Давааны орой өөд тэмүүлэхийн учир
Уулын унадаг дугуйгаар яагаад зүгээр ч юм шиг, зүгээргүй ч юм шиг жийх тухай нэгэн бодрол
Замд үргэлжлэн хөндөлсөх уулсыг давж болох, намссан нуруу газрыг даваа гэдэг. Хэдийгээр намссан газар боловч уул л давах зам учраас налуу өгсүүрийн ачаалал дээр дугуй шарваж жолоодлого хийгээд хүч алдуулах нь биеийн тэсвэр, сэтгэлийн тэвчээрийг ёстой л шавхах лугаа болно. Ийнхүү шавхаад байхад л нөхөн сэлбэсээр, давааны орой руу тэмүүлсээр ...
Одоо хэдхэн жийхэд л гарлаа даа гэсээр аль түрүүнээс харагдсан тэр нэг цэгт жийж хүрэхэд уул хошууран, зам мурилзан улам өөдөө чиглүүлэх нь эхэндээ урамгүй ч тэрхэн дороо илүү өндөрт гарах бадрангуй хүслээр солигдоно.
Давааны өгсүүрт хамт жийх дугуйчдын зарим нь шууд хоцорно, зарим нь замын дунд гүйцэгдэнэ, зарим нь шилбэ тавхайгаа гялалзуулан жийсээр урагш тасран холдоно. Хоцорлоо гээд шантрахгүй, гүйцлээ гээд бардамнахгүй. Аялал алгасалгүй жийгээд л байвал аяандаа гүйцдэг болно. Өөртөө цаг гаргаж жийхгүй бол нэг л мэдэхэд хоцордог болно. Гүйцсэн нэгээрээ бахархана, сайжирсан нэгээ урамшуулна, муудсан нэгээ аялал алгасалгүй жийхийг ятгана.
Жийн жийсээр давааны оройд гарахад төрөх мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд хэцүү ч эвлүүлж хэлэлгүй үлдээж орхиж огт чадашгүй. Хэн бүхний амны уншлага болох өөрийгөө яллаа гэх сэтгэгдэл наад захынх нь юм. Давааны оройгоос уруудах зам, саяхан туулж өнгөрсөн бас удахгүй бууж очих уулын ам, уужим хөндий хийгээд эргэн тойрон хүрээлэн харагдах өндөр уулсын бараа зэрэг рүү нүд бэлчээн, тэртээх уулсыг даван урссаар ирэх цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, өндөрлөг газрын сэрүүхэн сэвшээ салхинд сэрүүцэн зогсохуйяа өнгөрч буй долоо хоногийн ажлын алжаал тайлагдан бие сэтгэлийн жаргал эдэлнэ. Ингээд ч болоогүй ээ. Хоцорсон нэгнээ хүлээнгээ сонирхол ижил нөхөдтэйгээ унадаг дугуй, унадаг дугуйн аялал, дугуй унах тухай халуун яриа өрнүүлнэ. Улс төр, түүх, элдэв хов жив ярихгүй. Ийнхүү зөвхөн хийдэг зүйлээ л ярих тул хошуу нэмэрлэхгүй байсан ч чихээ дэлдийлгэн сонсоно. Аль эсвэл даваанаас эргэж буцан доошлоод бүсгүйчүүдийнхээ дугуйг давааны оройд гаргаж өгөх юм уу алсын бараагүй хаягдсан хэдээ угтан очиж цуваа цоожлон өөрт амтагдах хүч бяраа хамт жийх багийн нөхөддөө зориулна. Аль эсвэл давааны оройд гарч ирүүтээ тамир нь тасраа юу гэлтэй газар унаж тэрий хадна.
Яг үнэндээ ингээд хэвтэцгээж буй дугуйчид л хамгийн сайхан мэдрэмжийг авч буй болов уу. Иймдээ ч чухам үүнд л шунан Долоон давааны сорилго руу тэмүүлцгээдэг юм.
Долоон даваа давсаны дараах мэдрэмж хоёр талтай. Нэг талаас "За ямар ч байсан давлаа даа" гэж сэтгэл уужран, хамаг биеэ хөсөр хаян амарч хэвтэх бол нөгөө талаас Долоон давааг ядах юмгүй давчихаад, бүр өөртөө хатуу цагийн хязгаарлалт тавьж түүндээ хүрчихээд, нэмээд ч давах бие сэтгэлийн нөөцтэй үлдчихээд жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдрэнхэн байх явдал юм. Ийм бахдам сайхан нь байтугай арай чүү давах хэмжээнд ч шууд хүрдэггүй. Хурдан хүрэх гэж яараад ч нэмэргүй. Харин гагцхүү дугуйчин олонтойгоо хамт улирал жилээр нь аялал алгасалгүй жийн, замд таарах даваа бүрт өөрийгөө дасгалжуулснаар л энэ сорилгыг давах хэмжээнд хүрдэг.
Иймээс аялал алгасалгүй ЗҮГЭЭР Л ЖИЙ.