Ажил хайгчдад ажил олгогчид насаар нь ялгаварлаж ханддаг гэсэн яриа их "явах" юм аа. Энэ үнэхээр үнэн болов уу?

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн хүн амын 2009 оны тоон мэдээнд тулгуурлан үүнийг шалгаж үзье.

Шинжилгээнд ашигласан өгөгдөл ба анхан шатны боловсруулалтын үр дүнг хүснэгтээр үзүүлье.

Насны бүлэг Хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын тоо Нийт хүн амын тоо Хөдөлмөр эрхлэлтийн төвшин
25-34 16929 24265 0.6977
35-39 7671 10428 0.7356
40-44 6415 9433 0.6801
45-49 7122 8389 0.8490
50-54 4029 6500 0.6198

Жич: Энд 24 түүнээс доош насныхны мэдээлэл учир дутагдалтай байсан тул зориуд хассанаа дурдах нь зүйтэй болов уу. Мөн 55 наснаас эмэгтэйчүүд тэтгэвэрт гардаг ба уг өгөгдөл маань хүйсийн ялгааг тусгаагүй байсан тул насны дээд хязгаарыг 54 гэж авлаа. Үүнээс гадна хөдөлмөрийн чадвартай хүн амын тоог авмаар байсан боловч тохирох өгөгдөл надад олдсонгүй ээ. Тиймээс нийт хүн амын тоог авчихлаа. Гэхдээ энэ нь шинжилгээний үр дүнд ноцтой нөлөөлөхгүй гэж бодож байна. Учир нь хөдөлмөрийн чадвартай хүн ам 25-54 насныханд бараг адил хуваарилагдчих болов уу.

Хөдөлмөр эрхлэлтийн төвшинг хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоог нийт хүний тоонд харьцуулан жигнэж гаргасан. Өөрөөр хэлбэл тухайн насны хүмүүсийн хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж байгааг авч үзсэн. Тодруулбал 25-34 насныханд харгалзах 0.6977 гэсэн хувь хэмжээ 16929/24265=0.6977 гэж гарсан.

Хөдөлмөр эрхлэлтийн төвшинг диаграмаар үзүүлье.

зураг

Диаграмаас харвал хөдөлмөр эрхлэлтийн төвшин насны бүлгүүдийн хувьд жигдхэн харагдаж байна. Тэгэхээр дээрх "явган" яриа "но"-той болох нь ээ? Хүлээгээрэй, яаран дүгнэлт хийж болохгүй. Үүнийг шалгаж үндэслэх хэрэгтэй.

Тэгэхээр насны бүлгээр ялгаж авсан хөдөлмөр эрхлэлтийн төвшинг жигд тархалттай гэсэн таамаглалыг дэвшүүлж шалгах юм байна. Үүнийг Колмогоровын шинжүүрээр шалгая. Тооцооны үр дүн дараах байдлаар гарч ирж байна.

д.д түүвэр т.т.ф жигд тархалт тархалтуудын ялгаа
1 0.6198 0.2 0.6198 -0.4198
2 0.6801 0.4 0.6801 -0.2801
3 0.6977 0.6 0.6977 -0.0977
4 0.7356 0.8 0.7356 0.0644
5 0.8490 1.0 0.8490 0.1510

Энд, т.т.ф - туршилтын тархалтын функц. Жигд тархалтыг [0,1] хэрчим дээр авлаа. Учир нь хувь хэмжээ багадаа 0, ихдээ 1 утгыг авах юм.

Эндээс абсолют хамгийн их ялгаа буюу туршилтын утга 0.4198 гэж олдож байна. 0.05 итгэх төвшинд харгалзах шижүүрийн утга 0.6074 байна. Туршилтын утга шинжүүрийн утгаас бага /0.4198<0.6074/ байгаа тул 0.05 итгэх төвшинд тэг таамаглалыг няцаах үндэслэлгүй.

Ингээд шинжилгээний үр дүн: хөдөлмөр эрхлэлт наснаас хамаарахгүй. Энэ юу хэлээд байна? Дээрх яриаг үндэслэл муутай л гэж хэлээд байна даа. Магадгүй ийм яриаг ажил хөдөлмөрт дургүй, залхуу, бусдаар зүгээр тэжээлгэх сонирхолтой бэлэнчлэгчид гаргасан юм болов уу?