Корона вирусын цар тахлын болзошгүй дэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон дотоодод халдвар тархсантай холбогдуулан зарласан хөл хорио зэрэг шалтгаанаас үүдэн 2020 оны намрын улирал буюу нэг дүгээр семестерийн хичээлийн бараг хагас нь цахим хэлбэрээр явагдсан билээ. Ингээд манай сургуулийн удирдлага тус семестерт явуулсан цахим сургалтын талаар оюутнуудаас судалгаа авсан байна. Судалгааны үр дүнгээс өөрийн заасан нэг хичээлтэй холбогдох хэсэгтэй танилцахад "дүнгийн өс" санасан заналтай хариултууд яваад байна уу гэсэн сэтгэгдэл төрсөн тул бага сага статистик шинжилгээ хийж ул суурьтай дүгнэлт гаргахаар шийдлээ.

Тус хичээлийг нийт 28 оюутан сонгон судалсан бөгөөд үүнээс 1 оюутан цахим болон танхимын аль ч хичээл дээр суугаагүй, оролцоогүй бас шалгалт өгөөгүй буюу хичээлээ ор тас хаясан. Үлдсэн 27 оюутны 10 оюутан А, 10 нь B, 3 нь C, 4 нь D үнэлгээ авсан. Харин судалгаанд бүх 28 оюутан буюу хичээл хаясан нэг оюутан хүртэл хамрагдсан байлаа.

Цахим сургалт ба танхимийн хичээл хоёр ижил мэдлэг, чадвар олгож байгаа эсэх тухай

Ингээд "Цахим сургалт нь танхимийн хичээлтэй ижил хэмжээнд мэдлэг, чадвар олгосон" гэдэг асуултаас эхэлье. Асуулт хоёр сонголттой бөгөөд эерэг буюу "Санал нийлж байна" гэсэн хариулт 22, сөрөг буюу "Санал нийлэхгүй байна" гэсэн хариулт 6 ширхэг байна. Би хувьдаа эдгээр сөрөг хариултыг C, D буюу "чамлахаар" дүн авсан 7 оюутан буюу 7/28=0.25 хувь нь өгсөн болов уу гэж таамаглаж байгаа л даа. Үүнийг батлахын тулд пропорцын тухай таамаглал шалгах хэрэгтэй. Үүнийг R програм дээр дараах байдлаар шалгаж болно.

prop.test(x = 6, n = 28, p = 7/28)

Энд p нь таамаглаж буй пропорц буюу магадлал, n нь түүврийн хэмжээ буюу судалгаанд хамрагдсан оюутны тоо, x нь авч үзэж буй үзэгдэл буюу хариултын тоо байна.

Дээрх тушаалаар дараах үр дүн гарсан.

	1-sample proportions test with continuity correction

data:  6 out of 28, null probability 7/28
X-squared = 0.047619, df = 1, p-value = 0.8273
alternative hypothesis: true p is not equal to 0.25
95 percent confidence interval:
 0.09027927 0.41462210
sample estimates:
        p 
0.2142857

Үүнийг харвал сөрөг хариултын хувь буюу пропорцын тухай таамаглал үл няцаагдаж байна. Тэгэхээр "чамлахаар" дүн авсан авсан 7 оюутны 6 нь цахим сургалтыг танхимын сургалтаас муу гэсэн утга бүхий хариулт өгсөн байж болзошгүй болоод байгаа юм л даа. Тэгэхээр үүнийг эцэслэн тогтоохын тулд ямар дүн авсан нь юу гэж хариулаад байгааг нэр усаар нь тулгаж үзэх хэрэгтэй болно л доо. Өөрөөр статистикчийн үгээр хэлбэл холбоост түүвэр авч дүн ба эерэг, сөрөг хариулт хамааралгүй гэсэн таамаглал шалгах хэрэгтэй. Миний хувьд санал асуулгад хэн нь юу гэж хариулсан гэдэг нарийвчилсан дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байгаа тул ийм статистик дүгнэлт гаргаж чадахгүй болчихоод байгаа юм л даа.

