маргааш өглөө нь оргил манан дундаас дөнгөж цухуйж байснаа удалгүй бүрмөсөн далд орсон доо.
Тийнхүү бидний хэдэн аялагчид оргилд ам мөлтөс гарч амжсан даа. Харин миний хувьд оргил дээр цэлмэг байх үед хэдэн зураг дарж амжаагүй нь тоогүй байсан. Гэхдээ УБ уруу буцах замд оргил уруу гарч чадаагүй хүмүүс ч тааралдаж байсантай харьцуулахад чамлахааргүй л юм даа.
Малчин оргилоос Хотон болон Хурган нуур хүртэл
Дараачийн үзэх газар бол Хотон, Хурган гэдэг холбоотой хоёр нуур билээ. Тэр хүрэхийн тулд ирсэн замаараа буюу голын гарам, гүүр зэргээр гарч явсны дараа зам салав. Зам зуурт эрт цагийн хадны сүг зураг үзэж сонирхов.
Ингээд Цагаан гол дээгүүр тавьсан модон гүүрээр буцан гарав.
Хэсэг яваад ирсэн замаасаа салж өөр зам уруу оров. Улмаар тэр зам нь Цэнгэл сумаас шууд ирэх замтай нийлэх аж. Зам зуурт түүхийн зарим дурсгал үзэж сонирхов. Жишээлбэл дараах зураг бол 10 мянган адуутай байсан нэг баян казах эрийн бунхан аж. Бунханы модыг адууны өөх тос ашиглаж тосон хатаалгаар хатаасан юм гэнэ. Ер нь мод ховор газарт баячууд нь модоор "тансагладаг" бололтой.
Бас хүн чулуутай ч тааралдав.
Тийнхүү явсаар хилийн цэргийн застав, түүний шалган нэвтрүүлэх хэсэгт хүрэв. Мөн тэнд дэлгүүр, шатахуун түгээгүүр байх аж. Тус дэлгүүрт ёстой л хүний хэрэгцээт бүхнийг худалдаалдаг юм байна.
Ингээд хоёр нуурыг холбосон хүзүүвч дээгүүр тавьсан модон гүүрээр гарч нуурын эрэгт хүрч буудаллав. Дараах зургийг фургоны явуут дунд дарсан тул салхины шил дээр ойсон дүрс хамт буужээ.
Буудаллах гэсээр байтал үдшийн харуй бүрий нөмөрсөн тул нэлээн хэдэн long exposure зураг дарав. Энэ удаад хүмүүс майхнаа харьцангуй ойрхон барьцгаасан байсан. Хэд хоног хамт аялаад овоо ижил дасал болж байгаа нь тэр бололтой.
Харин нуурын эрэг дээрээс нар жаргаж буй байдал иймэрхүү харагдаж байв.
Харин long exposure байдлаар буулгавал дараах байдалтай байна.
Мөн тус үдэш галын наадам хийцгээв.
Ийнхүү энэ үдэш эхлээд баахан long exposure зураг дарсан бол дараа нь залгуулаад speedlight ашигласан шөнийн зураг баахан дарж нэлээн "сургууль хийв". Энэ аяллын үеэр нийтдээ 4.4 мянга шахуу зураг дарсан байсан. Эдгээрээс exposure ихэдсэн нэг, depth of field дутсан ганц зураг буюу нийтдээ хоёр зургаас бусад нь үндсэндээ боломжийн зургууд байсан. Ингээд сайтар шүүж цэвэрлэсний эцэст яг 412 зураг гарсан. Эдгээрээс хувийн чанартай зургуудыг хасвал 100 гаруй зураг үлдэж байна.
Ингээд нуурын эрэгт нар мандтал хангалттай сайн унтав.
Уг нь нуурын ус үүрээр тогтуун байдаг гэж сонссон боловч 1 магадлалтай биш зүйлд найдалтгүй гэж шийдээд тийнхүү унтав. Яагаад гэвэл ийм аяллын үеэр хоёр өглөө дараалж эрт сэрж нойроо хасвал ядрах биз ээ. Ямартай ч намайг босоход нуурын мандал тогтуун биш, их л хүчтэй давалгаатай байсан. Харин шөнө орой болтол наргисан хүмүүс нэлээн унтацгаав. Миний дараа тогооч бүсгүй л боссон. Мөн манай хэд шөнө наргихдаа нэлээн хог тарьсан харагдана билээ. Түүнийг нь аялал зохион байгуулагч залуу хурдхан шиг түүж байгаа харагдсан. Үдэш нь хундаганы үг болгож "хог хаядаггүй, байгальд гэм хоргүй сайхан аялагчид" гэж нэг нэгнээ хөөргөөд байсан нь ийнхүү худлаа болцгоов. Ер нь манайхан уухаараа "хүнээ байдаг" байж тэр хар усанд их дурлана аа.
Нуурын эрэгт хоноглосон бид майхан, мешок зэрэг зүйлсээ тэндээ үлдээгээд Түргэний хүрхрээ үзэхээр хөдлөв.
Түргэний хүрхрээ
Энд бүхнээс эхэлж бичиж тэмдэглэх зүйл бол Түргэний хүрхрээ уруу Приус машинаар очиж болдог явдал юм. Үнэхээр нэг Приус 20 маркийн машин очсон байсан шүү. Дандаа туулах чадвар сайтай SUV болон фургон машинуудын дунд нэг Приус явах нь сонин л юм билээ. Харин дугаартай машины үл таних эзнийг элдэвлэх гэсэн мэт зургийг нь тараавал ёс зүйгүй хэрэг болох тул зургийг нь нэг дарж үзээд устгасан шүү. Иймд үзүүлэх баримт байхгүй.
