Гүнжийн сүм зорьсон унадаг дугуйтай аялал
Уулын зориулалттай унадаг дугуйгаар УБ Гүнжийн сүм УБ чиглэлд 230 км жийсэн аяллын тэмдэглэл
Ням гараг дөнгөж гаргаад буюу шөнийн 00:00 цагаас хойш хорь гаран минутын дараа гэрээсээ гарч дугуйгаа хөлөглөн жийсээр Мэлхий хадны замын уулзвар дээр шөнийн 03:40 цагт очиж дөрөө мултлав. Энэ бол 23 цагт 230 км жийсэн аяллын маань ердөө эхний 3 цаг, 60 км нь л байлаа. Одот тэнгэр тодоос тод харагдаж, үүр цайтал ахиад нэлээн хэдэн минут дутуу. Ийнхүү шөнө дөлөөр шувууны жиргээ болон нохдын боргох дуунаар хөгжим хийж, хааяадаа таарах машины гэрлээр алсын замаа баримжаалж, хэдхэн метрт тусах дугуйн чийдэнгээр түнэр харанхуйг зүсэн жийсэн нь учир шалтгаантай.
Баасан гарагийн үдэш Гүнжийн сүм уруу хоногийн аялал хийхээр зэхэж буй УУДАГ-ын хэдэн нөхдийнхөө групп чатыг хааяа хааяа хялам хийнгээ маргаашийн ажилдаа бэлдэж сууна. Нөгөө хэдийн маань бичих чат тэгсхийгээд татрав. Энэ нь маргааш болон нөгөөдрийн урт аяллаа амжилттай хийхийн тулд нойр авч буй явдал бололтой. Хийж байсан ажлаа дуусгаад группийнхээ админд шөнийн жийлт хийгээд очих санаатай байгаагаа чатаар биччихээд унтав.
Бямба гараг Өнгөрсөн шөнө нэлээн "суусан" тул өглөө аажуухан босов. Аажуухан ч гэж дээ өглөөний 08:00 цаг бага зэрэг өнгөрөөв. Харин манай эхнэр УУДАГ-ын өдрийн аялалд явахаар эртлэн босоод гарсан байв. Аяллын пруппынхан маань Тэрэлжээс шууд буцах өдрийн аялал ба Тэрэлжээс цааш жийж Гүнжийн сүм хүрэх хоногийн аялал гэсэн байдлаар өдрийн болон хоногийн аяллыг хамтатган товлосон байсан юм. Ингээд тухайн өдрийн төлөвлөгөөт ажлаа хийхээр компьютерээ асаав. Бас УУДАГ групп чатаа шалгав. Админ ах "Замаа сайн мэднэ биз дээ, гэрэл гэгээ сайтай яваарай." хэмээн захисан байв. Хариу биччихээд гишүүдийн оруулсан зургуудыг үзэж эхнэрээ нүдээрээ хайв. Харагдахгүй болохоор нь "Мөнгөө маань очсон болов уу?" хэмээн лавлав. Группын идэвхтэн гишүүн Золзаяа манай хүнийг очсон гэдгийг мэдэгдэж сэтгэл амраав. За ингээд өдөржин ажлаа хийсээр, чат харж аяллын явцыг сонирхсоор суув. Тэгсээр ажил дуусаж хоол унд, аяллын бэлтгэл гэж байтал манай хүн ч ирэв. Ядарсан бололтой. Хооллож ундлаад нам унаад өгөв. Намайг явахаасаа өмнө жаахан унтаач гэсэн ч миний нойр огт хүрсэнгүй. УУДАГ-ын гишүүн Цолмонгийн "амьдрал 1, ажил 2, аялал 3-т гэдгиймаа." хэмээн хэлсэнчлэн эхнэр маань аялалдаа амжилттай яваад ирсэн тул амьдралд санаа зоволтгүй, тэр өдрийнхөө ажлын ард гарчихсан тул ажилд санаа зоволтгүй болж зөвхөн аялалдаа л анхаарч байв.
