Рандоннер болж унадаг дугуйгаар олон улсын түвшинд нэрээ үлдээв
Парисын Аудокс Клубт бүртгэлтэй Аудокс Монгол албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан Mongolia Randonneurs-ын UB 200K 2025 брэветэд оролцсон нь
Рандоннеринг бол дугуйн спортын урт зайн нэг төрөл бөгөөд зарим газар үүнийг аудокс (Audax) гэдэг. Түүнчлэн рандоннерингийн арга хэмжээг брэвет гэж нэрлэдэг. Энэ дашрамд дурдахад brevets гэдэг нь франц хэлээр гэрчилгээ гэсэн утгатай ажээ. Брэветэд оролцогчид дор хаяж 200 км замыг тогтоосон хугацаанд туулахыг зорьдог ба ингэж чадсан дугуйчинг рандоннер гэнэ.
2025 оны 7 сарын 5-ны өдөр Cube Bikes Mongolia дэлгүүр үүний цаадах компани албан ёсны эрхтэйгээр UB 200K 2025 брэвет зохион байгууллаа.

Энэ нь дугуйн спортын эх орон гэж болох Франц улс дахь Audax Club Parisien клубийн нэрийн дор албан ёсоор зохион байгуулж буй арга хэмжээ байсан тул үүний талаар мэдсэн даруйдаа 5 сарын 21-нд бүртгүүлсэн байлаа.
Товлосон өдөр боллоо. Цаг агаар манай тал буюу бороо шороогүй сайхан өдөр болох шинжтэй. Харин баруун хойноос багагүй салхитай байхаар дүр зураг цаг агаарын прогноз дээр ажиглагдсан нь өдөржингөө үргэлжилсэн. Зайсан дахь Cube унадаг дугуйн дэлгүүр буюу гараанаас гарч Цонжин болдог, Тэрэлжийн модон гүүр, Зуунмод хот, Чингис хаан нисэх онгоцны буудал, Мандалговийн зам ба Зуунмодын замын уулзвар, Өлзийт хороо, Био комбинат гэсэн маршрут даган явсаар Cube унадаг дугуйн дэлгүүр дээр барианд орно.
Зам бараг бүхэлдээ засмал буюу асфальтан хатуу хучилттай тул грэвел буюу шороон замын дугуйгаа уналаа. Нийт оролцогчдын дотор уулын дугуйтай хүмүүс мэр сэр л харагдана. За тэгээд унадаг дугуй болон бэлтгэлжилт зэргээрээ эрэмбэлэгдэн эхний бүртгэлийн цэг хүрэх замд л оролцогчид шигшигдэн цуварч эхэллээ. Энэхүү брэвет арга хэмжээнд эхнэртэйгээ хамт бариадах учиртай тул гонжирсон цувааны толгой руу зүтгэсэнгүй өөрийгөө татасхийгээд л жийлээ. Бас өдөржингөө жийх нь тодорхой тул зам зууртаа амсхийж, унд хүнсээр эрч хүчээ нөхсөөр явлаа.

Богд уулыг нар зөв тойрохоор л миний дугуй хагарчихдаг юм. Маш этгээд давхцал. Халзан дугуйтай явцгаадаг "муу жолооч" нар, миний өөрийн дүрмийн дагуу автозамын баруун гар тал руу шахаж явдаг дадал л үүний шалтгаан байж таарна. Ямартаа аль тэртээд ийн шүлэглэсэн байх вэ дээ. Энэ удаад ч бас л тросс шивсэн. Запас олгойгоо сольж тавиад замаа үргэлжлүүлэн хөөсөн. Угаасаа брэветийн удирдамж дээр энэ мэт эрсдлээ оролцогч өөрөө хариуцна гэж заасан билээ. Удирдамжийн гол санаа болох замд зөвхөн өөрөө өөрийгөө л хариуцаж явна гэдэг нь Улаанбаатар уулын дугуйн клубийн зохион явуулдаг унадаг дугуйтай аяллын журам, үүнээс нэн ялангуяа Долоон давааны сорилготой ижил юм.
Зам зуурын үйл явдлыг ярьвал Монгол ардын үлгэрийнх шиг яваад л байж, яваад л байж гэгч болно. Чилийсэн 200 км зам нь дан засмал тул ёстой жийгээд л байлаа, жийгээд л байлаа гэдгээс өөр онц сонингүй дээ. Сонирхуулъя гэвэл замын уртад нэг залуу хүүтэй баг маягтай болсон, шөрмөс нь татан зам дагуу алхаж явсан, хадуурч давхиад буцаж замдаа нийлсэн дугуйчид гэх мэтчилэн л байх шив дээ. Аа бас Р.Чойном агсаны "Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай" гэж шүлэглэсэн шиг Зуунмод - УБ зам засварын ажлаар хаасан засмал замаас гарч шороон замаар хэсэгхэн ч атугай тоос манарган жийсэн нь ёстой сэргээш болсон гэдгээ хэлэх юм байна шүү. Яс доргиож, булчин сэгсрэх олигтой донсолгоогүй засмал замаар 150 км жийж хамаг бие хөшиж гүйцээд байсан үед ийнхүү автомашин суусан шавар бас ганга жалга тэргүүтэй хачир бүхий хэдэн км шороон замаар жийсэн нь бүтэн биеийн массажад орсон мэт болгосон доо.

Ийнхүү Парисын Аудокс Клубт бүртгэлтэй Аудокс Монгол албан ёсны эрхтэйгээр Монгол улсад анх удаа зохион байгуулсан Mongolia Randonneurs-ын UB 200K 2025 брэвет арга хэмжээнд амжилттай оролцон рандоннер боллоо.