www.galaa.net шинэ домэйн нэртэй болов
13 жил ашигласан MN домэйн нэрээ орхиж galaa.net домэйн нэр рүү шилжсэн нь
MN домэйн galaa.mn домэйн нэрийг 2010 онд Датаком-оор дамжуулан авч байжээ. Ингээд төлбөрийг нь тасралтгүй төлж 2024 оны 5 сар хүртэл сунгачихаад байх үедээ буюу 10 сарын хугацаа үлдсэн үед нь galaa.net домэйн нэр авлаа. Энэ нь аль 9 жилийн өмнөөс "Анхнаасаа л com домэйн нэр авдаг байж дээ" гэсэн бодлыг эцэслэсэн явдал боллоо. Веб хөгжүүлэлтийн талаар жаахан дөртэй болсон хойноо galaa гэсэн нэрээр com домэйн хайхад гадны хэн нэгэн аваад мөнгө нэхээд хэвтчихсэн байж билээ. Хэзээ авсаныг нь нягталж үзтэл mn домэйн авч байх үед аваагүй буюу анхнаасаа com домэйн нэр авах боломжтой байсан юм. Харин mn домэйнээс татгалзах болсон шалтгаанаа энд тоочоод яах билээ гээд бичилгүй үлдээе.
COM ORG NET домэйн Хэрэв боломжтой байсан бол com домэйн авах л байлаа. Гэхдээ л ...
- Дамын үнээр galaa гэсэн нэрээр com домэйн авах хүсэл төрсөнгүй.
- galaa гэдгээс өөр нэрээр com домэйн авч болох байсан ч үүн шиг хувийн веб сайтад өөр зохимжтой нэр алга гэж үзэв. Жишээлбэл makhgal.com домэйн нэр чөлөөтэй байвч хүмүүст "х" үсгийг нь "kh" гэж бичнэ шүү гэхээс түвэгшээсэн гэх мэтчилэн шалтгаан бий.
Ингээд өргөн тархсан дээрх гурван домэйнээс net-ийг сонгов. Ер нь com-ыг маш өргөнөөр сонгож ашигладаг гэдгийг эс тооцвол com = commercial, org = organization, net = network гэсэн үгний товчлол бөгөөд анх яг энэ утга агуулгадаа тохирсон үүрэг зориулалтаар ашиглагддаг байсан тул эдгээр гурван домэйн нэрийн ялгаа алга хэмээн үзэв.
Домэйн нэр сольсонтой холбогдуулан хийх илүү дутуу ажил Мэдээж энд тэнд буй www.galaa.mn домэйн нэрсийг www.galaa.net болгож солино. Бас зарим нэг веб сайт дахь galaamn гэх мэтчилэн mn оролцуулж өгсөн аккаунтын нэр буюу хаягийг сольж өөрчлөх ажил бий. Гэхдээ сүүлийн үед аккаунтын нэрийг makhgal.ganbold гэх мэтчилэн өгдөг болсон тул энэ нь их ажил болохгүй.
Хуучин домэйн нэр дээрх веб хуудсуудыг шинэ домэйн нэр дээрх хуудас руу чиглүүлэх
<IfModule mod_rewrite.c>
RewriteEngine On
RewriteCond %{HTTP_HOST} ^galaa.mn$ [NC,OR]
RewriteCond %{HTTP_HOST} ^www.galaa.mn$
RewriteRule (.*)$ https://www.galaa.net/$1 [R=301,L]
</IfModule>