Гэрээс Тэрэлж суурин хүртэл
Яг гарахынхаа өмнө хоол идэж, аяга юм уув. Үүнээс өмнө дээд тал нь 120 км л жийж байсан учраас энэ удаад ийнхүү эцсийн мөчид энергийн нөөцөө ходоодондоо хийж байгаа хэрэг. Ингээд дугуйгаа авч, гэрийнхээ хаалгыг түгжээд, шатаар урам зоригтой гэгч нь дугуйгаа барин буугаад орцны үүдэнд дугйнхаа хурд хэмжигчийг асаахад 00:23 цаг болж байв. Хотын хөл хөдөлгөөн татарч, эл хуль болсон байв. За ингээд бие халаалтын жийлтээр эхэлж улмаар хурд, хугацаа баримжаалах жийлтдээ оров. Хоногийн аяллынхнаа гүйцэж очих төлөвлөгөөгөө тун нарийн бодож боловсруулсан юм. Ерөнхий төлөвлөгөө бол үүр цайхтай зэрэгцэн Тэрэлж хүрч улмаар 09:00 цагаас өмнө Гүнжийн сүмийн наахна отоглосон группынхан дээрээ амжиж очих гэсэн хоёр хэсэгтэй. Төлөвлөгөөний хоёр дахь хэсэг нэлээн хүнд зорилт байв. Яагаад гэвэл би Тэрэлж уруу өчнөөн явж байсан боловч голоос нь цааш огт гарч байгаагүй юм л даа. Тэгэхээр огт мэдэхгүй газраар, яг хаана буусныг нь тодорхой мэдэхгүй хүмүүсийг олж очих гэсэн хүндхэн даалгавартай болж байгаа юм.
Төлөвлөгөөний нэг дүгээр хэсэг ёсоор Найлахын Оргил худалдааны төв хүрч амсхийх, хэрэв гайгүй байвал Налайхын товчоо хүрэх ёстой байв. Гэвч шөнөдөө салхи ихэвчлэн тогтуун байдаг тул Налайхын Оргилоос цааш явж л таарах байх гэж дотроо төсөөлж байв. Манайхаас Налайх хүртэл 30 гаруйхан км байдаг тул замын энэ хэсэгт хурд, хугацааны тооцоо хийв. Олон км жийх учраас бас Тэрэлжээс Гүнжийн сүм хүртэлх замын хүндрэлийг огт мэдэхгүй учраас хүчээ нөөх байдалтай жийв. 00:23 цагт буюу эртхэн гарсан нь ч ийм учиртай. Нарны замаар хэсэгхэн яваад, Нарантуулын уулзвараар эргэж улмаар Дүнжингаравын замаар оров. Машин цөөн явна, өргөн, гэрэлтүүлэг сайтай, уулзвар цөөхөн хэмээн ийм маршрут зохиосон. Энэхүү маршрутаа дуусгаж Улиастайн гүүрээр гараад хуучин Баянзүрхийн товчоо хүртэл хуучин авто-замаар нь явлаа. За яг энд л түнэр харанхуй ямар байдгийг мэдэрч авав. Дугуйн чийдэнтэй яваад байж болохоор ажээ. Тэр замын төгсгөлд гүүр өнгөрөөд л байж байх овоолоостой шороон хаалт уруу мэдсээр байж яваад орчих шахав. Гэхдээ тоормос сайтай дугуйтай байхад юу алзах вэ дээ. Хурдаа бага зэрэг хасаад хажуугаар нь тойрч жирийлгээд гарав. Цааш үргэлжлүүлэн Баянзүрхийн товчоо Налайх чиглэлд жийхэд унадаг дугуйн замтай, тэр нь гайгүй тэгш толигор нь тун тааламжтай байв. Бас замын гэрэлтүүлэг сайтай болохоор хурд хэмжигчээ хааяа хааяа харж байв. За тэгээд Налайхын Оргил хүрэхэд огт амсхиймээргүй байлаа. Иймд цааш үргэлжлүүлэн зогсолтгүй жийсээр л байв. Налайхаар хөндлөн жийх зуур хэдэн охид хөвгүүд бас эрэгтэй эмэгтэй хоёр том хүн тааралдав. Тэр хоёрын нэг нь болох эмэгтэй хачин муухай дуугаар над уруу хашгирахад юу хэлсэн нь огт ялгарч сонсогдсонгүй. Дууных нь өнгө түүнийг согтуу гэдгийг илтгэнэ. Тэгээд Налайхын цэргийн анги