Ингээд хэдэн зураг сонирхуулъя.
Мөн хамт аялсан Шинээ гэгч залуугийн санал болгосон шүүдрийн зургийг ийн буулгав.
Ингээд үдээс хойш нуурын эрэгт буцан ирцгээв. Дараа нь эрчүүдийн намайг оролцуулан хоёроос бусад нь загасчлахаар явцгаав. Загасчид их оройтож ирцгээснийг бодвол нэлээн зугаатай байсан юм болов уу. Харин үлдсэн хоёр эрийн нэг болох Мөнхзаяа гэдэг ах дурангаа бариад үүгээр түүгээр зугаалж янз бүрийн юм дурандах шиг болсон. Харин би нуурын эрэгт үүрлэсэн бяцхан мэрэгчтэй хөөцөлдсөөр орой болгов. Эцсийн эцэст линзнийхээ үзүүрийг түүнд сөөм хэртэй зайд ойртуулж чадсан.
Энэ үед загасанд явалгүй үлдсэн өнөөх ах болон зарим эмэгтэйчүүд нэлээн уйдсан байх. Ямар олиггүйдээ л манай эхнэр нуурын эргээр нуруугаа үүрч бөгтийн алхах билээ дээ.
Бас загасчлахаар явсан хэд толгой нэг бүрчлэн ямар байсныг хэн мэдэх билээ. Харин миний хувьд дээрх зургийг дарахын тулд баахан мөлхөж бас элгээрээ хэвтсэн тул цаг харвасан сум шиг өнгөрч уйдах завдал гараагүй. Аяллын яг энэ үед зохион байгуулагчид аялагчдыг сонирхлоор нь Түргэний хүрхрээ дээр үлдэх ба нуурын эрэг дээр амрах, загасчлах гэж хоёр хуваамаар санагдсан. Аялагчдын зарим нь ч Түргэний хүрхрээ дээр ахиад жаахан байсан бол, арай л хурдан буцаад ирлээ гэх мэтчилэн ярьж байлаа. Манай эхнэрийн ярьсанаар Түргэний хүрхрээ уруу замчилсан хүн "Алив хурдал. Хурдан буцъя." хэмээн шавдуулсаар байгаад таарсан бололтой юм билээ. Үнэхээр ч газрын нам дороос өгссөн надтай тэр хэд эргэж таараагүйг бодохоор зам дагаж өгсөж очингуутаа тэр замаараа буцаж буугаад тэр хавийг олигтой үзээгүй нь үнэн л дээ.
Хотон болон Хурган нуураас Өлгий хүртэл
Нуурын эрэгт хоёр шөнийг өнгөрөөгөөд өглөө эрт Өлгий хот уруу буцах замдаа гарав.
Буцах замд хоёр фургоны нэгнийх нь амартизатор мултарч засуулав.
Энэ мэтчилэн зогсох зуурт зураг дарсаар явав.
Арцны бут дунд ургасан энэ ямар цэцэг юм бол оо?
Эцсийн эцэст эхнэр, хүүхдийнхээ зургийг л хамгийн олон удаа дарсан байдаг юм.
Манай гэр бүлийн сууж явсан фургон машины зургийг хэд хэдэн удаа дарсан байв.
Дараах зургийг Өлгийгөөс анх гарахад л дарах гээд амжаагүй юм. Иймээс буцах замдаа заавал дарна хэмээн эртнээс бэлтгэлтэй явлаа. Дээр буй зарим зурагтай адил мөн л фургоны явдал дунд дарав. Энэхүү хавцлыг дуусгачихвал Өлгий хот шүү дээ.
Өлгий хотод
Өлгий хотод оройхон ирсэн бөгөөд аяллын хөтөлбөрийн дагуу үдэлтийн зоог барьсаны дараа мини-концерт үзэж сонирхов.
Тоглолт дуусахаас урьтаж казах бүсгүйн зургийг тусгайлан дараад авав.
Маргааш өглөө нь аялал зохион байгуулагчдынхаа guest house буюу казах гэр буудлаас гарч Өлгий хотын төв талбайн ард яг залгаа, шинээр барьсан, өндөр, шилэн барилга доторх буудлуудаас хамгийн өндөрт байх Mediana зочид буудалд буув.
Тэнд алжаалаа тайлж амраад үдээс хойш Өлгий хотын төвөөр зугаалав.
Энэ далимд 4 хүний дугуй хөлөглөн гэр бүлээрээ Өлгий хотын төв талбайгаар жийгээд амжсан. Бас хоёр хүүхэд маань ч цахилгаан машин дээр сууж тус талбайгаар хэд тойрсон.
Төгсгөл
Эцэст нь хээрийн нөхцөлд амттай хоол хийн үйлчилсэн тогооч хоёр бүсгүйдээ талархал илэрхийлье.
Мөн аялал амжилттай болоход хувь нэмрээ оруулсан ардын авьяастан Букенбай болон олныг баясуулагч Жандос нарын нэрийг дурдах хэрэгтэй.
2022 оны оны 1 сарын 23 Аяллын үеэр дарсан бусад хүмүүсийн фото зураг болох өндөр нягтаршилтай нийтдээ 1 GB гаруй хэмжээтэй JPEG файлуудын шейрийг зогсоов.