Цаашилбал энэ удаа баримталсан дүн гаргах шалгуур нь өмнө баримталдаг байсан шалгуураас огт сулраагүй буюу олноороо A, B үнэлгээ авах нөхцөл байдал албаар үүсгээгүй. Үүнийгээ нотлохын тулд 2019 оны хавар тус хичээлийг судалсан 28 оюутны дүнг авч үзье. Уншигч та оюутны тоо яг ижил 28 байгааг анзаарав уу? Тэр семестерт тэдгээр 28 оюутны 8 нь C, D буюу "чамлахаар" дүн авч бусад нь дандаа A, B үнэлгээ авчээ. Ингээд зэрэгцүүлэн авч үзэж буй хоёр семестерт "боломжийн" дүн авсан оюутнуудын эзлэх хувь буюу пропорц 22/28 ба 20/28 хоёр адил тэнцүү юм гэсэн таамаглал шалгая. Хэрэв таамаглал няцаагдахгүй байвал дүнгийн шалгуур ижил тул цахим сургалт ба танхимийн хичээл хоёр ижил мэдлэг, чадвар олгож байгаа гэсэн дүгнэлт гаргаж болно.

prop.test(x = c(22,20), n = c(28,28))

Ийнхүү хоёр пропорц тэнцүү гэсэн таамаглал шалгахад дараах үр дүн гарсан.

	2-sample test for equality of proportions with continuity correction

data:  c(22, 20) out of c(28, 28)
X-squared = 0.095238, df = 1, p-value = 0.7576
alternative hypothesis: two.sided
95 percent confidence interval:
 -0.1903347  0.3331918
sample estimates:
   prop 1    prop 2 
0.7857143 0.7142857

Үүнийг харвал цахим сургалт ба танхимын сургалтаар "чамлахааргүй" дүн авсан оюутнуудын 22/28 ба 20/28 пропорцууд тэнцүү гэсэн таамаглал үл няцаагдаж байна. Ийнхүү цахим сургалт ба танхимийн хичээл хоёр ижил мэдлэг, чадвар олгож байгаа гэсэн дүгнэлт баталгаажлаа.

Зарим уншигчид маань цахим шалтгалтын үеэр оюутнууд хуулаад л бүгд өндөр оноо авцгаадаг шүү дээ хэмээн бодож байж болох юм л даа. Үүний эсрэг санамсаргүй түүврийн аргаар бодлого оноох, ашиглаж буй компьютерээ солих оролдлогыг хаах, бодлого бүрд тохирсон цагийн хязгаарлалт тавих зэрэг болон өөр бусад зүйлс тусгасан цахим шалгалтын систем өөрийн гараар хөгжүүлсэн. Хэрэв үүн дээрээ нэмээд шалгалт эхлэх ба дуусах хугацаагаар нь шахах юм бол хуулах явдал бараг хумигдана гэж үзэж байгаа л даа. Яагаад гэвэл хуулах гэж оролдож байхад нь бодлогын цаг ба шалгалтын цаг хоёр талийх тул сүүлийн хэдэн бодлогодоо зориулах цаг үлдэхгүй болно. Гэхдээ ийм хатуу шалгуурыг одоо эхлэх 2021 оны хаврын улиралд тавина хэмээн төлөвлөсөн. Харин өнгөрсөн семестерт шалгалтын эхлэх болон дуусах хугацааг нь хангалттай хол байхаар зааж өгсөн. Нөгөө талаас хуулсан болгон өндөр оноо авдаггүй билээ. Заримдаа ташраараа буруу хуулаад хэцүүхэн оноо авах явдал ч тохиолддог.

Цахим хичээлийн бэлтгэлтэй холбогдох асуултууд

"Лекцийн хувьд цахим сургалт явагдсан нийт хугацаанд хэдэн хувьд нь материал илгээсэн бэ?" гэсэн асуултад ганц оюутан буюу 3.6%, "Семинарын хувьд цахим сургалт явагдсан нийт хугацаанд хэдэн хувьд нь материал илгээсэн бэ?" гэсэн асуултад 7 оюутан буюу 25%, "Багш цахим сургалт явагдсан нийт хугацаанд сургалтын материалыг ямар хугацаанд оруулж байсан бэ?" гэсэн асуултад 4 оюутан буюу 14.3% нь ор тас худлаа хариулжээ. Хичээлийн бэлтгэл, цахим контентын хувьд хуруу даран нарийн бүртгэвэл ердөө ганц сэдвийн видео лекц дутуу байсан. Харин бусад нь цөм бүрэн буюу аль хэдийн бэлдчихсэн бэлэн контентууд байлаа. Мөн цахим сургалтын үеэр лекцийн 90 минут болон семинарын 90 минутын турш онлайнаар хичээл орж байсан. Өөрөөр хэлбэл үзэх, сонсох зүйлээр оюутнууд огт дутагдаагүй гэсэн үг юм.