хүрэхэд замын гэрэлтүүлэг ч дуусаж жинхэнэ түнэр харанхуй уруу оров. Одоо надад тэр хавийн нохдын боргох дуу л хань болж үлдлээ. Бас түнэр харанхуйн дундуур шувууны жиргээ хаа нэгтээ сонсогдох нь сонин. Ийнхүү хэсэг жийгээд Налайхын товчоо хүрэв. За энд шалгааж, байцаах байхдаа гэтэл огт ийм юм болсонгүй. Хүн байгаа эсэх нь ч үл мэдэгдэх тэрхүү товчоогоор нэвт гарч цаахна нь байх уулзварт дөхөж очив. Яг тэр үед Тэрэлж талаас машин ирж зам хаашихнаа салж байгааг илтгэсэн боловч дугуйн жижиг гэрлээр уулзварыг бүхэлд нь баримжаалахад хүнд байв. Гэгээн цагаан өдөр машинаар явж байхдаа яагаад ч юм бүү мэд Тэрэлж уруу салахдаа би хачин даялж ороод байдаг юм. Энэ удаад ч бас даялаад л орсон.
Одоо хэсэг зууртаа анхаарал татах юу ч байхгүй тул халаасандаа хийсэн жижигхэн чийдэнг гаргаж хурд хэмжигчээ харж хурд болон цаг харж явав. Ганцаараа яваа үед хурд хэмжигч л замын хань болдог юм л даа. Харин харанхуйд энэ маань олигтой хань болдоггүй ажээ. За тэгээд түнэр харанхуйд дэлхий ертөнцийг унадаг дугуйны жижиг гэрлээр харж явахад зөрж өнгөрөх эсвэл гүйцэж түрүүлэх машины гэрэл тун ч дэмтэй юм. Жижиг тэрэгтэй явж байхад өөдөөс машин ирэхэд гялбаад хэцүү байдаг бол дугуйтай явахад тэгдэггүй ажээ. Тэрэлжийн замд хоёр давааг шороон замаар давдаг даа. Яг энэ үед шөнө буюу машины хөдөлгөөн багатай үед яваагийн хэрэг гарав. Нийтдээ гурван машин тааралдаж шороонд тун гайгүй дарагдсан. Эхний давааг давж Туулын гүүр уруу орохын өмнөхөн өөдөөс явсан нэг этгээд гүүрэн дээр гүйцэж түрүүлэх тун эвгүй үйлдэл хийж, гүйцэгдэж буй хүнд даацын машины жолооч сигналаа айхтар дуугаргаж анхааруулга өгөв. Би ч бас тэрхэн зуурт хоёр дахь гэрлээ асаан дохио өгч амжсан. Хэрвээ би дугуйтай биш машинтай явж байсан бол тэр этгээд лавтайяа осол гаргах байсан. Харин унадаг дугуй маневр сайтай, машин шиг замын хажуу уруу гулгаад орчихгүй тул аюул осолгүй өнгөрөв.
Туулын гүүрээс цааш тоймтой газар гэвэл агуйтай хад л юм даа. Гэвч хэрвээ нэг бүрчлэн мэддэг бол замын хоёр талаар хөврөх амралтын газрууд газрын баримжаа хангалттай өгөхөөр юм билээ. Байсхийгээд л амралтын газрын гэрэл харагдана. Ийнхүү жийсээр агуйтай хад хүрэхэд зогсмоор санагдсангүй. Шөнө жийхийн давуу тал байдаг ажээ. Халууцах явдал байхгүй. Агаар тогтуун, салхи хамаагүй зөөлөн. Ийнхүү ядрахгүй, өлсөхгүй, цангахгүй тул нэг хэмээр зогсолтгүй жийсээр л байв. Цагаа оновчтой төлөвлөсөн тул яарч давхих ч шаардлага алга. Уруу газарт ч хурдалсангүй. Хэрвээ хурдалбал бүр долоон дор юм болж жиндэж мэдэхээр байв. Учир нь дугуйн гэрлээр л замаа харж яваа тул хэт хурдлахгүй хэмээн шөнийн сэрүүн өдрийн халуун хоёрыг дундажлан хувцсаа сонгож өмссөн байв. Үүнд бас мэдээж цаг агаарын байдлыг харгалзаж үзсэн. Хэрвээ хүчтэй салхитай, хур тунадастай байсан бол яалаа гэж ийнхүү жийж явах билээ.
