Хичээл таслах нь ямар үр дагавартай вэ
Явцын дунд нэг л удаа чөлөө авч хичээлээ тасалдуулсан нь лекцийн сэдвийн бататгах асуултад хариулах байдалд хэрхэн нөлөөлсөн тухай
Манай оюутнууд лекцийн хичээлээр олж авсан мэдлэгээ сэдэв бүрчлэн авах тестийн шалгалтаар баталгаажуулдаг. Тус шалгалт нь ердийн тест мэт боловч бүх асуултыг зөв хариулж байж тестийг давдагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл ядаж нэг буруу хариулт илэрвэл ахин хариулна. Хариулах оролдлогын тоог хязгаарладаггүй бөгөөд бүх асуултад бүрэн зөв хариулбал тухайн сэдвийн оноог бүтэн авдаг. Шалгалтын ийм хэлбэр оюутны идэвхийг өрнүүлэх, хичээл зүтгэлийнхээ төлөө бүтэн оноогоо авах нь урамших мөн нөгөө талаас оюутан тухайн сэдвийн талаар буруу ойлголттой үлдэхгүй байх зэрэгт ач холбогдолтой гэж үздэг.
Энэ дашрамд дурдахад уг тестийн шалгалт нь дээр дурдсан онцлогоосоо шалтгаалан суралцагчдын дүнгийн шинжилгээний стандарт аргуудтай нийцэхгүй тул судалгаа шинжилгээний өөр арга эрэлхийлэх хэрэгтэй. Үүнийг загварчлахад ашиглаж болох статистикийн хамгийн зохимжтой модел бол олон хэмжээст урвасан бином тархалтын загвар юм. Тестийн нэг асуултад зөв хариулах оролдлогын тоог геометр тархалтаар загварчилж болно. Гэтэл тестийн ийм асуултууд нэг шалгалтад гэхэд л хэд хэд бий. Түүнчлэн нэг асуултад зөв ба буруу хариулах нь ерөнхийдөө бусад асуултаас хамаарахгүй гэж тооцох боломжтой. Үүний тулд илэрхий хамааралтай хоёр асуулт л зохиохгүй байхад болно. Ийнхүү тодорхой нэг асуултад зөв ба буруу хариулах байдлаар олон дахин оролдох нь Бернуллийн процесс үүсгэнэ. Хэрэв буруу хариултыг 0, зөв хариултыг 1 гэж тэмдэглэвэл ийм процесс жишээлбэл 0001000111001 гэж харагдана. Нэг тест олон асуулттай гэдгийг сая хэлсэн. Иймд өөр хоорондоо хамааралгүй ийм олон дарааллыг зэрэгцүүлэн авч үзэх бөгөөд уг олон хэмжээст, хамааралгүй Бернуллийн процесс нь бүх оролдлого бүгд нэгэн зэрэг амжилттай болтол (дан 1 гэсэн утга гартал) үргэлжилнэ. Ингээд нийт оролдлогын тоог авч үзвэл энэ нь өмнө дурдсан олон хэмжээст урвасан бином тархалттай санамсаргүй хувьсагч болно.
Одоо эргээд үндсэн сэдэвтээ оръё. Ингээд нэр бүхий нэг оюутны лекцийн сэдвийн тестийн асуултад бүгдэд нь зөв хариултлаа хэчнээн удаа оролдсоныг харъя.
| Сэдвийн дугаар | Асуултын тоо | Оролдлогын тоо |
| 1 | 6 | 2 |
| 2 | 6 | 2 |
| 3 | 6 | 2 |
| 4 | 6 | 1 |
| 5 | 5 | 12 |
| 6 | 5 | 78 |
| 7 | 5 | 4 |
Дээрх хүснэгтээс 5-р сэдвийн 5 асуулт бүхий тестэд хариулахдаа 12 удаа улмаар 6-р сэдвийн 5 асуулт бүхий тестэд хариулахдаа бүр 78 удаа оролдож үзсэн нь анхаарал татна. 78 удаа оролдож үзэхэд хүргэсэн уг шалтгааныг тус оюутны хариултын бүртгэл дээрээс шүүж үзэхэд тэр нь зөвхөн тус сэдвээр үзсэн нэгэн шинэ санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалтын загвар байсан. Энэхүү сэдвийн тестийг давахын тулд оюутнууд харьцангуй олон удаа оролдсон нь хариултын бүртгэлээс тодорхой харагдсан. Гэхдээ л уг оюутан шиг өмнөх сэдвүүдийн тестийг маш амжилттай давж байснаа ингэж огцом "муудсан" тохиолдол харагдахгүй байна. "Муудсан" хэмээн хашилтад бичсэн нь учиртай. Нэг учир нь дараагийн 7-р сэдвийн тестийг 4 удаагийн оролдлогоор давж чадсанд оршино. Хэрэв тус оюутан хичээлээ хаяж, үл ойлгох болж үнэхээр муудсан бол дараагийн сэдвийн тестийг бүр давахгүй шантарч ч мэдэх юм. Өөр бас нэг учир буй нь тус оюутан мөнөөх 6-р сэдвийн хичээл орох цаг дээр чөлөө аваад суугаагүй явдал юм.
Тэрхүү 78 гэсэн экстрем утгын тайлбар дунд хичээлд суусан бусад оюутнууд ч мөнөөх 6-р сэдвийн тестийг давахын тулд харьцангуй олон удаа оролдсоныг дурдсан билээ. Үүнийг багшийн зүгээс сэдвийн онцлог хийгээд багшийн заах арга барилтай бус харин бүх нийтийн амралтаас болж тасарсан хичээлийг нөхөн орсонтой холбож байна. Үнэхээр тус семестерт манай хичээлтэй Цагаан сарын баярын амралтын өдөр тохиож, төр засгаас бүх нийтээр амрах тушаал шийдвэр гарсаны улмаас нэг хичээл тасарсан билээ. Ийнхүү тасарсан нэг сэдвийг дараа нөхөж орсон бөгөөд нөхөөстэй давхацсан нь мөнөөх 6-р сэдэв юм. Үүнээс улбаалан хичээл нөхөж орох нь сургалтын чанарт сөрөг нөлөөтэй гэсэн таамаглал урган гарч байгаа бөгөөд үүнийг боловсрол судлалын чиглэлээр ажилладаг эрдэмтэн багш нар анхаарч судлаасай.
Эцэст нь оюутан хичээлдээ биечлэн суугаагүйгээс түүний сурлагын амжилтад мэдэгдэхүйц сөрөг нөлөө илэрч буйг ажигласнаа эргэн санаад энэхүү бичвэрийг дуусгацгаая.