Stack Exchange vs. ChatGPT
Ubuntu Linux дээр тулгарсан нэг асуудлын шийдэл ба уг шалтгааныг олоход ChatGPT бус харин Stack Exchange ашиглахад хүрэв.
Асуудал
Лэптопныхоо дэлгэцийг автоматаар харанхуйлан улмаар унтарч, түгжигддэхээр тохируулсан нь Ubuntu Linux үйлдлийн системийн 24.04 сүүлийн хувилбар дээр дэлгэц эргэн асаж, нууц үг оруулах Lock Screen гарч ирэхгүй таг харанхуй чигээрээ байсаар байх явдал хааяадаа тохиолдон ажилд түвэг учруулах болсоор хэсэг хугацаа өнгөрсөн юм. Ийм үед лэптопынхоо дэлгэцийг хааж Suspend болгосны дараа дэлгэцээ буцаан нээж уг горимоос гаргах байдлаар тэр харанхуй дэлгэц гэсэн хүндрэлийг муухан аргалдаг байлаа. Энэ арга маань наддаа ёстой таалагддаггүй. Тэгээд "мэргэжлийн" түвшинд шийдэхээр бас үүндээ ChatGPT-ийг ашиглаж үзэхээр болов.
Асуудал шийдэгдэж эхлэв
Асуудлын шалтгаан хоёр, гурван янз байж болно гэж ChatGPT айлдав. Тэдгээрээс Display Manager гэсэн шалтгаан л миний нөхцөл байдалд ойр байна. Драйвер гэх мэтчилэн бусад нь огт хүртээлгүй байсан.
Тэгээд Display Manager-ээ солив. Элдэв янзын гажиг илэрсэнгүй. Доголдоод, терминалдахаас өөр аргагүй болж болох шүү дээ. Гэвч тэгсэнгүй.
Дагавар асуудал үүсэв
Ингээд л болчихлоо гэж бодтол Screen Lock товчлуур огт ажиллахгүй болсон байв. Бусад бүх shortcut ажиллаад байгаа мөртөө зөвхөн Screen Lock л ажиллахаа больжээ.
Үүний шалтгаан хийгээд шийдлийг ChatGPT-ээс янз бүрээр асууж үзэв. ChatGPT- хариулахдаа асуудлын шалтгаан юу байж болох, түүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг дэлгэрэнгүйгээр бүр 1-рт, 2-рт гэж алхам алхмаар хэлж өгөв. Тэдгээрийг анхааралтай уншиж, зааврын дагуу хийсэн ч асуудал эцэслэсэнгүй.
Уг нь dm-tool lock тушаалыг Custom Shortcuts руу нэмж лэптопны screen lock товчлуурыг ажилладаг болгосон л доо. Гэвч автоматаар түгжих функц ажиллахгүй байгаа нь анзаарагдсан юм.
Уламжлалт хайлтын систем ашиглав
ChatGPT нь интернэтэд буй материалыг л эвлүүлэн хариулт гаргаж өгдөг тул зүгээр л Google-дэж улмаар гарч ирсэн илэрцүүдээс хариултаа өөрөө уншиж олохоор шийдэв, эцэст нь.
Ингээд ChatGPT дээр бичсэн шигээ "Automatic Screen Lock doesn't work for LightDM display manager on Ubuntu 24.04." гэж бичин Google-дэхэд askubuntu сайтаас олдсон эхний илэрцийг дагуулан жагсаасан төстэй илэрцүүд дотор Automatic screen lock not working Ubuntu 20.04 гэсэн асуулт харагдав. Үүний хариулт дотор "Screen lock is disabled by default with lightdm on Ubuntu 18+ due security issues." гэсэн бичээс байх бөгөөд энэхүү хариултыг бичсэн байдал үнэмшиж болмоор гэдэг нь хэр баргийн Linux-чдэд тодорхой доо. Ийнхүү тус хариултад бичсэнчлэн Ubuntu үйлдлийн системийн үндсэн flavor-ийнх нь GDM3 display manager-ийн оронд LightDM display manager-ийг ашиглах гэсэн шийдвэрээсээ буцах шаардлагатай боллоо. Нэгэнт нууц үггүйгээр Lock Screen-ийг хаагаад шууд нэвтрэх боломж буюу цоорхой байгаа болохоор display manager солих байдлаар уг асуудлыг шийдэж огт болохгүй л дээ. Гэтэл ийм том НО-г ChatGPT огт хэлэхгүй байсан нь түүний гол дутагдал юм. Хариултыг чинь ингээд туршихад ийм явдал бол асуудал шийдэгдсэнгүй ээ гэж бичин чаталсаар байхад өөр арга сүвэгчилсэн хариулт гаргаж өгөхгүй байсан нь ChatGPT-ийн гол дутагдал байлаа.
Асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
ChatGPT бол ийм тийм гэх нь ч яах вэ дээ, хамгийн гол нь өнөөх асуудлаа яаж шийдсэн бэ гэж та асуух байх л даа. Энэ ч зүйн хэрэг. Ингээд энэхүү бичвэрээ жил хагасын дараа ахин нээгээд энэхүү сүүлийн хэсэгт хэдэн өгүүлбэр нэмлээ.
Би эхлээд "GDM3 миний лэптоптой нийцэж ажиллахгүй байна. Бас миний ашиглаж буй Ubuntu flavor дээр LightDM суулгахаар зөв ажиллахгүй байна. Иймээс үүнийг дефолтоор ажиллуулдаг Ubuntu flavor эсвэл ийм өөр Debian суурьтай Linux тархац руу шилжих юм байна." гэж бодож байсан. Гэхдээ л үйлдлийн систем солих байтугай fresh install хийхээс ч дургүй хүрээд байдаг юм л даа ... гэснээс 10 жилийн өмнө түрээслэн асаасан VPS сервер дээрх Ubuntu Linux үйлдлийн системийг upgrade хийсээр өдийг хүртэл тасралтгүй ажиллуулжээ... Ингээд эцэстээ GDM3-ыг буцаан идэвхжүүлээд харин Wayland-ын оронд Xorg дисплей сервер суулгаснаар асуудал шийдэгдлээ. Ямартаа ч хангалттай урт хугацаанд компьютерээ ашиглахад өнөөх асуудал огт гарсангүй. Тэгэхээр шийдэгдсэн л гэж үзэж байна даа.