Тэрэлжийн зам дагуу байдаг агуйтай хаднаас цааших олны мэддэг тоймтой газар гэвэл Мэлхий хад биз ээ. Олон удаа явж байсан зам аргагүй л түшигтэй юм. Одоо үүний дараа зам нь иймэрхий байдаг гэх мэтчилэн төсөөлөгдөнө. Тийнхүү замаа төсөөлөх нь ядраагүй, өлсөөгүй, цангаагүй ийм үед үнэхээр зохимжтой ажээ. Тэгж явтал амьтай голтой хэдэн юм таарсан нь замын хажууд тамхи баагиулан зогсох гурван эр байв. Хар шөнөөр юугаа хийх гэж тэгж зогсож байгааг нь бүү мэд. Тэр гурав ч бас намайг хараад юу гэж бодсоныг бүү мэд. Тэр гуравтай яг зөрөх үед хойноос машин ирсэн тул гэрэлд нь тов тодохой харагдаж байв. Энэ гурваас гадна Баянзүрхийн товчоо өнгөрөөд хэсэг явсаны дараа хэдэн золбин нохой тааралдсан юм байна. Хотын нохой гэсэндээ намайг огт тоогоогүй. Харин хөдөөний ноход юм үзээгүй гэлтэй элдэж хөөх нь ядаргаатай юм билээ. За энэ талаар зохих хэсэгт нь бичье. Төд удалгүй Мэлхий хад уруу салсан замын уулзварт хүрч очив. Энэ үед цаг 03:40 болж байв. Энэ нь гэрээс гарч хөдөлсөнөөс хойш 3 цаг 10 гаран минут л өнгөрсөн гэсэн үг юм. Үүр цайх хараахан болоогүй байв. За ингээд төлөвлөгөө ёсоор үүр цайгаагүй буюу харанхуй үед Тэрэлж сууринд хүрч очиж болохгүй тул энд түр зогсов. Хэрэв Тэрэлж сууринд харанхуйд очвол цааших замаа сайн мэдэхгүй тул явж чадахгүйн дээр голоор гарах гүүрээ ч олохгүй будилж тэр зуурт даарч ч мэдэх юм гэж бодсон. Мөн энд зам дээр бичсэн бичээс байсан юм л даа. Тэр бичээсийн зургийг дарах зуурт хором мөч дороо талийна гэж бодсон. Ер нь хэдхэн кадр зураг буулгахын зуурт маш их хугацаа өнгөрсөн байдаг юм л даа. Ингээд халуун юм балгаж, хөнгөн юм жаахан идээд дээр буй зургийг буулгав. Гүнжийн сүмийн зураг буулгах гэж зургийн аппарат үүрч гарсан юм л даа. Уг нь зам зуурт буулгаж үлдээмээр өчнөөн зүйлс байсан ч зургийн аппарат гаргаж ирэх, зохимжтой байдлаар зураг дарах, буцааж цүнхлэх хооронд маш их хугацаа өнгөрөх тул өөр илүү дутуу зураг буулгаагүй. Учир нь Тэрэлж суурингаас Гүнжийн сүм хүртэлх аяллын хэсэг цаг хугацаагаар хашигдсанаас гадна мэдэхгүй зам, очиж үзээгүй газар харин группын нөхөдтэйгээ уулзсан хойно тэр хэдийнхээ темпээр явах тул зураг дараад зогсоод байх боломж байсангүй. Үнэхээр Гүнжийн сүмийн хэдхэн зураг дарах зуурт цаг хугацаа талийж өгсөн нь үүний нэг нотолгоо юм. Ингээд дээрх зургийг буулгаад жаахан юм идэж уугаад цааш хэсэгхэн явтал үүр цайх дөхөж байгаа нь мэдэгдэв. Тэрэлж уруу дөхөм тусам гэгээ орж замын хоёр талаарх байгалийн үзэмж харагдаж эхлэв. Ийнхүү Тэрэлж сууринд очиход гэрэл асааж явах шаардлагагүй болж бүх юм тов тодорхой харагдаж эхлэв.
