Зургийн нийтлэг форматуудын тухай
JPEG, PNG болон GIF зургийн форматуудын тухай дэлгэрэнгүй таницуулга, харьцуулалт болон хэрэглээнд холбогдох заавар зөвлөмж
Логог JPEG форматаар хадгалсан байхтай тааралдаад мэл гайхахын зэрэгцээ нэлээдгүй цухал хүрлээ. Энэ нь ямар зургийг аль форматаар хадгалах тухай арай нарийвчилбал фото зураг ба график зургуудын ялгаа болон зургийн форматуудын талаарх мэдлэг хомсоос шалтгаалсан байх үндэстэй.
Дашрамд дурдахад зургийг хадгалах форматаа зөв сонгох нь веб хуудасны хувьд уншигдах хурдад эерэгээр нөлөөлөх, хадгалж байгаа фото зургийн хувьд зургийн чанарыг алдагдуулахгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.
Ингээд хамгийн өргөнөөр ашиглагддаг JPEG, PNG, GIF форматуудыг ойлгомжтой хялбараар тайлбарлая.
Суурь ойлголт:
Эхлээд зургийн нэг цэгийг хэрхэн кодчилж хадгалдаг тухай тайлбарлая. Тухайн цэг маань ямар нэг өнгөтэй ба иймд тэр өнгийг л кодлоно гэсэн үг юм. Өнгийг кодлоход ашиглагддаг RGB, Grayscale, Indexed color гэсэн гурван үндсэн стандарт байдаг ба тус бүрдээ онцлогтой. RGB /Red Green Blue үгнүүдийн товчлол/ нь улаан, ногоон ба цэнхэр гурван өнгөөр бусад өнгөнүүдийг гаргаж авдаг. Grayscale нь хараас цагаан луу шилжихэд гарах өнгөнүүд гэж ойлгож болох юм. Харин Indexed color бол тодорхой өнгөний хүрээнд л эргэлддэгээрээ ялгаатай. Ингэхээр эдгээр стандартуудад нийт хичнээн өнгө байна вэ гэдэг асуулт урган гарна. Тэгвэл энэ нь 24 bits /бит/ ба 8 bits зэрэгтэй холбоотой. Үүнийг 24 bit-ийн өнгөний горим дээр жишээлэн тайлбарлая. Уг горимд зургийн нэг цэгийн өнгөний тухай мэдээлэл санах ойд 3 bytes /байт/ зай эзэлдэг. 1 byte = 2^8 bits = 256 bits тул нийтдээ 3 bytes = 768 bits болж байна.
Одоо бүтэн зураг санах ойд хэр их зай /byte-аар/ эзлэхийг жишээн дээр үзье. 800x600 /урт ба өргөн/ цэгийн хэмжээтэй RGB 24 bits горимд хадгалагдсан зураг байг. Тэгвэл энэ зурганд 800 * 600 = 480000 цэг = 0.48 сая цэг /megapixel/ байна. Нэг цэг 3 bytes хэмжээтэй байх тул зураг маань санах ойд 3 bytes / pixel * 480000 pixel = 1440000 bytes = 1.37 MB /мегабайт/ зай эзэлнэ. Floppy /1.44MB багтаамжтай/ дискийг бараг л дүүргэх нь байна шүү дээ. Хэрвээ зургуудаа энэ чигээр нь хадгалаад байвал санах ойд асар их зай эзэлнэ. Иймээс л зургийг хадгалахдаа шахдаг юм.
Зургийн файлын шахалт/compression/-ын хувьд lossless ба lossy гэсэн хоёр төрлийн алгоритм байдаг.
Lossless шахалт нь зургийн чанарыг алдагдуулдаггүй. Мэдээж шахалт л учраас файлын хэмжээ багасах үндэстэй.
Lossy шахалт нь зургийн мэдээллээс хүний нүдний ялгаж чадахгүй хэсгийг цаашилбал тухайн форматын онцлогоос шалтгаалан бүр илүү ихийг ч хаядаг. Ихэнх lossy шахалтын алгоритмууд тухайлбал, JPEG нь шахалтын төвшинг хүссэнээрээ зааж өгөх боломжтой ба тэр хэрээрээ файлын хэмжээ багасдаг.