Оюутантай ажилласан байдал

"Багш хариулсан бататгах асуулт, даалгаврыг үнэлж байгаа юу?" гэсэн асуултад 27/28 буюу 96.4 хувь нь тийм хэмээн хариулсан байхад цор ганц оюутан "өгөөгүй" хэмээн эрс худлаа хариулсан байх юм.

Харин "Багшаас тухайн хичээлийн талаар асуулт асууж, хариулт авч байсан эсэх" гэсэн асуултад 21 нь "Багш хариултыг тогтмол өгч байсан" гэж, 2 нь "Багшаас асуулт асууж байгаагүй" гэж хариулсан бол "Зарим тохиолдолд асуултад хариулдаггүй" гэж 4 оюутан хариулсан нь бас л сонин юм. Үнэхээр зарим үед оюутнууд хичээлд төдийлөн холбогдолгүй эсвэл хариулах огт шаардлагагүй асуулт тавих явдал байдаг л даа. Эндээс тиймэрхүү үед "энэ асуулт чинь ийм байна, тийм байна. Хариулах шаардлагагүй." хэмээн зориуд онцлон хэлж баймаар юм байна гэсэн дүгнэлт хийж авлаа. Эсвэл танхимын хичээлийн үеэр юм асуухаар дуудан шаагилдаж байх үед нь хэдэн оюутан үлдээчихсэн байж мэдэх л юм. Гэхдээ түүнийг цахим сургалттай холбоотой судалгаанын асуултад хариулахдаа тооцож үзмээргүй л байлтай юм.

Судалгааны бусад асуулт

"Цахим хичээлийн материал, бататгах асуулт, даалгаврын агуулга нь хугацаандаа гүйцэтгэхэд хангалттай байгаа эсэх?" гэдэгт "боломжийн" гэж 19, "хялбар" гэж 3, "хэтэрхий их" гэж 5 оюутан хариулсныг хэвийн гэж үзэж байна. Харин энэхүү асуултад "өгөөгүй" гэж хариулсан ганц оюутныг юу гэхээ мэдэхгүй байна.

"Тус хичээлийн материалын чанар ямар байна гэж Та бодож байна вэ?" гэсэн асуултад 19 нь "хангалттай сайн", 6 нь "хангалттай", 3 нь "дунд" гэж хариулжээ. За энэ талаар 100 хувь "хангалттай сайн" гэсэн абсолют эерэг хариулт өгсөн байлаа ч би өөртөө сэтгэл ханана гэж байхгүй буюу хичээлийнхээ материалыг улам л сайжруулах болно. Одоо энд бас л өнөөх "боломжийн" буюу A, B үнэлгээ авсан 20 оюутны эзлэх хувийг хамаатуулж үзье л дээ. Ингээд "хангалттай сайн" гэсэн хариултын эзлэх хувийг "боломжийн" үнэлгээ авсан оюутнуудын эзлэх хувь буюу 20/28-той тэнцүү гэсэн таамаглал дэвшүүлж, урьдын адил шалгая.

prop.test(x = 19, n = 28, p = 20/28)

Эндээс дараах үр дүн гарна.

	1-sample proportions test with continuity correction

data:  19 out of 28, null probability 20/28
X-squared = 0.04375, df = 1, p-value = 0.8343
alternative hypothesis: true p is not equal to 0.7142857
95 percent confidence interval:
 0.4757333 0.8341851
sample estimates:
        p 
0.6785714

Гарсан үр дүнг харвал "хангалттай сайн" гэсэн хариултын эзлэх хувийг "боломжийн" үнэлгээ авсан оюутнуудын эзлэх хувьтай тэнцүү гэсэн таамаглал үл няцаагджээ. Гэхдээ энд оюутны нэр тодорхойгүй байгаа гэдгийг ахин хэлэх хэрэгтэй. Хэрэв аль хариултыг хэн өгсөн нь мэдэгдэж байгаа бол холбоост түүвэр дээр хэрэглэж болох өөр статистик арга хэрэглэж илүү нарийн үр дүн гаргах бүрэн боломжтой. Харин сургуулийн захиргаа ба сургалтын албанд харьяалагддаг, тус мэдээлэлд хандах эрх бүхий албан тушаалтнууд тэр мэтчилэн нарийн шинжилгээ хийх буй за.

Судалгааны асуумжийн төгсгөлд нээлттэй нэг асуулт байсан ч түүн дээр хэрэг болох хариулт байсангүй.

Цаана нь хоёр асуулт үлдсэн нь хоёулаа оюутны нөхцөл байдлын талаарх асуулт байсан тул энд авч үзэлгүй үлдээв.