Тэрэлж суурингаас Гүнжийн сүм хүртэл
Гүнжийн сүм хүртэл аялсан хүмүүсийн тэмдэглэлээс модон гүүрээр гардаг гэсэн мэдээлэл олж авсан. Харин тэр гүүр хаана байдгийг нь Google Map дээрх хиймэл дагуулаар авсан зургаас харсан. Тийнхүү харахдаа нэг биш хоёр гүүр байгааг олж мэдсэн. Харин яг газар дээрээ бүр олон гүүрээр гарсан. Ямар ч байсан ус огт туулалгүйгээр голын нөгөө талд гарсан. Харин мэдэхгүй хүнд эхэлж гарах гүүрийг олоход хүнд юм билээ. Учир нь хамаа намаагүй хашаалсан хоёр амралтын газар, зочид буудалтай холбоотой. Тэр хоёрын "шавран" хашааны өчүүхэн, хоёр хүн зөрөхөд бэрх зай завсраар явж байж голоор гарах гүүр уруу очдог юм билээ. Анх тэр завсрыг анзаарсан боловч "за ийм ч гудам гэж юу байдаг юм" хэмээн цааш давхин одсон билээ. Тэгээд цаагуур наагуур нь өөр зам хайсан боловч тийм юм огт байсангүй. Айлын нохой хуцуулан барин сайхан хэрж давхисан. Тэгтэл суугуул бололтой нэг хүн алхаж яваа харагдав. Уулын дугуйтай юм чинь харваж очоод мэнд мэдэн зам асуутал маш тодорхой хэлж өгөв. Ингээд буцаж жирийлгээд нөгөө хачин завсраар гартал төмөр гүүр харагдаж байна. Нөгөө хүнээс хойгуур нь эсвэл урдуур нь тойроод тэр гүүрэнд хүрч болох уу гэтэл "Их тойрно. Дэмий байх." гэсэн тул хачин муухай хоёр хашааны заагаар тийнхүү гарсан. Төмөр гүүрээр гарахад дараагийн модон гүүр болон бусад жижиг гүүр аяндаа харагдана.
Гол гарсаны дараа баруун гар тийш эргэн зүүн зүг уруу олон салаа замын аль дуртайгаараа явж болно. Нэг талаас гол, нөгөө талаас уул хаших тул тэр замууд хэчнээн салааллаа ч эргээд л нийлнэ. Гол дөнгөж гараад хэсэгхэн явсаны дараа гурван нохойд нэлээн удаан хөөгдсөн. Бас замд таарах Баруун Баян голын наахна хоёр хүн гэрийнхээ гадаа байж байхаар нь замаа лавлаж асуухаар очихдоо нохойд нь бас хөөгдөн алдсан. Хэрэв эзэн нь нохойгоо хориогүй бол ахиад л баахан хөөгдөх байсан биз. Хэрэв та газрын баримжаа сайтай бол Google Map болон өөр хүмүүсийн аяллын тэмдэглэлээс Гүнжийн сүм хүрэх маршрут харуулсан янз бүрийн газрын зураг хараад явж болно. Харин баримжаа муутай бол салаалсан замуудын зүүн гар талыг сонгоод явахад болно. Гэхдээ тэр хавьдаа л огцом өгсүүр байвал түүгээр орох хэрэггүй. Мөн айл уруу очих гэх мэтчилэн зүүн гар тал уруу салаалсан замууд бий. Ер нь уулын жижиг ам уруу сална гэж байхгүй. Яг Гүнжийн сүм уруу салаалах замын уулзвар дээр гурван тийш сум зааж тэмдэглэсэн шон бий. Сум заасан зүг уруу салсан замаар уулын ам уруу орох бөгөөд хэсэгхэн явахад ус, шавар, горхи болон түүнийг дагасан торлог харагдана. Түүнийг Гүнжийн сүм хүрэх замд