Форматуудын тухай:
Формат | Дэмжих өнгөний горим ба /bits per pixel/ | Шахалтын төрөл | Шахах алгоритм | Онцлог |
---|---|---|---|---|
JPEG | RGB - 24 bits, Grayscale - 8 bits | lossy | JPEG | шахалтын зэргийг заах боломжтой |
JPEG 2000 | RGB - 24 bits, Grayscale - 8 bits | lossless болон lossy | JPEG2000 | 1992 онд батлагдсан JPEG стандартыг сайжруулсан |
PNG | RGB - 24 эсвэл 48 bits, Grayscale - 8 эсвэл 16 bits, Indexed color - 1-ээс 8 bits, Line Art (bilevel) - 1 bit | lossless болон lossy | ZIP | transparent /нэвт гэрэлтэлт/ дэмжинэ, GIF формат дээр тулгуурлан хөгжсөн |
GIF | Indexed color - 1 to 8 bits | lossless | LZW | зөвхөн стандарт 256 өнгөтэй, frame-үүд агуулах учраас хөдөлгөөнт зураг үүсгэхэд ашиглаж болно |
Эдгээр форматуудыг фото ба вектор зургийн зүгээс харвал:
Төрөл | Фото зураг | График зураг |
---|---|---|
Онцлог | Олон төрлийн өнгө “эмх замбараагүй” холилдсон, текст ба шугам багатай | Цөөн хэдэн өнгөтэй, өнгөнүүдийн уусалттай, нэвт гэрэлтэлттэй, текст ба шугам ихтэй |
JPEG | Тохиромжтой: зургийн чанар алдагдана, файлын хэмжээ бага, EXIF /ямар камераар хэдийд дарсан зэрэг мэдээлэл/ форматыг дэмжинэ /JPEG2000-д дэмжигдээгүй/ | Тохиромжгүй: зургийн чанар алдагдана тухайлбал текст ба шугам бүрзийнэ, өнгөний уусалт булингартана, нэвт гэрэлтэлт устана |
PNG | Чанар: зургийн чанар алдагдахгүй, файлын хэмжээ их, EXIF дэмжигдээгүй | Тохиромжтой: зургийн чанар алдагдахгүй, өнгөний горимоо зөв сонгосон тохиолдолд файлын хэмжээ бага |
GIF | Тохиромжгүй: зургийн чанар тухайлбал өнгө их хэмжээгээр алдагдана, файлын хэмжээ бага талдаа /хангалттай бага биш/ | Онцгой тохиолдолд: стандарт 256 өнгө бүхий зураг, хөдөлгөөнт зураг |
Зөвлөмж:
Зөвлөмж | Фото зураг | График зураг |
---|---|---|
Интернэтэд байрлуулах /хэмжээ/ | JPEG: шахалтыг анхаарна /харьцуулалтыг үзнэ үү/ | PNG: өнгөний горим зөв сонгох |
Хадгалах /чанар/ | JPEG: шахалтыг анхаарна | PNG |
Хөдөлгөөнт зураг | GIF | GIF |
Нэмэлт:
JPEG форматын шахалт буюу зургийн чанар ба файлын хэмжээ хоорондын хамаарлыг сонирхуулъя:
Дээрх зургийн өнгөний горимыг хамгийн оптималаар өгөөд PNG форматаар хадгалахад файлын хэмжээ 1.76KB болсон. Тэгвэл JPEG форматаар хадгалахад файлын хэмжээ хамгийн багадаа 4.19KB л болсон ба үр дүн нь нэг иймэрхүү:
Санамж:
Дахин өөрчлөх, засах зэргээр ажиллах хэрэгцээ шаардлагатай зургийг тухайн зургийг боловсруулсан програмын тусгай форматаар /Photoshop - PSD, GIMP - XCF гэх мэтээр/ хадгалахыг анхаарна биз ээ.