байдаг торлогтой андуурч болохгүй. Би нөгөө хэдийгээ хаана бууцгаасныг мэдэхгүй тул тийшээ орж нааш цааш харж хэдэн удаа орилж үзээд чимээ аниргүй байсан тул тэндээс гараад цааш явсан. Ядаж байхад тэр дундуур машин олон дахин явсан тодоос тод зам мөртэй. Тэр нь үүгээр яв гэсэн юм шиг зурайна аа. Ийшээ орох болсон өөр нэг шалтгаан ч бий. Аяллын төлөвлөгөө дээр Гүнжийн сүм хүрэлгүй отоглож хоноод маргааш нь ачаагүй дугуйтай явцгааж Гүнжийн сүмд хүрнэ гэж байсан тул майхан сэлтээ тиймэрхүү газарт хүний нүднээс далд босгосон байж магадгүй хэмээн муу санаалсан юм л даа. Дээр дурдсанчлан Гүнжийн сүм уруу явж байгаагүй тул энэ мэтчилэн дэмий зүйлд сатааран нэлээн олон минут алдсан. Сүүлдээ 09:00 цагаас өмнө олж очиж чадахгүй бол ерөөсөө Гүнжийн сүм уруу яваад байхад тааралдахгүй яадаг юм хэмээн эрс хатуу шийдэв. Тэгээд өнөөх төөрч орсон торлог дотроо хуурай өвс дээр сууж жаахан юм идэж уув. Үүнээс өмнө нар мандаж байх үед амсхийж юм идсэн. Ийнхүү Тэрэлж суурингийн явган гүүрээр гол гарсанаас хойш хоёр дахиа амсхийж аваад хойд талаар өнгөрсөн тод зам уруу орж хэсэг жийхэд дүнхийсэн том хад, хадны наана амралтын газрынх гэмээр гэрийн бууриуд харагдав. За иймэрхүү тоймтой газрын ойролцоо бууцгаасан байж ч магадгүй. Үүнийг тойроход нэг учир ургах вий хэмээн бодсоор өнөөх дүнхийсэн хадны урдуур ороогоод хойш эргэтэл бөөн майхан. 09:00 цагаас өмнө олоод ирлээ дээ гэтэл...
Майхнуудын гадаа хүн алга. Дугуй ч алга. За өөр хүмүүс юм байлгүй дээ гэх гэтэл хоёр дугуй харагдаж байна. Тэгэхээр манайхан мөн байх өндөр магадлалтай болоод явчихаж байгаа юм. Жийгээд очтол нэг майхнаас хүний яриа сонсогдож байна. Очоод мэнд мэдээд учраа олов. Нөгөө хэд маань нэлээн түрүүн сүм уруу хөдөлсөн гэнэ. Харин тэнд байсан хоёр залуу майхан сэлтээ харж үлдсэн юм гэнэ. "Өө товлосон цагаа баримтлахгүй юм бол яах гэж төлөвлөгөө гаргадаг байна аа." хэмээн тэрхэн зуурт бодовч "За энэ хэд ч шөнө даараад олигтой унтаж чадаагүй биз. Тэгээд өглөө эрт боссон хүмүүс хийх байхаа олж ядсандаа сүм уруу явцгаасан байх нь ээ." гэсэн бодол залгав. Ингээд нөгөө хоёроороо зам заалган Гүнжийн сүм уруу хөдлөв. Зам нь бараг өөрөө хөтлөөд л Гүнжийн сүмд хүргэх юм билээ.
Гүнжийн сүм уруу дугуйгаар аялж буй хүмүүст эсвэл зам халхалсан торлогийн наана дугуйгаа орхиж явах эсвэл шавар дундуур туучих гуталтай очих гэсэн хоёр сонголт санал болгоё. Цааш дугуйтай явахын давуу тал бараг гарахгүй юм билээ. Яг энэ хэсэгт автомашин гэгч унаа газрын хөрсийг ямар аймшигтай эвдэж сүйтгэдгийг харж дургүй ч хүрэх шиг.
Сүмийн яг наана баахан шавар туучдаг гэсэн мэдээлэл интернэтээс олж үзсэн тул шавар, усанд тохирсон гутал өмсөж гарсан нь зөвхөн энд л давуу талаа харуулав. Харин замын бусад хэсэгт үнэндээ л гай болсон. Энэ тухай зохих хэсэгт нь бичье. Шавар, торлогийг яаж давж гарах учраа олохгүй эхэндээ их будилсан. Тэгж явахад унадаг дугуй унаа болохоосоо илүү тээр саад болж байв. Тийнхүү будилж будилж торлогоос гарахын даваан дээр манай хэд өөдөөс хүрээд ирцгээв. Мэнд мэдэнгээ үлдсэн замын урт болон ерөнхий байдлыг мэдэж аваад цааш явав. Торлогоос гараад өгсөж очно гэсэн ч надад лав сүйдтэй санагдсангүй.
Гүнжийн сүм
Торлог, шавар хоёрын завсарт нэлээн будилсан тул цаг нэлээн явжээ. Бас очоод хэдхэн зураг дарах зуурт 30 шахуу минут болчихож байгаа юм. Тэгээд л нөгөө хэдийгээ хүлээлгээд байлтай биш гээд яаравчлан буцсан даа. Харин буцахдаа тун хурдан явав. Туршлагажсан юм байлгүй. Гүнжийн сүмд бага үдэд очсон тул нарны шууд, хурц тусгал зургийг ёстой алахаар байв. Хурц нар ба гүн сүүдэр гэсэн маш таагүй нөхцөлд зураг авч буй тул "шот" нэг бүрчлэн аппаратаа тохируулж байв. Бүрэн manual тохиргоогоор зураг дардагийн ашиг тус энд л гарсан даа. Тухайн үедээ "тест шот"-уудаа хасаад 11 зураг авлаа гэснээс 2 нь шаардлага хангаагүй буюу 9 зураг үлдэв. Тэдгээр 9 зургийн тавыг нь танд сонирхуулаад үлдсэн дөрвийг нь хувийн архивтаа "жоорлолоо". Ийнхүү "шот" нэг бүрчлэн тохиргоотойгоо ноцолдохоос гадна цаг давчуу байсан тул композицийн эрэл хайгуул олигтой хийж чадсангүй. Гэвч УУДАГ-ын нөхөд маань жил бүр ийшээ аялдаг болохоор энэ ёстой "ничего" л байна. Харин хар шөнөөр гараад 09:00 цагаас өмнө амжиж ирэх гэсэн зорилгоо биелүүлж чадсан буюу группын админдаа "Шөнийн жийлт хийгээд очих санаатай байна." гэсэн үгээ бодит үйл хэрэг болгосондоо туйлын баяртай байна.
Буцах зам
Гэртээ харих хүртэл бас л бөөн адал явдалтай учирсан. Салхи сөрөх, голын гармаар дугуйтай гарах зэрэг явдал мэдээж байсан. Харин миний хувьд шавар шавхайд алзахгүй хэмээн өмссөн гутал маань хөлийн тавхай нухаж өвтгөөд түүнээс нь болж хагас дутуу жийж явав. Ямар сайндаа л хоёр залуу хүү "Хөлөө нэг л сонин тавьж жийгээд байна." гэж байх вэ дээ. Тэгэхээр хол зайд жийх бол аль болох хөлд эвтэйхэн, зөөлөн гутал өмссөн нь дээр юм байна. Өөр нэг таагүй явдал гэвэл Гачууртын эцсээс Улиастайн гүүр хүрэх замд бөөн машин түгжирч зогсоод баахан утай май тавьсанаас нь болж дотор муухайраад бөөлжис цутгасныг хэлж болох юм. Өчнөөн цагаар цэвэр агаарт явж байгаад машины утаа үнэртэхээр бие организм эсэргүүцэж байгаа нь л тэр биз ээ. Ер нь хөдөөнөөс хотын утаа уруу орж ирэхэд дотор муухайрдаг нь ганц энэ биш л дээ. Яг энэ үед аяллын төгсгөлийн цэгт хүрсэн гэж үзээд нөгөө хэдээсээ тусдаа явсан нь оносон. Тэгээгүй бол хамт жийж яваа хэддээ түвэг болохгүй юу.
Буцах замын хамгийн гоё хэсэг бол Тэрэлжийн гүүрээс баруун тийш байх уул ба Туул голын хөвөө дагасан нарийн зурвас зам байсан. Яг л YouTube дээрх бичлэгүүдэд гардаг cross country зам шиг. Эвгүйтвэл голын усанд унаж мэдэхээр. Тэр замыг ерөнхийдөө давгүй туулсан боловч нэг удаа хэтэрхий хаширлаж том араандаа хийснээс болж хий эргүүлээд хойно явсан хоёр хүнд "шавар болох" шиг болсон.
Тэрэлж сууринд зарим гишүүдийн аяллыг саналаар нь эсвэл админы шийдвэрээр "хүчээр" дуусгаж машинаар хот уруу явуулсан. Ийнхүү замаа заавал жийж дуусгана гэсэн шийртэй нөхдүүд үлдсэн тул нэн ялангуяа засмал замын уруу дээр чирэгдэх талдаа явав. Манай хэд "Шөнө нойргүй жийгээд ядарч байгаа байлгүй." хэмээнэ. Анх удаагаа нэг дор ийм олон км жийж байгаа болохоор ядарсан л даа. Гэхдээ гутлаа буруу сонгосны гайгаар хагас дутуу жийж тамираа барсан тал бий байх. Харин шороон замд дугуйныхаа хүчээр яваад байлаа. Гэхдээ элс зэрэг шинэлэг зүйл овоо саад бэрхшээл болж байсан. Миний хувьд хайрга чулуу дээгүүр л явж байснаас сул элс дээгүүр явж байгаагүй тул туршлага дутаж хэд хэдэн удаа саатаж зогссон. За тэгээд элсэрхэг зам дуусахад Гачууртын гэр хороолол залгав. Гэр хорооллын шороон замаар цаашлах тусам явах машин олширч тоос шороо нь хэрээс хэтрэв. Эхэндээ нөхдийнхөө сүүл хавьд жийж явсанаа сүүлдээ машины тоос шорооноос болж баахан бухимдсандаа "Үүнийг түргэн дуугая." хэмээн өөртөө хэлж түрүүнд яваа хэдэн залуустай хамт давхисаар Гачууртын эцэс хүрэв. Хэрэв тэр хавийн замыг мэддэг байсан бол хамгийн түрүүнд нь ч хүрч мэдэх л байсан байх.
Ийнхүү явсаар гэртээ ирэх үед гэрээсээ гарсанаас хойш нийтдээ 23 цаг өнгөрсөн байв. Харин унадаг дугуйны маань хурд хэмжигч туулсан нийт замын уртыг 231 км гэж зааж байв.
Төгсгөл
Ийнхүү нэг удаадаа 120 км жийж байсан хувийн амжилтаа 230 км болтол огцом ахиулсан жийлт маань адал явдал, дурсамж дүүрэн болж өнгөрлөө. Үүний зэрэгцээ өөр нэг баярт үйл явдал тохиосон нь УУДАГ-ынхаа Ногоон тэмдэгт гишүүний болзол хангасан явдал байлаа.
Умард өмнөд гэх энэхүү тэмдгийг группын аялалд хамрагдаж 1259 км зам туулж байж авдаг бөгөөд энэхүү зай нь Монгол улсын газар нутгын хамгийн хойд захын цэгээс хамгийн өмнөд захын цэг хүртэлх зай юм. Өөрөөр хэлбэл группын гишүүдтэй хамт улсынхаа хойд захаас өмнөд зах хүртэл аялсан гэсэн үг юм. Харин дараагийн тэмдгийн болзол нь баруун цэгээс зүүн цэг хүртэлх зай байна. Энэ мэтчилэн тэмдэг бүр өөрийн гэсэн утга учиртай. Гоё байгаа биз.
Эцэст нь зүгээр л жийх боломж олгодог, УУДАГ-ын админ Э.Ожго танд талархал илэрхийлье.